О.Дөлгөөн
Дэлхийд инженерчлэлээр тэргүүлэгч FLS групп нь баяжуулах үйлдвэрийн тээрэм, бутлах, шигших тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлд нэвтрүүлдэг. Мөн дижитал технологи, автоматжуулалт, засвар үйлчилгээний шийдлүүдийг санал болгож, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үр ашигтай, аюулгүй, тогтвортой байдлыг цогцоор нь хангадаг.
Тус группийн Гүйцэтгэх захирал Микко Кето сүүлийн үеийн технологи, инноваци, тогтвортой ажиллагааг Монголын нөхцөлд тохируулан нэвтрүүлж, уул уурхайн салбарт томоохон хувь нэмэр оруулж буй талаараа бидэнтэй хуваалцлаа.
- Дэлхийн уул уурхайн салбар тэр дундаа Төв Азийн зах зээлийн төлөв байдал болон ирэх 10 жилд тулгарч болзошгүй эрсдэл, түүнээс гарах арга замыг та хэрхэн харж байна вэ?
Төв Азийн бүс нутаг уул уурхайн эрдэс түүхий эдийн ихээхэн нөөцтэй тул боломж ч их, сорилт ч бас бий. юуны түрүүнд тухайн улсын Засгийн газар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголт, зөвшөөрлийн үйл явцыг хэр оновчтой зохион байгуулахаас ихээхэн боломж харагддаг. Уул уурхай бол асар их хөрөнгө шаарддаг салбар учраас хууль эрх зүйн орчин нь ойлгомжтой, тогтвортой, урьдчилан таамаглах, урт хугацаанд төлөвлөх боломжтой орон хөрөнгө оруулагчдын сонирхлыг илүү татдаг.
Харин зөвшөөрөл олголт удаашрах, бодлого тодорхой бус байх нь хөрөнгө оруулалтыг сааруулж, төслүүдийг хойшлуулах, хугацаа алдах өндөр эрсдэл дагуулдаг.
Эрдэс баялгийн нөөцийн талаарх мэдээллийн ил тод, олон улсад нээлттэй байдал болон төр, засгийн тодорхой, тогтвортой бодлого хосолсноор ирэх жилүүдэд төв азийн зах зээл руу чиглэсэн хөрөнгө оруулалт нэмэгдэж, дэлхийн уул уурхайн тэргүүлэгч компаниудын хувьд хамгийн анхаарал татахуйц бүс нутаг болох бүрэн боломжтой.
- FLS хэрхэн дэлхийн стандартад бүрэн нийцсэн технологийн шийдлүүдийг Монголын уул уурхайн онцлогт тохируулан нийлүүлж байна. Энэ талаар тодруулна уу?
Монгол дахь FLS-ийн баг Европ, Америкт байрлах компанийн технологи хариуцсан мэргэжлийн багуудтай нягт холбоотой ажилладаг. Ингэснээр бидний ашиглаж буй тоног төхөөрөмж, аюулгүй ажиллагааны шаардлага дэлхий даяар ижил түвшинд мөрдөгддөг.
Үүний зэрэгцээ Монголын инженер-геологийн нөхцөл, уурхайн ажиллагааны онцлог, компаниудын хэрэгцээнд тулгуурлан шийдлүүдээ нутагшуулах нь бидний гол зорилт. Харилцагчдынхаа ажлын талбай дээр биечлэн ажиллаж, сургалт зохион байгуулж, олон улсын шилдэг туршлагыг хуваалцсанаар FLS-ийн олон жилийн мэдлэгийг Монголын уурхайд бодитоор хэрэгжүүлж чаддаг. Ингэснээр уурхайн үйл ажиллагааг найдвартай, өндөр гүйцэтгэлтэй байх нөхцөлийг бүрдүүлж байна.

- Монголын уурхайнуудын бүтээмж, аюулгүй ажиллагааг сайжруулахын тулд FLS дэвшилтэт технологийг хэрхэн ашиглаж байна вэ?
Манай компани тоног төхөөрөмжийн ажиллагааг тасралтгүй хянахын тулд хиймэл оюун ухаан (AI) болон дэвшилтэт мэдрэгчийн технологийг идэвхтэй ашигладаг. Тээрэм, флотацын системүүд дээр төрөл бүрийн мэдрэгч, камер суурилуулсан бөгөөд эдгээр камер нь тоног төхөөрөмжийн гадаргуу, үйл ажиллагааны зураглалыг өндөр нарийвчлалтайгаар авч хадгалдаг.
AI нь томоохон зургийн санг ашиглан цаг алдалгүй хэвийн бус шинж тэмдэг, өөрчлөлтүүдийг илрүүлж, тоног төхөөрөмжийн ажиллагааг илүү нарийвчлалтай үнэлэх боломжийг олгодог.
Ийм байдлаар AI болон мэдрэгчийг хослуулснаар тоног төхөөрөмжийн төлөв байдлыг байнга хянах, үйл ажиллагааг оновчтой болгох, бүтээмжийг нэмэгдүүлэх, аюулгүй ажиллагааг сайжруулах зэрэг олон талын үр өгөөжийг уурхайд өгч байна.
- FLS-ийн инноваци Монголын уурхайд үйл ажиллагааны үр ашгийг хэрхэн нэмэгдүүлсэн жишээнүүдээс хуваалцана уу?
Дээр дурдсанчлан,тээрмийн тоног төхөөрөмж дээр бид дэвшилтэт мэдрэгчийн технологи ашиглаж байна. Энэ нь төхөөрөмжийн ажиллагааг оновчтой болгох, эрчим хүчний хэрэглээг бууруулах, эд ангийн элэгдлийг багасгах боломжийг олгодог. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэр FLS-ийн өндөр даралтын булт нунтаглагч (HPGR Pro) технологийг нэвтрүүлж эхэлсэн явдал. HPGR Pro нь хүдэрийг бутлах, нунтагших процессын хамгийн эрчим хүчид хэмнэлттэй шийдлүүдийн нэг бөгөөд Монголын уул уурхайн салбарт технологийн шинэ шат нээсэн алхам болсон.
- Танай компани байгаль орчинд учруулах нөлөөллийг бууруулах үүрэг амлалтуудаа хэрхэн биелүүлдэг вэ?
Манай компани үйлдвэрүүдийнхээ байгаль орчинд үзүүлэх нөлөөг үнэлэхдээ хэд хэдэн гол чиглэлд анхаардаг.
Нэгдүгээрт, цахилгаан болон эрчим хүчний хэрэглээг аль болох бууруулсан технологи боловсруулахыг зорьдог. Хоёрдугаарт, уурхайн усны хэрэглээг оновчтой болгохын тулд үйлдвэрт ашиглагддаг усын 90 хүртэлх хувийг дахин ашиглаж, зөвхөн 10 хувьд нь л цэвэр ус ашиглах зарчмыг баримталдаг. Гуравдугаарт, бид хүдэр дотор байгаа ашигт малтмалыг аль болох ихээр нь гаргаж авахыг зорьдог. Ашигт малтмалын гарцыг нэмэгдүүлэх тусам ижил хэмжээний бүтээгдэхүүн гаргахад боловсруулах хүдрийн хэмжээ багасна. Ингэснээр эрчим хүч, ус болон бусад нөөцийг хэмнэх боломж бүрддэг.
- Уул уурхайн технологийн хувьсал эрчимтэй өрнөж байгаа энэ цаг үед FLS Монголд өрсөлдөх чадвараа хэрхэн хадгалж байна вэ?
Бид өөрсдийгөө уул уурхайн технологи, бүтээгдэхүүний чиглэлээр тэргүүлэгч гэж үздэг. Өрсөлдөх чадвараа хадгалахын тулд зөвхөн технологийн лидер байх төдийгүй бүтээгдэхүүнээ өрсөлдөхүйц үнээр санал болгох нь чухал.
Хамгийн дэвшилтэт технологийг санал болгохын зэрэгцээ хэрэглэгчиддээ хэмнэлттэй байх тэнцвэрийг бий болгох нь бидний гол анхаарал. Үүний тулд бид нийлүүлэлтийн сүлжээ, үйлдвэрлэлийн процессыг тасралтгүй сайжруулж, Монголын уул уурхайн зах зээлд өндөр чанартай, инновацлаг шийдлүүдийг хүргэхийг зорьж байна.
- Бусад улс орнуудаас ямар жишиг туршлагыг Монголын уул уурхайн салбарт хэрэгжүүлж байна вэ?
Монголд шинэхэн мэт боловч дэлхий дахинд аль хэдийнэ нотлогдсон технологид хөрөнгө оруулахын ач холбогдолыг онцолмоор байна. Жишээлбэл, HPGR Pro (Өндөр даралтын булт нунтаглагч) технологи хэд хэдэн улсад амжилттай хэрэгжиж байгаа боловч Монголд харьцангуй шинэ байна.
Мөн Өмнөд Америк, Чили, Перу, Казахстан зэрэг орнуудын туршлагыг ашиглан Монголын уурхайд туршигдсан шийдлүүдийг нэвтрүүлж байна. Энэ нь уурхайн компаниудад шинэ технологийг хэрэглэхдээ эрсдэл багатай шийдвэр гаргах боломжийг олгодог. Уурхайчид ихэвчлэн маш хашир байдаг учраас шинэ технологийг шууд туршилтаар хэрэглэхээс илүү, аль хэдийн бусад зах зээлд амжилттай ашиглагдсан шийдлийг сонгодог.
- Гурван талт хамтын ажиллагаа болон тухайн орны засгийн газартай хамтран ажиллах нь Fls-ийн урт хугацааны амжилтад хэрхэн нөлөөлж байна вэ?
Бид дотоодын ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх сургалт, бусад улс оронд туршлага хуримтлуулж дадлагажуулах боломжуудыг олгодог. Түүнчлэн техникийн мэргэжилтэн бэлтгэдэг боловсролын байгууллагуудад дэмжлэг үзүүлснээр ур чадвартай боловсон хүчний тогтвортой урсгалыг бий болгодог.
Засгийн газартай ойр хамтран ажилласнаар уурхай орчмын иргэд уул уурхайн салбараас бодит ашиг хүртэж байгааг баталгаажуулах боломж бүрдэнэ. Уул уурхай нь эдийн засгийн томоохон нөлөөтэй ч, гагцхүү ашиг тус нь иргэдэд мэдрэгдэхүйц, хүртээмжтэй байх нь чухал шүү дээ. Иргэдийн идэвхтэй оролцоо нь тогтвортой хөгжлийг дэмжиж, уурхайг хариуцлагатай, үр ашигтай ажиллуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
- Уур амьсгалын өөрчлөлт зэрэг ирээдүйн сорилтууд тодруулбал, усны хомсдол болон түүхий эдийн зах зээлийн өөрчлөлтөд хэрхэн бэлтгэлтэй байдаг вэ?
Мэдээж FLS ирээдүйн болзошгүй аюул сорилтод бэлдэхийн тулд тасралтгүй дэвшилтэт технологи хөгжүүлж байна. Бид технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээний хосолмол компани болон хөгжсөн бөгөөд технологи, бүтээгдэхүүний чиглэлээр тэргүүлэх байр сууриа хадгалахыг гол зорилт болгож ажилладаг.
Мөн үйлчлүүлэгчидтэйгээ нягт хамтран ажиллаж, тэдэнд үйл ажиллагаагаа оновчтой болгоход дэмжлэг үзүүлж, усны нөөц хомсдох, түүхий эдийн зах зээл хэлбэлзэх зэрэг сорилтуудыг үр дүнтэй даван туулахад тусалдаг. Манай зорилго бол уул уурхайн салбарт дэлхийд технологийн тэргүүлэгч байж, өөрсдөө ч үйлчлүүлэгчид маань ч ирээдүйн сорилтуудыг амжилттай даван туулах бүрэн бэлэн байх явдал юм.
- FLS үйлвэрлэлийнхээ гүйцэтгэлд тогтвортой хөгжлийн санаачилгыг хэрхэн нийцүүлдэг вэ?
Бидний гол давуу тал нь, ялангуяа баяжуулах үйлдвэрүүдэд тогтвортой хөгжлийн зарчим болон эдийн засгийн үр ашиг нэгэн зэрэг хэрэгждэг явдал юм. Эрчим хүчний хэрэглээг багасгах нь зөвхөн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх төдийгүй үйл ажиллагааны зардлыг ч бууруулдаг.
Уул уурхайн бусад салбаруудтай харьцуулахад зарим тогтвортой хөгжлийн санааччилгууд өндөр өртөгтэй байж болох ч, угтаа үйлдвэрүүдийн үйл ажиллагааг илүү үр ашигтай болгож, тогтвортой үр дүнд хүрэхэд дэмжлэг үзүүлдэг. Иймэрхүү олон талташиг тус эдийн засгийн болон экологийн зорилгыг зэрэг хангаж байгаагийн томоохон илрэл юм.
Баярлалаа!