
“Эрдэнэс Алт Ресурс” компани эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлж, ордыг иж бүрэн ашиглаж чадсан үзүүлэлтээрээ “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд дундаас тэргүүллээ.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд “Уурхайчдын өдөр”-ийг угтан 2025 оны үйл ажиллагаагаа дүгнэж, тайлангийн хурлаа хийн тус онд геологи хайгуул, эрдэс баялгийн нөөц, санхүү, үйлдвэрлэлийн үзүүлэлтээрээ тэргүүлсэн нэгдлийн шилдэг компаниудыг тодрууллаа. Эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлж, ордыг иж бүрэн ашиглах чиглэлд “Эрдэнэс Алт Ресурс” ХХК манлайллаа.
“Эрдэнэс Алт Ресурс” ХХК байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд хамгийн бодитой дэмжлэг болгон хүртээхэд том үүрэг гүйцэтгэсэн. Тодруулбал иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн хүрээнд 6 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй 228.6 мянган иргэн,1 сая хүртэлх зээлтэй байсан 194.1 мянган иргэн, тэтгэврийн зээлгүй байсан 43.9 мянга, нийт 466.6 мянган ахмад настан тус компанийн эзэмшлийн Салхитын мөнгө-алтны ордын өгөөжийг хүртээд байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд тус компани 600 тэрбум орчим төгрөгийн мөнгөн хөрөнгийг хуримтлуулсан байна. Үүнээсээ Эрдэнэс бондын төлбөрт 295.5 тэрбум төгрөг, улс, орон нутгийн төсөвт 295.9 тэрбум төгрөгийн татвар, төлбөр хураамж хэлбэрээр тус тус төлж ажиллажээ. 2021 оноос хойш буюу “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-тай үйл ажиллагаагаа нэгтгэхээс өмнө хуримтлагдаад байсан татварын өр төлбөрийг бүрэн барагдуулж, 2025 оны гуравдугаар улирлын байдлаар улс болон орон нутгийн татварын өр төлбөргүй ажиллаж байна.
Салхитын мөнгө-алтны ордын нөөц бага, орд ашиглах анхны ТЭЗҮ-ээр тооцоолсон нөөц боломж нь хязгаарлагдмал буюу 409 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах тооцоотой байсан бол одоогоор “Эрдэнэс Алт Ресурс” ХХК тус ордынхоо үйлдвэрлэлийн ашгийг 600 тэрбум төгрөгт хүргэж төлөвлөгөөгөө даруй 180 гаруй тэрбум төгрөгөөр давуулан биелүүлээд байгаа юм.
Мөн 2025 онд нэгдлийн компаниудаас менежментийн үйлчилгээг хамгийн сайн хэрэгжүүлэгчээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК, улсын төсөв, санхүү, гадаад валютын нөөцөд оруулсан хувь нэмрээр “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ тус тус манлайлсан байна. “Эрдэнэс Монгол” ХХК нэгдлийн зарчмаар ажилласны үр дүнд бүрэлдэхүүн компаниудын санхүүгийн үзүүлэлтүүд сайжирч, 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 12.9 их наяд төгрөгийн борлуулалтын орлого, 2.2 их наяд төгрөгийн цэвэр ашиг олж, 3.0 их наяд төгрөгийн татварын орлогыг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр байна. Мөн уул уурхайн экспортын үр дүнд улсын гадаад валютын нөөцийн 80%-ийг бүрдүүлжээ.
Эх сурвалж: “Эрдэнэс Алт Ресурс” ХХК