Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Оюутолгойн хянан шалгах түр хороо тайлангаа УИХ-д танилцууллаа

Б.Төгс

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Оюутолгойн асуудлаар байгуулагдсан УИХ-ын хянан шалгах түр хорооны тайлан, шийдвэрийн төслийг (2025.12.19) танилцууллаа. Нэгдүгээр сарын 2-нд уг хянан шалгах түр хорооны хугацаа дуусгавар болох бөгөөд энэ хугацаанд багтаан түр хорооны шийдвэрийн төслийг УИХ-аар эцэслэн батлах ёстой юм.

Тодруулбал өнөөдрийн чуулганы хуралдаанаар хянан шалгах түр хорооны гаргасан УИХ-ын тогтоолын төслийг түр хороонд нь буцаах шийдвэр гаргасан бөгөөд түр хороогоор дахиж хэлэлцээд, УИХ-ын ЭЗБХорооны санал дүгнэлтийг нэгтгээд оны өмнө нэгдсэн чуулганаар эцэслэн батлах юм байна.

Байгуулагдсан цагаасаа хойш өнгөрсөн таван сарын хугацаанд уг хянан шалгах түр хороо нийт 13 удаа хуралдаж, 25 тогтоол баталж, нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 12 дугаар сарын 8, 10, 12-нд хийсэн. Энэхүү нээлттэй сонсголоос хийсэн нэгдсэн санал дүгнэлтийг хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ийн танилцууллаа.

Тэрбээр, “Нэгдүгээрт, хөрөнгө оруулагч талтай гэрээ байгуулах зарчим удирдамжийг тодорхойлсон УИХ-ын тогтоол, ҮАБЗ-ийн зөвлөмж, УИХ-ын ЭЗБХ-ны тогтоол, бодлогын баримт бичгүүдийг баримтлан ажиллагаагүйгээс Монгол Улсын хуульд нийцээгүй шийдвэр, үйл ажиллагаа давтагдаж Монголын талд ашиггүй нөхцөлийг бий болгож иржээ. УИХ-ын 2008 оны 40 дүгээр тогтоол болон 2009 оны 57 дугаар тогтоолоор Засгийн газарт өгсөн чиглэлүүд нь үр ашигтай Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчийн гэрээ байгуулах боломжийг олгосон боловч Засгийн газраас гэрээ байгуулахдаа Монгол улсын холбогдох хууль тогтоомжид нийцээгүй, шаардлагыг хангуулаагүй нь Монголын талын Оюутолгой төслөөс хүртэх өгөөжид сөрөг нөлөө үзүүлсэн байна. Гуравт, эрх бүхий байгууллагаас батлуулсан ТЭЗҮ-гүйгээр гэрээ байгуулах, төслийн санхүүжилтийн олон жишиг хэлбэрүүдээс хамгийн ашиггүй хувилбар болох өндөр хүүтэй зээлийг сонгох, шийдвэр гаргах үйл явц Монголын талын оролцоог хязгаарласан нь хөрөнгө оруулагч талд давуу байдлыг бий болгох, өгөөж хүртэх хувь хэмжээг гэрээнд баталгаажуулаагүй зэрэг нь 20 тэрбум ам.долларын өр хуримтлагдан Монголын талын ногдол ашиг авах хугацааг тодорхойгүй байдалд хүргэжээ.

Төслийн хэрэгжилтийн явцад Монгол Улсын Их хурал, Засгийн газар, төрийн аудитын байгууллагаас ажлын хэсгийн хүрээнд санал дүгнэлт, зөвлөмж гаргасан боловч тэдгээрийн хэрэгжилт хангалтгүй, бодит үр дүнд хүрээгүй байна. УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилт хангалтгүй байна. Бүрэн хэрэгжсэн арга хэмжээ байхгүй байна. 2021 оны 103 дугаар тогтоолын хэрэгжилт удаашралтай байгаа тул хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай. Төсөлтэй холбоотой баримт мэдээллийг нууцалж, төр, олон нийтийн хяналтаас гадуур байлгах сонирхол, хандлага Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үеэс хэвшиж тогтсон байна. Төсөлтэй холбоотой шийдвэр, баримт бичгийг хуульд зааснаас бусад тохиолдолд нууцаас гаргаж ил болгох, цаашид нийтэд мэдээлэх зарчмыг баримталж харилцан ойлголцол, итгэлцлийг урт хугацаанд бүрдүүлэх шаардлагатай.  Дээрх дүгнэлтийг үндэслэн хянан шалгах түр хорооноос Оюутолгойн бүлэг ордын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилтыг богино хугацаанд бодитой хэрэгжүүлэх үүднээс дараах саналыг дэвшүүлж байна. Үүнд,

Нэгдүгээрт, Стратегийн ач холбогдол бүхий Оюутолгойн бүлэг ордын хил заагт орших Жавхлант, Шивээ толгой ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой шийдвэр, ажиллагааны хууль зүйн үндэслэл, хуульд нийцсэн байдлыг нягтлах, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлүүдийг цуцлах хүртэл арга хэмжээ авна. Ашиглалтын үйл ажиллагаанд Монгол улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох санал боловсруулах. Ирээдүйд Монголын тал хүртэх үр өгөөжид сөрөг нөлөөлөл, үр дагавар бүхий санхүүжилт, хөрөнгө оруулалтын аливаа үүрэг хариуцлагыг хүлээхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх.

Хоёрдугаарт, Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосны хэрэгжилтийг харилцан дүгнэх, алдагдсан боломжийн өртгийг тооцож дүгнэлт гаргах, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн  нэмэлт өөрчлөлт оруулах, түүнд холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгийг нийцүүлэх, хувь нийлүүлэгчийн болон гуравдагч этгээдийн санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээг зах зээлийн зарчим, жишигт нийцүүлэн бодитоор бууруулах.

Гуравдугаарт, Стратегийн ач холбогдол бүхий Оюутолгойн бүлэг ордын Геологи судалгааны ажлыг үргэлжлүүлж, үйлдвэрлэлийн нөөцийг өсгөх замаар тус ордын үнэ цэнийг нэмэгдүүлэх, ашиглалтын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах.

Дөрөвдүгээрт, Монголын талын үр өгөөжийн хувь хэмжээ 53%-иас доошгүй байх нөхцөлийг баталгаажуулан холбогдох гэрээнд тусгах, Оюутолгой компанийн жилийн тайланд талуудад ногдох үр өгөөжийн тооцоог тусгайлан тайлагнах. Уг хувь хэмжээг таван жил тутам харилцан хянан үзэх зарчмыг нэвтрүүлэх зэрэг болно.

Хяналт шалгалтын үйл ажиллагаа амжилттай болоход нэгдмэл бодлогоор тууштай дэмжиж хамтран ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, эрхэм гишүүд, УИХ-ын хянан шалгах түр хороо болон Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсгийн гишүүдэд талархал илэрхийлье.

Хянан шалгах түр хорооноос санаачилсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ хэлэлцэж баталснаар Монгол Улсын эрх ашиг хангагдана гэдэгт Хянан шалгах түр хорооны зүгээс бүрэн итгэж байна.

Монгол Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Хянан шалгах түр хороо бүрэн эрхээ хэрэгжүүлж санал дүгнэлтээ танилцуулсан тул түр хороог татан буугдсанд тооцож УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэв.