Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Монгол Улсад олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоо 2,773 болжээ

Т.Бямбанаран

Монгол Улсад олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоо болон хамрах талбайн хэмжээ 2021–2025 оны хооронд ерөнхийдөө тогтвортой өсөх хандлагатай байгааг Ашигт малтмал, газрын тосны газраас гаргасан сар бүрийн тайлан мэдээ харуулж буй.

2021 оны эцсээр 2,636 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байсан бол 2025 оны 11 дүгээр сарын байдлаар энэ тоо 2,773 болж нэмэгджээ. Нийт тусгай зөвшөөрлийн дийлэнхийг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэлж байгаа бөгөөд тухайн хугацаанд 1,745-аас 1,768 хүрч өссөн ажээ. Харин хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 2022 онд 831 болон буурч, улмаар 2023–2025 онд 1,000 орчимд тогтворжсон. Үүнээс үзвэл шинэ хайгуулын идэвх хязгаарлагдмал, харин өмнөх хайгуул судалгааны мэдээлэл, илрүүлсэн нөөцөд суурилсан ашиглалт давамгайлж байгааг илтгэнэ.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий нийт талбайн хэмжээ 2021 онд 6.15 сая га байсан бол энэ онд 6.93 сая га-д хүрчээ. Үүний дотор ашиглалтын талбай 1.77 сая га байснаас 1.91 сая га хүртэл өссөн нь олборлолтын үйл ажиллагааны газарзүйн хамрах хүрээ тэлж буйг харуулж байна. 

Нийт тусгай зөвшөөрөлтэй талбайн Монгол Улсын нутаг дэвсгэрт эзлэх хувь 4.4 хувь болж өссөн бөгөөд сүүлийн гурван жилд энэ үзүүлэлт тогтворжжээ. Үүнийг задлан авч үзвэл ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн хэмжээ 1.1–1.2 хувь, харин хайгуулынх 2.8–3.2 хувьд хэлбэлзэж байгаа юм.