Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Перугийн 4.8 тэрбум долларын үнэтэй Newmont уурхайн талбайд хууль бус олборлогчид алт ухаж байна

Ч.Сансар

Перугийн хойд хэсэгт оршдог олон тэрбум долларын үнэтэй алтны төслийн талбай руу хууль бус олборлогчид дайрсан  гэж засгийн газрын өндөр албан тушаалтан мэдэгдэв.

Cajamarca бүс нутагт зогсонги байдалд орсон Newmont корпорацийн Minas Conga төслийн талбай руу "хууль бус олборлогчид дайран орж, хэсэгчлэн ашиглаж байна" гэж Ерөнхий сайд Эрнесто Альварез Баасан гарагт сэтгүүлчдэд мэдэгдэв.

Денверт төвтэй Newmont компани хууль бус олборлогчидтой  тулгарч буй дэлхийн томоохон компаниудын нэг нь юм. Учир нь алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрч, орон нутгийн ядуу иргэд алт ухах сонирхол ихэссэн байна. Мөн Southern Copper Corp, First Quantum Minerals Ltd., болон MMG Ltd зэрэг компаниуд гар аргаар олборлогчид өөрсдийнх нь уурхайн талбайд нэвтэрч, ажлын явцыг удаашруулж байна гэж мэдэгджээ.

4.8 тэрбум долларын үнэтэй Conga төслийг 2010 онд байгаль орчны зөвшөөрөл авсных нь дараа фермерүүд эсэргүүцэж зогсоож чадсан. Newmont компани тус төслийн ашигт малтмал олборлох эрхийг эзэмшсээр байгаа.

Ерөнхий сайд Альварес хэлэхдээ: “Өндөр шаардлага хангасан, хууль ёсны олборлолт хийгдэхгүй бол, тэр орон зайг хууль бус олборлогчид эзэлдэг” гэжээ.

Перугийн эрх баригчид хууль бус олборлолттой холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй байна. Засгийн газар нь “Reinfo” гэх маргаан дагуулсан зөвшөөрлийг сунгахыг дэмжсэн. Уг зөвшөөрөл нь бичиг баримтгүй, албан бус олборлогчдод ажиллах боломж олгодог. Харин Перугийн Уул уурхайн үйлдвэрлэлийн танхим болох SNMPE нь "Reinfo"-г эрс эсэргүүцэж байгаа аж.

“Орон нутгийн иргэд газар тариаланг илүүд үздэг учраас Conga төсөл хэрэгжих ёсгүй гэж ярьдаг байсан. Гэтэл одоо Conga орчмоос эх авдаг голууд хууль бус олборлолтод нэрвэгдэж, мөнгөн усаар бохирдож байна. Энэ бол маш аймшигтай явдал” гэж Альварес үргэлжлүүлэн хэллээ.

Эх сурвалж: mining.com