
Ч.Сансар
Орос, Хятадыг холбох хийн хоолойн төсөл “маш их ажил, яриа хэлэлцээр, тохиролцоо” шаардана гэж Хятадын ахлах судлаач Лу Рукуан (2025.12.11) мэдэгдлээ.
Сүүлийн жилүүдэд Орос улс "Сибирийн хүч 2" хийн хоолой барих гэрээг Хятадтай эцэслэн байгуулах тал дээр эрчимтэй ажиллаж байгаа билээ. Есдүгээр сард Ерөнхийлөгч Путины Хятадад хийсэн айлчлалын үеэр уг хоолойг барих тухай санамж бичгийг Оросын тал олон нийтэд танилцуулсан.
Хятадын Үндэсний Газрын Тосны Корпорацийн Эдийн засаг, технологийн судалгааны хүрээлэнгийн ерөнхийлөгч Лу Рукуан 2025 онд зохиогдсон Олон улсын эрчим хүчний чуулга уулзалт дээр "Сибирийн хүч" зэрэг томоохон хийн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд дор хаяж 8-10 жил шаардлагатай гэж хэлжээ.
Энэ төсөл нь "Орос, Хятадын хоорондох хамтын ажиллагаа, сайн харилцааны зорилтод нийцэж байгаа ч уг хоолойг барихад хүмүүсийн бодож байгаагаас урт хугацаа зарцуулагдана” гэж S&P Global Energy компанийн дэд дарга Даниэл Ергин дурдлаа.
"Тус төслийг эхлүүлэхээс өмнө шийдэх ёстой маш олон нарийн асуудлууд байгаа" гэж Ергин нэмж хэлэв. "Орос, Хятад хоорондын хамтын ажиллагаа ямар ч өндөр түвшинд байж болно, гэхдээ талууд байгалийн хийн үнэ дээр тохиролцоогүй л байгаа" гэжээ.
Орос улс 2019 оны сүүлээр "Сибирийн хүч" хоолойгоор Зүүн Сибирээс Хятад руу хий нийлүүлж эхэлсэн. Энэ онд уг хоолой 38 тэрбум шоо метрийн бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлнэ гэж тооцоолж байгаа юм байна.
Есдүгээр сард Путины Хятадад хийсэн айлчлалын үеэр "Сибирийн хүч" хоолойгоор нэмж 6 тэрбум шоо метр хий нийлүүлэхээр тохиролцсон. Түүнчлэн, Хятад улс Алс Дорнодын чиглэлээр Сахалин арлаас нэмж жилд 2 тэрбум шоо метр хий импортоор авахаар тохиролцжээ. Алс Дорнодын импорт 2027 онд эхлэх төлөвтэй байгаа бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллах үед жилд 12 тэрбум шоо метр хий нийлүүлэх боломжтой гэж талууд тооцоолж байгаа аж.