Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

С.ЭРДЭНЭБАТ: ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САН ЦААШИД БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫГ ТҮЛХҮҮ САНХҮҮЖҮҮЛНЭ

Цомхон бүтэцтэй хэрнээ маш ихийг амжуулж буй "Говийн оюу" хөгжлийг дэмжих сан (ХДС) үйл ажиллагаагаа эхлээд 10 жил болж байна. Ойн арга хэмжээний үеэр "Говийн оюу" ХДС-ийн Гүйцэтгэх захирал С.Эрдэнэбаттай сангийн үйл ажиллагааны үйл явц, онцлогийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. 

"Говийн оюу" ХДС 10 жилийн ойтойгоо золгож байна. Энэ хугацаанд санхүүжүүлсэн олон төсөл байна. Юун түрүүнд, сангийн талаар манай  уншигчдад танилцуулах уу?

"Говийн оюу" ХДС нь Өмнөговь аймаг, Ханбогд сум, "Оюу толгой" компанийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээг хэрэгжүүлэх үүрэгтэй байгуулагдсан Төрийн бус байгууллага юм. Гурван талын төлөөлөл 2011 оноос эхлэн эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, ус, говийн онцлог гэх зэрэг бүхий л чухал хүрээг хамруулан хэлэлцэж, улмаар Хамтын ажиллагааны гэрээ 2015 оны 4 дүгээр сарын 22-нд байгуулсан.

Тухайн үедээ Монгол Улсын Ашигт малтмалын тухай хууль, төслийн хөрөнгө оруулагч Рио Тинто компанийн олон улсад, ялангуяа орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлдэг стандартын дагуу энэхүү гэрээг байгуулсан. Хамтын ажиллагааны гэрээний гол агуулга нь Өмнөговь аймгийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой бөгөөд төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд "Оюу толгой” компаниас жил бүр 5 сая ам.доллар, түүнтэй тэнцэх төгрөгийн санхүүжилтийг олгохоор болсон юм. Аймгийн тогтвортой хөгжил, хүн ардын сайн сайхан амьдралыг сайжруулахад чиглэсэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх тухай заалттай уг гэрээний хэрэгжилтийг хангах "Говийн оюу" ХДС ТББ-ыг "Оюу толгой" компаниас 2015 оны 9 дүгээр сарын 25-нд үүсгэн байгуулсан. Санхүүжилтийг Харилцааны хороо, Удирдах зөвлөл шийдвэрлэдэг. 

Санхүүжилтийн хүрээ, хөрөнгө оруулалт хийх үйл явц хэрхэн явагддаг вэ?

Төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхдээ Өмнөговь аймгийг бүхэлд нь хамруулахыг зорьдог. Хүн ам хамгийн ихээр төвлөрдөг аймгийн төв, Ханбогд сум болон бусад суманд нийгэм, эдийн засгийн амьдрал, хүн ардад тулгамдаж буй асуудлыг тусгасан төсөл, хөтөлбөрийг боловсруулж Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар санаачлан хамтын ажиллагааны хэрэгжилтийг зохион байгуулах үүрэгтэй Харилцааны хороонд ханддаг. Уг хороо "Оюу толгой" компани болон орон нутгийн төлөөллөөс бүрдсэн 13 хүний бүрэлдэхүүнтэй. Тус хорооны орон нутгийн төлөөллийг аймаг, сумдын ИТХ, сумдын төлөөлөл, орон нутгийн удирдлагууд бүхий 9 гишүүн бүрдүүлдэг. Харин компанийн зүгээс орон нутгийн харилцаа, сургалт, хүний нөөц, байгаль орчин зэрэг хэлтсийн төлөөллүүд оролцсон бүрэлдэхүүн ажилладаг.

Орон нутгийн төсвөөр шинээр барьсан сургуулийн өргөтгөлийн барилгад ширээ сандал, тоног төхөөрөмж авах санхүүжилтийг шийдэж өгнө үү гэсэн хүсэлт ирж байна. Хөдөө сумдаас ирж суралцаж буй хүүхдүүдэд зориулж шинээр байгуулсан дотуур байрны ор, дэрний дутагдлыг санхүүжүүлэх санал мөн ирж байна. Хүүхдүүд сурч хүмүүжихтэй холбоотой тэдгээр төсөл хамгийн эхэнд эрэмбэлэгддэг.

Удирдах зөвлөл хуралдаж, Харилцааны хорооны эрэмбэлсэн орон нутгаас санал санаачилгаар ирүүлсэн төслүүдийн алийг нь санхүүжүүлэхийг шийдвэрлэнэ. Хэрэв санхүүгийн хувьд тодруулах зүйл гарвал батлахгүй байж болно. Батлагдсан төслүүдийн хэрэгжилтийг захиалагч тал буюу орон нутгийн захиргаа хариуцдаг. Ерөнхийдөө "Оюу толгой" компаниас олгосон орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх төсөл, хөтөлбөр хэрэгждэг зарчим маань энэ.

Өнгөрсөн хугацаанд "Говийн оюу" ХДС-аас 500 гаруй төсөл санхүүжүүлсэн байна. Хамгийн жижиг нь 3 сая төгрөгийн малчдын малын тэжээлийн ургамал тариалсан төсөл байна. Хамгийн том нь 20-иод тэрбум төгрөгөөр барьж байгуулсан 1200 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн иж бүрэн цогцолбор. 10 гаруй тэрбум төгрөгөөр боссон Өмнөговь аймгийн музей болох Говийн байгаль, түүхийн музей 2022 онд Монгол улсын Шилдэг барилгаар шалгарсан. Хамгийн багадаа 3 саяаас эхлээд 10-20-иод тэрбум төгрөгийн төсөвтэй төслүүд байна. Нутагтаа тэжээл тарьдаг болох нь ч малчдад чухал, 1200 хүүхдийг нэг удаадаа авах хүчин чадалтай сургууль ч чухал. Орон нутагт чухал гэсэн том, жижиг бүхий л төслийг санхүүжүүлэхийг зорьж ажилладаг.

Нийт 500 гаруй төсөл хэрэгжүүлсэн байна. Сангийн хөрөнгө оруулалтын дийлэнх нь Даланзадгад, Ханбогд сумдад зарцуулагджээ. Гэхдээ бусад сумдад ч мөн тодорхой хэмжээгээр санхүүжилт олгосон байна. Зарцуулалтын онцлогийг дэлгэрүүлж яривал?

Санхүүжилтийн удирдамжийн дагуу сангийн мөнгө Өмнөговь аймагт бүхэлдээ зарцуулагдах ёстой. Гэхдээ хүн ам хаана төвлөрч байна, тэнд мэдээж олон асуудал байдаг учраас төвлөрлийг дагаад Ханбогд суманд, ялангуяа Даланзадгад суманд нийгмийн дэд бүтцийн санхүүжүүлж байна. Гэхдээ бусад сумдад, олон төслийг алслагдсан, жижиг чухал асуудлыг орон нутгийн захиргаанаас гэлтгүй тулгамдсан эрэмбэлсэний дагуу мөн адил хөрөнгө оруулалт хийгдэж байна.

Бид арваадхан хоногийн өмнө Баян- Овоо суманд 100 хүүхдийн цэцэрлэг 5 орчим тэрбум төгрөгөөр байгуулахаар аймгаас санаачилсны дагуу Харилцааны хороо, Удирдах зөвлөлөөр хэлэлцээд санхүүжүүлэхээр баталсан. Аймгийн урд хил дээр орших 1700 хүнтэй жижгэвтэр сум.

Гэвч бүр 60, 70-аад оны үед баригдсан цэцэрлэгийн барилга чийг авч. мөөгөнцөртөөд хүүхэд сурах боломжгүй болчихсон. Тиймээс шинээр цэцэрлэгийн барилга барих зайлшгүй хэрэгтэй болсон. Тэгэхээр алслагдсан сумдад хэрэгцээн дээр нь тулгуурлаад санхүүжилт олгоод явж байна гэж ойлгож болно. 

Хоёрдугаарт, “Оюу толгой” компаниас олгож байгаа санхүүжилтийг аль болох л Өмнөговь аймгийн өнцөг булан бүрт хүргэхийн тулд 2018 оноос эхлэн санхүүжилтийн удирдамжид өөрчлөлт оруулан Санхүүжилтийн квот олгож эхэлсэн. Тэр нь зарим суманд 150 гаруй сая төгрөг, заримд нь 200 сая төгрөг, хамгийн их нь Ханбогд суманд 300 сая төгрөгийг жил болгон санхүүжилтийн квот хэлбэрээр олгоод байна. Санхүүжилтийн эрхийн хүрээнд сумын иргэд, байгууллагууд тухайн жилдээ сумандаа тулгамдаж байгаа асуудлуудаа төсөл хөтөлбөр болгоод санаачлан оруулаад сангийн дүрэм, журмын дагуу санхүүжилтээ батлуулаад явах боломжтойгоороо онцлогтой. Өөрөөр хэлбэл улс, орон нутгийн төсөв дээр төдийлөн суудаггүй, батлагддагүй авч сумандаа тулгамдаж байгаа асуудлууд байдаг. 

Жишээ нь энэ жилийн Санхүүжилтийн квотоор олгогдсон 153 сая төгрөгөөр Сэврэй суманд эмнэлгийн халаалтыг сайжруулсан байна. Сумын уурын зуух, хоорондын халаалтын шугамыг дулаан алдагдалгүй байдлаар илүү дөт замаар холбох асуудлыг шийдвэрлэсэн. Тийнхүү дулаан дамжуулах шугам сүлжээний ажлыг нэг төсөл болгоод хэрэгжүүлснээр энэ өвлөөс эхлээд эмнэлэгт ахмадууд болон жирэмсэн эмэгтэйчүүд дулаан, тав тухтай үйлчлүүлэх боломжтой болсон. Ингэхээр сумдад олгож байгаа санхүүжилтийн квотын гол зорилго маань энэ. Энэхүү асуудлыг Засгийн газарт тавих юм бол төдийлөн хурдан батлагдахгүй. Санхүүжилтийн квот үүнийг шуурхай шийдвэрлэх боломжийг тухайн суманд нь олгож байна. Үр шимийг нь Сэврэй сумын 2600 иргэн хүртэж байна гэсэн үг.

Сангийн үйл ажиллагаа 10 жил хэрэгжлээ. Аймаг, орон нутгийн хөгжилд хэр их хувь нэмэр оруулж байгаа тухай тойм судалгаа байдаг байх. Бизнесийн идэвхжил, аймгийн ДНБ-ийн өсөлт талаас нь тодруулна уу?

Өмнөговь аймаг их онцлогтой. Уул уурхайн том төслүүд үйл ажиллагаагаа явуулдаг аймаг. Ашигт малтмалын тухай хуулийн дагуу АМНАТ- ийн тодорхой хувь нь улсын төсөвт их наядаар тоологдох орлого төвлөрүүлээд цаана нь өөрсдөд нь үлдэх төсөв нь бас их том дүнтэй. Тиймээс томоохон бүтээн байгуулалт хийгдэж байгаа ийм аймаг. 2015 онд бид хамтын ажиллагааны гэрээ байгуулж байхад 5 сая ам.доллар гэдэг нь орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтад нэлээд жин дардаг байсан. Одоо бол мэдээж орон нутгийн төсөв асар их болсон.

Ялангуяа Өмнөговь аймаг бол их наядаар яригдах орлогыг улсад төвлөрүүлээд, өндөр дүнтэй оруулалт бүхий бүтээн хөрөнгө байгуулалтыг орон нутгийн төсвөөрөө хийдэг. Цаг хугацаатай уялдаад мөнгөн дүнгийн хувьд гарааны үед их өндөр нөлөөтэй байсан бол одоо аймгийн өөрийнх нь төсөв их болсон учраас багавтар санагдаж мэднэ. Гэвч нийгэмд үзүүлж буй үр өгөөжийн хувьд их том тоо гарна. Бид хэрэгжүүлж буй төсөл болгоны үр дүнг судалж тооцож гаргадаг. Давхардсан тоогоор 700 гаруй мянган хүн манай төсөл, хөтөлбөрийн үр шимийг хүртэж байна гэсэн тооцоо судалгаа гарсан. Түрүүн хэлсэнчлэн 1200 хүүхдийн сургууль ашиглалтад оруулахад 100 гаруй ажлын байр, нэг хүүхдийн цэцэрлэг ашиглалтад оруулахад 30 гаруй ажлын байр шинээр бий болж байна. Дээрээс нь Баян- Овоо суманд хүүхдийн цэцэрлэг барилаа гэхэд гүйцэтгэгч компани нь Улаанбаатарын компани ирж ажиллаж байна. Мэдээж тэр компани, 5 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийж, төв, орон нутгаас бараа материал худалдаж авна. Баян-Овоо сумаас барилга угсралтын үед түр ажилчид авах зэргээр нарийн тооцвол төсөл болгоны ард дам үр өгөөж маш их байдаг. 

Жишээ Баян-Овоо суманд цэцэрлэгтэй болчих юм бол хүүхдүүдийн эцэг эх нь ажил хийх бололцоо нэмэгдэнэ. Хүүхэд аюулгүй орчинд хүмүүжинэ. Ингэхээр сангаар дамжуулан хэрэгжиж буй төслүүдийн үр шим, дам үр өгөөж маш их байдаг. 

"Говийн оюу" ХДС-ийн хөрөнгө оруулалтаар дамжаад орон нутгийн компаниудын үйл ажиллагаа хэрхэн өргөжиж байна вэ?

Томоохон төсөл хөтөлбөрийн гүйцэтгэгчийг сонгох тухайд, Монгол Улсын Төрийн болон орон нутгийн Өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу төслийн захиалагч нь аймаг болон сумын Засаг даргын Тамгын газар байдаг. Том, жижиг гэлтгүй төслүүдийг ил тод нээлттэй зарладаг. Тийм учраас одоогийн хууль тогтоомжийн мөрдөж буй хүрээ, шаардлага хангасан орон нутаг эсвэл төвийн аль ч компани хамрагдаж ажиллах бололцоотой. "Говийн оюу" ХДС бол зөвхөн санхүүжүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг. Гүйцэтгэгчийг хуулийн дагуу захиалагч тал сонгон шалгаруулж явдаг гэсэн үг.

Тэгэхээр Өмнөговь аймгийн урд хилийн суман дахь 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчээр Улаанбаатар хотын компани ажиллаж байна. Төслүүдийн гүйцэтгэлийн үр дүнд орон нутгийн компаниуд өөрсдөө томорч байгаа давуу тал ч бий. Томоохон төслийг гүйцэтгэсний дараа тухайн компани туршлагын хувьд их ахидаг. Жишээ нь Цогт-Овоо суман дээр бид 15 ортой эмнэлгийн барилгыг орон нутгийн нэлээд шинэвтэрхэн компаниар гүйцэтгүүлсэн. Одоо тус компани техник, машин механизм, болсон байна. Зураг төсөв стандарт нь жил хүчин чадлын хувьд нэлээд том компани болгон шинэчлэгдээд сайжраад шаардлага компаниуд ур чадвараа хөгжүүлж, бас их өндөрсөөд байгаа учраас орон нутгийн өсч байна.

Сангийн хүрээнд бизнесийн хөнгөлөлттэй зээл олгогдож байгаа юм билээ. Энэ талаараа дэлгэрүүлнэ үү?

Орон нутгийн жижиг бизнесийг дэмжих зорилгоор бид хэд хэдэн зээлийн санхүүжилтийн төсөл хэрэгжүүлсэн. Аймгийн эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжих төслийг эхний ээлжинд аймгийн Бизнес, халамжийг дэмжих газартай хамтраад хэрэгжүүлсэн. Ажилгүй эсвэл гэрээрээ байгаа эмэгтэйчүүд хамтраад бизнес эрхлэх төсөлд зориулж олгодог зээлийн хөтөлбөр нь тухайн үедээ үр дүнгээ өгсөн ч тогтвортой байдлын хувьд дутагдалтай санагдсан.

Дараа нь "Говийн оюу боломж" тогтвортой хөтөлбөрийг ХААН Бизнес банктай хамтраад хэрэгжүүлж эхэлсэн. Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа банкуудаас тухайн үедээ сонгон шалгаруулаад тус банк шалгараад одоо 2 тэрбум гаруй төгрөгийг жижиг зээлдэгч нарт олгоод явж байна. Хамгийн анх жижиг зээлдэгчид 30-50 сая төгрөгийн зээл олгож байсан бол одоо үнийн дүн өссөн учраас 80-100 сая төгрөгийн зээл олгох болсон. Өмнө нь зээл сарын 1%-ийн хүүтэй байсан бол одоо 0.6%-ийн хүүтэй, жилийн 7.2%- ийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгогдоод явдаг.

Тавигдах шаардлага бол Өмнөговь аймгийн бүхий л сумдад, хамгийн гол нь эхний ээлжинд эмэгтэйчүүд, залуучуудын бизнесийг дэмжихэд зээл олгож ажиллаж байна.

Төрийн бодлогоор хэрэгждэг ЖДҮ-ийг дэмжих зээл бол голцуу хуулийн этгээдэд олгогддог, дээр нь эргэлтийн хөрөнгө, барьцаа хөрөнгө зэрэг тавигдах шаардлага нь нэлээд өндөр байдаг. Харин манайхаас олгодог зээл харьцангуй уян хатан учраас гарааны бизнес эрхэлж байгаа, эсвэл хийж байгаа зүйлээ ахиулахыг зорьсон хүмүүс авахад боломжтой байдгаараа онцлогтой.

Цаашид сангийн санхүүжилтийг нэмэгдүүлэх боломж бий юу?

Энэ жил манайх 6.4 сая ам.доллар хүлээж авсан. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулах үеийн буюу 2015 оны 5 сая ам.долларын үнэ цэнийг алдагдуулахгүй байх, инфляцтай уялдуулсан зохицуулалт бий. Тэгэхээр санхүүжилтийн нийт дүн одоо 20 гаруй тэрбум төгрөг болж байгаа юм. Цаашид Хамтын ажиллагааны хэмжээг хэрхэн гэрээний талууд хэлэлцэж санхүүжилтийн нэмэгдүүлэхийг хувь шийдвэрлэнэ.

Бүтээн байгуулалтын нийт хөрөнгө оруулалтын зардал болоод чанарыг хэрхэн хянадаг вэ? Түүнчлэн төслүүдийн гүйцэтгэлийн хувь, үзүүлэлтүүд ямар байдаг юм бэ?

Орон нутгийн захиргаа буюу захиалагч төслийн гүйцэтгэгчийг Сонгон шалгаруулдаг. Бид бол зөвхөн санхүүжүүлэгч байгууллага. Захиалагч тал гүйцэтгэгчийн ажлын чанарт хяналт тавих үүрэгтэй. Бидний хувьд, жишээ нь  Баян-Овоо сумын батлагдсан техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу 5 тэрбум төгрөгийн цэцэрлэгийг санхүүжүүлэхээр шийдвэрээ гаргана. Үүний дараа орон нутаг тендер аймгийн зарлаж, шалгарсан компани Засаг даргын Тамгын газартай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулна. Дараа нь манайхаас санхүүжилтийн гэрээ хийнэ. Тэгэхээр захиалагчийн хяналтыг бол аймаг хариуцна гэсэн үг.

Төсөл хугацаандаа, үр дүнтэй дуусаж байна уу гэдэг дээр манай санхүүжилтийн явц нь улсын төсвийн санхүүжилт олгохоос арай өөр байдлаар явагддаг.

Улсын төсвийн төслүүд хэдэн жилээр сунжирч, урьдчилгаа санхүүжилт аваад шав тавиад алга болчихдог компаниуд байдаг. Тэр нь эцэстээ зарим нь хар жагсаалтад орох байдлаар өндөрлөдөг. Манай санхүүжилтийн механизм бол зөвхөн гүйцэтгэлээрээ олгогддог. Жишээ нь Баян-Овоо сумын цэцэрлэгийн гүйцэтгэгч зөвхөн 30%-иа барьж байгуулж байж л манайхаас санхүүжилт авна. Тэр хүртэл өөрийнхөө мөнгөөр санхүүжинэ. Дараагийн санхүүжилтийг олж авахын тулд захиалагчийн хяналт, зохиогчийн хяналт, ашиглалтад авах талын хяналтыг тус тус давна. Энэ явцад суурийн ажил хийгдэж, бетон болон арматурын сорьцоо өгч, суурийн ажил дуусахын алдад гүйцэтгэл 30%-д хүрнэ. Ингээд санхүүжилтээ авна. Гүйцэтгэлийн тайлан, хяналтын тайлан хийлгээд захиалагчаар тайлангаа батлуулаад ирнэ. Үе шатны санхүүжилт болгоны хариуцлагыг аймгийн Засаг даргын Тамгын газар хариуцна. Тэгэхээр манайхаас санхүүждэг төслүүд яг л цаг хугацаандаа хэрэгждэг, хэрэгжиж байна.

Ирээдүйд сангийн үйл ажиллагаа ямар байдлаар үргэлжлэх вэ?

Одоогийн батлагдсан дүрэм журам тогтвортой үргэлжилнэ. Ирээдүйд бид жил болгон сургууль, цэцэрлэг барихаас илүүтэй тогтвортой хөгжлийн хөтөлбөрүүд рүү голлон анхаарна. Боловсрол, эрүүл мэндийн чиглэлийн 5 жилийн хугацаатай хөтөлбөр хэрэгжиж байна. Нэгхэн жилийн дотор багш нарын дунд сургалт явуулаад аймгийн англи хэлний боловсролын түвшин сайжирчихна гэвэл боломжгүй. Дор хаяж 5 жил шаардана.

Ярилцсанд баярлалаа!.