
О. Дөлгөөн
Хятад улс дотоодын газрын тосны олборлолтоо сүүлийн хэдэн арван жилд байгаагүйгээр нэмэгдүүлж, 2019-2025 оны "Долоон жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө"-гөө амжилттай хэрэгжүүллээ. Гэсэн хэдий ч энэ өсөлт нь зөвхөн дотоодын компаниудад үр шимээ өгсөн ба гадаадын хөрөнгө оруулагчид төдийлөн оролцоогүй юм.
Дотоодын газрын тосны олборлолт 2020 онд 3.8 сая баррель/хоногоос 2025 онд 4.3 сая баррель/хоног болж, ойролцоогоор 12%-иар нэмэгдсэн. Энэ нь Хятадын орчин үеийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм. 2020 оноос эхлэн засаг захиргааны хуваарилалтыг зах зээлд чиглэсэн тендер, дуудлага худалдааны системээр сольсон нь дотоодын хувийн компаниудад олборлолтын талбарт орох боломжийг нээсэн.
Томоохон компаниудын гүйцэтгэл:
PetroChina: 2025 онд 2.5 сая баррель/хоног олборлож, тэргүүлсэн.
CNOOC: 2020 оноос 2025 онд 690,000 баррель/хоногоос 900,000 баррель/хоног болж, хамгийн их өсөлтийг үзүүлсэн.
Шинэ нээлтүүд: CNOOC-ийн Бохай буланд хийсэн "Bozhong 26-6" нээлт, PetroChina-ийн Сонляогийн сав газрын "Gulong" дахь 1.15 тэрбум баррелийн нөөц бүхий нээлтүүд гол хөшүүрэг болсон.
2025 онд 23 талбайг хамарсан зургаан лицензийн дуудлага худалдаанд дотоодын хувийн компаниуд оролцсон ч, нэг ч гадаадын компани оролцоогүй. ConocoPhillips болон Chevron зэрэг олон жилийн турш Хятадад үйл ажиллагаа явуулж байсан томоохон компаниуд үйл ажиллагаагаа үндсэндээ зогсоосон.
Импортоос хамааралтай хэвээрээ үлдэв
Дотоодын олборлолт өссөн ч, Хятадын нийт хэрэглээний 70-75%-ийг импорт хангасаар байна. Учир нь Хятадын хамгийн том далайн эргийн үйлдвэрүүд нь Саудын Араб, Орос, Ирак зэрэг орноос авдаг дунд ба хүнд төрлийн хүхэрлэг (sour) импортын түүхий тос боловсруулахад тохируулсан. Харин Хятадын дотоодын олборлолт нь ихэвчлэн хөнгөн, үйлдвэрлэлийн өртөг өндөртэй түүхий тос байдаг тул үйлдвэрлэлийн бүтэц нь импортоос хамааралтай хэвээр байна.
CNOOC болон PetroChina-ийн төлөвлөгөөний ачаар 2026 онд үйлдвэрлэл дахин 70,000 баррель/хоногоор нэмэгдэх боломжтой.
Гэсэн хэдий ч PetroChina-ийн тайлангууд сүүлийн гурван жилд олборлолт эрчимтэй нэмэгдсэнээр нөөц нь 200 сая баррелиар багассаныг харуулсан. Энэ нь Хятадын эрчимтэй олборлолт нь удаан үргэлжлэхгүй, харин бууралтын үе рүү орох хурдасгуур байж болзошгүйг анхааруулж байна.
Oilprice.com