Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

Оюу толгойн сонсгол: Хувь нийлүүлэгчдийн гэрээ, далд уурхайн санхүүжилтийн асуудлаар үргэлжилж байна

УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол гурав дахь өдрөө (2025.12.12) үргэлжилж байна.

Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар сэдвээр шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авна. Тодруулбал, Хувь нийлүүлэгчдийн гэрээ (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон)-ний хууль тогтоомжийн нийцлийн асуудал, тэдгээрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална. Мөн Оюу толгой төслийн санхүүжилт ба далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө, түүний нэмэлт төлөвлөгөөний хамаарал, холбогдох үр дагаврын асуудлыг хэлэлцэнэ. Үүгээр гурван өдөр үргэлжлэх Оюу толгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэх судлах нээлттэй сонсгол өндөрлөнө.

Өнөөдрийн сонсголд нийт 142 гэрч дуудагдсаны 126-т мэдэгдэх хуудас хүргүүлсэн бол 16 гэрчид мэдэгдэх хуудас хүргүүлж чадаагүй байна. Мэдэгдэх хуудас хүлээн авсан гэрчүүдийн 31 нь сонсголд оролцох боломжгүй талаар хүсэлт ирүүлсэн учраас 95 гэрч оролцох аж.

Сонсголын хөндлөнгийн ажиглагч, оролцогчоор Сайн ардчилсан иргэдийн намын төлөөлөл, “Монголын уул уурхайн үндэсний ассоциаци”, “Иргэн та хүч залуусын нэгдэл”, “Татварт иргэний хяналт” төрийн бус байгууллага болон иргэдийн төлөөлөл оролцож байна.

2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн сонсголоор “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудлаар нотлох баримтуудыг шинжлэн судалсан бол 10-ны өдөр “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаварын асуудлаар нотлох баримтуудыг шинжлэн судалсан юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.