Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Евразийн эдийн засгийн холбооны орнуудтай хийх худалдааны түр хэлэлцээрийг баталлаа

-Хэлэлцээрийн үр дүнд Монголын ЕАЭЗХ руу хийх экспорт 24.1% өсөх боломжтой-

УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы (2025.12.12) хуралдаанаар эхлээд Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Уг төслийг Пүрэв гарагийн (2025.12.11) нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд санал хураалтыг хойшлуулахаар шийдвэрлээд байсан юм. Энэ дагуу дээрх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон УИХ-ын 81 гишүүний 68 нь буюу 84%-иар дэмжив. Үргэлжлүүлэн тус хэлэлцээртэй холбогдуулан УИХ-ын тогтоолыг боловсруулан батлуулах агуулга бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

УИХ-ын дарга Н.Учрал “Энэхүү худалдааны түр хэлэлцээр байгуулахыг ийнхүү шийдвэрлэсэн тул холбогдох бэлтгэл ажлыг хангаж, уул уурхайн бус экспортыг дэмжин, хэрэглээний сагсанд байгаа тодорхой бүтээгдэхүүний үнийг бууруулах, инфляцыг бууруулах бодлого, нөхцөл бүрдэх боломж нээгдэж байна” хэмээгээд ажлын хэсгийнхэнд баяр хүргэж, хэлэлцээрийн бэлтгэл хангах талуудад хичээж ажиллахыг хүсэв.

УИХ-аар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг баталснаар олон улсад чөлөөт худалдааны хэлэлцээр хийхэд түгээмэл ашигладаг “Ерөнхий тэнцвэрийн загвар” (GTAP)-ын тооцооллын дагуу хэлэлцээр хэрэгжсэнээр манай улсын ДНБ 0.02%, хөрөнгө оруулалт 2.57%, ЕАЭЗХ руу хийх экспорт 24.1% өсөх боломжтой байна. Монгол Улс хэлэлцээрийн хүрээнд ЕАЭЗХ-ны гишүүн орнууд руу 367 нэр, төрлийн бараанд гаалийн тарифын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлснээр аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдэж, хөдөө аж ахуйн салбарын шинэ зах зээлд нэвтрэх боломж бүрдэж, дотоодын бизнес эрхлэгчдийн гадаад худалдааны туршлага, чадварыг нэмэгдүүлж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түлхэц болох ач холбогдолтой тухай УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.