
А.Халиун
Уул уурхайгаас хэт хараат манай орны хувьд эдийн засгаа солонгоруулах төрийн бодлого хэрэгжиж эхэлсэн ч ойрын жилүүдэд эдийн засгийн бүтцэд дорвитой өөрчлөлт орохгүйг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням мэдэгдсэн.
2022 оноос уул уурхайн бус бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээний судалгааг Монголбанк анх хийж, эхний ээлжинд ноолуурын нийлүүлэлтийн сүлжээг судалжээ.
Монгол Улс жилд 10 мянган тонн ноолуур авдаг. Өртгийг нь тооцож үзэхэд өнөөдөр угаасан ноолуур 30-50 ам.доллар/ кг, самнасны дараа дэлхийн зах зээлд 105 ам.доллар/ кг болж өсдөг. Сүлжих болон эцсийн бүтээгдэхүүн, хувцас болсны дараа 2022 оны дүнгээр 1.4 тэрбум ам.доллар болдог. 2022 онд Оюутолгойн зэсийн баяжмалын экспорт 1.4 тэрбум доллараар хэмжигдэж байв. Эндээс харьцуулж харахад ноос, ноолуурын салбарт маш их нөөц боломж бий хэмээн Төвбанк үзэж, энэ салбарт бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
"Уул уурхайн бус экспорт ба нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт" сэдэвт хэлэлцүүлгийг Монголбанкнаас санаачлан 11 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулсан юм. Хуралд Монголын банкны холбоо, Ноос, ноолуурын холбоо, үйлдвэрлэгчдийн төлөөлөл, арилжааны банкууд, олон улсын санхүүгийн байгууллагуудын төлөөлөл оролцсон байна.

Уул уурхайн бус экспортын орлогын 30 гаруй хувийг бүрдүүлдэг ноос, ноолуурын салбарын хөгжлийн чиг хандлага, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих боломж, салбарын онцлогт тохирсон санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шийдлийн талаар хэлэлцэв.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монгол Улс сүүлийн 20 жилд экспортын түүхий эдээ уул уурхайн салбараас олборлож байна. Үүнээс өмнө уул уурхайн бус экспортын хувь хэмжээ өндөр байсан сүүлийн жилүүдэд 5-7%-тай байна. Бид уул уурхай ба бусад бүтээгдэхүүний экспортыг 50:50%- д хүргэх зорилго тавьж байна. Уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхийн тулд ялангуяа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал.
Цар тахлаас хойш дэлхий дахинд тээвэр, логистикийн сүлжээний саатал гарч, энэ нь улс орнуудын эдийн засагт тодорхой хэмжээний эрсдэл учруулж байна. Тиймээс нийлүүлэлтийн сүлжээг дэлхий нийтээр хамгийн их анхаарах болсон. Энэ утгаар уул уурхайн бус ноос ноолуурын бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх, нэмүү өртөг шингэх үе шат болгонд нь санхүүжилтийг шийдвэрлэх боломжийн талаар бид ярилцах нь зөв.
Угаасан ноолуур гаргахгүй, өртөг шингээж буюу самнаад экспортлох Засгийн газрын шийдвэр энэ жилээс хэрэгжиж, 100% самнасан ноолуур гаргасан.
Монгол Улс 2024 онд 257 сая ам.долларын угаасан ноолуур, 7 сая ам.долларын самнасан ноолуур гаргасан бол 2025 онд 100% самнасан ноолуур гаргасан ба 10 дугаар сарын байдлаар 247 сая ам.долларын самнасан ноолуур экспортлоод байна. Угаасан ноолуур самнахад тодорхой хэмжээний хаягдал гарах боловч угаасан ноолуур нь самнасан ноолуураас 1.8 дахин өндөр үнэтэй.
100% угаах, Монгол Улс ноолуураа самнах хүчин чадалтай боллоо. Цаашид энэ потенциалаа бүрэн ашиглахын дээр дараагийн шат болох 15-20%-тай байгаа утас ээрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай. Тиймээс бид энэ чиглэлд нь нийцсэн санхүүжилтийн схем гаргаж, дараагийн шатны боловсруулалтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, эцсийн бүтээгдэхүүн гаргахад дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллах боломжтой гэлээ.
Монголбанкны Судалгаа, статистикийн газрын хэлтсийн захирал Б.Дуламзаяа "Уул уурхайн бус экспортын нөхцөл байдал, санхүүжилт" сэдвээр танилцуулга хийв.

Тэрбээр, 2024 оны байдлаар уул уурхайн бус салбарт 94 мянга гаруй ААН үйл ажиллагаа явуулж байна. Тэд ДНБ-д 27.8 их наяд төгрөгийн нэмүү өртөг бий болгож, ДНБ-ий 87%-ийг бүрдүүлж байна. Уул уурхайн бус салбарт 1 сая 46 мянган хүн ажилладаг нь нийт ажиллагсдын 75%-ийг бүрдүүлдэг. Тэдний дундаж цалин 2.4 сая төгрөг байгаа нь уул уурхайн салбарынхнаас 2.4 дахин бага. 2024 оны байдлаар 1.1 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн экспортолсон нь уул уурхайн бус салбарын нийт экспортын 7.2%-тай тэнцэж байна.
Санхүүжилтийн хувьд дотоодын банк, санхүүгийн байгуул- лагуудаас 14.6 их наяд төгрөгийн зээл авсан нь банкны салбарын нийт зээлийн үлдэгдлийн 88%-тай тэнцэнэ. Гадаадын хөрөнгө оруулалтын 75% нь уул уурхайн салбарт байдаг.
Тэгэхээр уул уурхайн бус салбар нь дотоодын хөрөнгө оруулалтаас илүү хамааралтай нь харагдаж байна.
Хэдийгээр ажиллах хүч жин дардаг, эдийн засагт өндөр нөлөөтэй ч цалин, бүтээмж багатай учир экспорт болон нэмүү өртөг шингээх шаардлагатай нь харагдаж байна. Уул уурхайн бус салбарын экспортын 35%, нийт экспортын 3-4%-ийг эзлэх ба ноос, ноолууран эдлэл, арьс ширний салбар жилд 400 сая ам.долларын экспорт хийдэг.
Банк, санхүүгийн байгууллагуудын зээлийн хүүг харахад боловсруулах үйлдвэрийн зээлийн хүү дунджаар 11.3%, уул уурхайн салбарынх 14.2% буюу илүү өндөр байна.
Монголбанк 2021 оноос эхлэн үндсэн чиглэлдээ уул уурхайн бус экспортыг дэмжиж, бизнесийн орчныг сайжруулах тухай тусгаж, холбогдох суурь судалгааны ажлуудыг хийсэн. Эхний үр дүнгүүдээс харахад ноос, ноолуур арьс ширний салбарт санхүүжилтийн эрэлт хэрэгцээ байна. Тиймээс 2023 онд Засгийн газартай хамтарч, эхлээд ноолуур бэлтгэхэд зориулж Засгийн газраас хүүний дэмжлэгтэй санхүүжилтийн гэрээ, дараа нь Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хүүний хөнгөлөлттэй гэрээ байгуулсан. 2024 оны 4 дүгээр сард Монголбанкнаас Банкны зээлийн хөрөнгийн үнэлгээ, барьцаа хөрөнгийн журамд өөрчлөлт оруулж, Гэрээний шаардлагад үндэслэн зээл олгож болно гэсэн заалт оруулснаар ААН-үүдэд бизнесийн гэрээгээ барьцаалж зээл олгох боломж нээгдсэн гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2024 оны 12 дугаар сард "Цагаан-Алт" үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, Засгийн газраас арилжааны банкуудтай хамтарч тус хөтөлбөр гэрээ хэрэгжүүлэх байгуулжээ. санхүүжилтийн Хөтөлбөрийн хүрээнд 2024-2026 онд 1.5 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төсөвлөсөн байна. 2025 оны 10 дугаар сарын байдлаар 300 гаруй зээлийн хүсэлт ирснээс 171-ийг нь шийдвэрлэж, 168 зээлдэгчид 473 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
Сүүлийн жилүүдэд явуулсан эдгээр бодлогын үр дүнд зээлийн хүү нь зах зээлийн дунджаас бага, хугацаа нь урт боломжийн түвшинд байна. Гэвч ноолуурын салбар нийт түүхий эдийн 8.4-хөн хувийг эцсийн болгон гаргадаг. Цаашид бүтээгдэхүүн экспортын боловсруулалтыг ахиулж, ДНБ болон экспортын орлогыг нэмэгдүүлэх боломжтой гэж Монголбанк болон бодлого боловсруулагчид үзэж, ноос, ноолуурын салбарынханд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж буй аж.
Энэ уулзалтад Европын сэргээн босголт, хөгжлийн банк, ОУВС, Олон улсын санхүүгийн корпораци, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын банк, санхүүгийн байгууллагын төлөөллүүд оролцов.
Монгол Улс өмнө нь буурай хөгжилтэй орны тоонд орж, олон улсын байгууллагуудаас хөнгөлөлттэй зээл, тусламж авдаг байсан бол одоо энэ ангиллаас гарч, хөгжиж буй улс болсон. Иймд олон улсын байгууллагуудаас зах зээлийн хүүтэй нөхцөлөөр зээл авч, бизнесээ явуулна.
Жишээлбэл, Олон улсын санхүүгийн корпораци өнгөрсөн жил Багануурын 50 МВт- ын батерей хуримтлуурын станцын төслийг санхүүжүүлсэн. Тус байгууллагын Монголд олгох зээлийн хэмжээ нэмэгдэж, 2026 онд 500-700 сая ам.долларыг санхүүжилт төлөвлөснийг Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн дуулгаад, ноос, ноолуурын салбарынхан зээлийн нөхцөл шаардлагыг нь хангаж, санхүүжилт авах боломж бийг сануулав.