Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Ази – Хятадын худалдааны тэнцэл 2025 онд Хятадын талд ашигтай гарсан

Ч.Сансар

Хятадын засгийн газрын статистикийн мэдээгээр, Хятадын Төв Азийн орнуудтай хийсэн худалдаа 2025 оны эхний 10 сарын хугацаанд 2024 оны мөн үетэй харьцуулахад мэдэгдэхүйц өссөн байна.

Киргизстантай хийсэн худалдаа хамгийн их нэмэгдэж, 17.4 тэрбум ам.доллароос 23.6 тэрбум ам.доллар болтол өсчээ. Харьцуулахад Киргизстаны засгийн газрын статистикийн мэдээгээр, 2025 оны эхний 10 сарын байдлаар Киргизстаны ДНБ ойролцоогоор 16.3 тэрбум ам.доллар хүрсэн байна. Тиймээс зөвхөн Хятадтай хийсэн худалдаа гэхэд Киргизстаны ДНБ-ээс их байсан гэсэн үг юм.

Бусад орнуудын хувьд гэвэл Хятадын албан ёсны мэдээгээр Казахстантай хийсэн худалдаа 36.5 тэрбум ам.доллароос 39.8 тэрбум ам.доллар, Узбекистантай хийсэн худалдаа 11.1 тэрбум ам.доллароос 12.9 тэрбум ам.доллар, Тажикистантай хийсэн худалдаа 3.3 тэрбум ам.доллароос 3.5 тэрбум ам.доллар болж өссөн байна.

Харин Туркменистаны хувьд байдал өөр байсан: Хятадтай хийсэн худалдаа нь 2025 оны эхний 10 сарын хугацаанд өмнөх онтой харьцуулахад 8.9 тэрбум ам.доллароос 8.3 тэрбум ам.доллар болж буурчээ. Гэхдээ сайн мэдээ гэвэл БНХАУ-тай хийсэн худалдааны тэнцэл эерэг гарсан цорын ганц Төв Азийн улс нь Туркменистан юм байна: 2025 онд Хятад улс Туркменистанаас 8.1 тэрбум гаруй ам.долларын бараа импортолсон бол экспорт нь дөнгөж 784 сая ам.долларт багтсан. БНХАУ-ын Төв Азийн бусад орнуудтай хийсэн худалдаа нь Хятадын талд ашигтай гардаг.

Хятад, Иран, Казахстан, Узбекистан, Туркменистан, Турк зэрэг улс орнууд Ази, Европыг холбосон Дунд коридор хэмээх төмөр замын маршрутын өмнөд хэсэгт галт тэрэгний хөдөлгөөнийг сайжруулахын тулд хамтран ажиллахаар тохиролцов. Тэдгээр улсууд нэгдсэн, өрсөлдөхүйц үнэ тогтоох, контейнерыг коридороор тээвэрлэх хугацааг багасгах, олон төрлийн нэмэлт зардлуудыг бууруулах, төмөр замын дэд бүтцийг сайжруулах зэрэг олон арга хэмжээ төлөвлөж байна.

"Trend news" агентлагийн мэдээлснээр, төмөр замын албаныхан Евразийн Тээврийн Замын Холбооны анхны уулзалтыг 11-р сарын сүүлээр Баку хотод зохион байгуулжээ. Уг уулзалтад Азербайжан, Киргизстан, Тажикистан, Узбекистан улсын төлөөлөгчид оролцов. Евразийн Тээврийн Зам нь Хятад, Киргизстан, Тажикистан, Узбекистан, Туркменистан, Азербайжан, Гүрж, Турк улсуудыг холбосон Дунд Коридорын өмнөд маршрут нь юм. Арваннэгдүгээр сард Хятадын Кашгар хотоос өмнөд маршрутаар дамжин Азербайжан руу тээвэрлэлт эхэлсэн.

Эх сурвалж: eurasianet.org