
Б.Төгс
Гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний 11 сарын байдлаар 23.9 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.8%-иар буурсан тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ дотроо экспорт 13.7 тэрбум ам.доллар, импорт 10.2 тэрбум ам.долларыг тус тус бүрдүүлсэн бөгөөд экспорт 5.6%, импорт 3.4%-иар тус тус буурчээ. Гадаад худалдааны тэнцэл 3.53 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.
Оны эхний 11 сарын байдлаар нүүрсний экспорт 79.1 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 2.2%-иар өссөн байна. Харин энэ дотроо чулуун нүүрсний экспорт 73.8 сая тонноор хэмжигдсэн нь 0.3%-иар буурсан дүн болохыг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Сарын дүнгээр авч үзвэл, өнгөрсөн 11 дүгээр сард манай улс нийт 9.35 сая тонн нүүрс экспортолсон нь дээд үзүүлэлтэд нэлээд дөхсөн дүн боллоо. Гэхдээ нүүрсний орлогын үзүүлэлт он гарсаар нэлээд бууралттай хэвээр байна. Оны эхний 11 сарын байдлаар нүүрсний экспортын борлуулалтаас 5.07 тэрбум доллар олсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад даруй 3 тэрбум ам.доллар буюу 38%-иар буурсан дүнтэй гарлаа.
Эсрэгээр зэсийн баяжмалын экспорт нэлээд өсөлттэй байна. Оны эхний 11 сарын байдлаар, улсын хэмжээнд зэсийн баяжмалын экспорт жингээр 2 сая тоннд хүрч, 5.07 тэрбум ам.долларын орлого олсон байна. Энэ нь биет хэмжээгээр өмнөх оны мөн үеэс 35%-иар, орлогын дүнгээр 2 тэрбум ам.доллар буюу 72.5%-иар тус тус өссөнийг илтгэнэ. Ийнхүү экспорт өсч байгаа нь Оюутолгойн баяжмалын экспорт нэмэгдсэн болон зэсийн зах зээлийн ханш өссөнтэй холбоотой юм. Цэвэр зэсийн экспортын тухайд ч мөн адил жин болон орлогын хувьд багагүй өсөлттэй гарлаа. Мөн хугацаанд манай улс нийт 14.1 мянган тонн катодын зэс экспортолж, 131 сая ам.долларын орлого олсон нь биет хэмжээгээр 23%, үнийн дүнгээр 30% өссөнийг харуулна. Сүүлийн өдрүүдэд Лондоны металын бирж дээр зэсийн зах зээлийн ханш 11600 ам.доллар/тонн давж дээд амжилт тогтоогоод байна. Цаашид ч ханш үргэлжлэн өсөх хандлагатайг шинжээчид онцоллоо.
Экспортын орлогын дүнгээр алт гуравдугаарт эрэмбэлэгдлээ. Он гарсаар манай улс ойролцоогоор нэг тэрбум орчим ам.долларын орлогыг алтны экспортоос олжээ. Гэхдээ төв банк оны эхний 11 сарын байдлаар нийт 13.6 тонн үнэт метал худалдан аваад байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.2%-иар буурсан үзүүлэлттэй гарлаа. Алтны үнэ өнгөрсөн 10 дугаар сарын оргил үнийн түвшнээс буураад байсан ч сүүлийн өдрүүдэд эргээд өсч 4200 ам.доллар/унц-ын түвшинд хүрсэн нь үнийн дээд үзүүлэлтийг шинэчлэн тогтооход ойрхон байгааг харуулна.
Төмрийн хүдрийн экспорт оны эхний 11 сарын байдлаар жингээр 20 орчим хувиар өсч 8.1 сая тоннд хүрсэн бол орлого 6.3%-иар дээшилж 584 сая ам.доллароор илэрхийлэгдлээ.
Жоншны экспортын биет хэмжээ энэ онд нэлээд өсөлттэй байгаа ч, орлого төдийлөн өсөлтгүй байна. Түүнчлэн газрын тосны экспортын биет хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 14%, орлогын дүн 20 гаруй хувиар тус тус буурлаа. Он гарсаар Брэнт маркийн газрын тосны ханш 10.3%-иар буурч одоогоор 63.8 ам.доллар/баррель түвшинд хэлбэлзэж байна.
Цайрын баяжмалын экспорт он гарсаар орлогын дүнгээр 30%-иар өслөө. Тодруулбал оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд нийт 140 орчим мянган тонн цайрын баяжмал экспортолж, 220 орчим сая ам.долларын орлого олжээ.
Бусад эрдсийн тухайд молибденийн баяжмал, хар тугалга, гянтболдын экспортын орлого бүгд өсөлттэй гарлаа.

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар
