
Ч. Сансар
Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Саймон Тротт Пүрэв гарагт тус компани хөрөнгөө худалдаж, бүтээмжээ нэмэгдүүлснээр 5-10 тэрбум ам.доллар босгох төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэв.
Рио Тинто компани наймдугаар сард зарим хөрөнгөө худалдаж, хамгийн ашигтай бизнест анхаарлаа төвлөрүүлнэ гэж мэдэгдсэнээс хойш хөрөнгө оруулагчид дэлгэрэнгүй мэдээлэл хүлээж байна. Риогийн худалдах бизнесийн тоонд титан болон бор олборлодог бизнесийн нэгжүүд орно.
Гүйцэтгэх захирал Троттын хэлснээр тус компани нарийвчилсан үнэлгээ хийж, цаашид эзэмших шаардлагагүй гэж үзсэн хөрөнгөө тодорхойлсон гэжээ.
Рил Тинто Chinalco компанитай хамтран хувьцаагаа эргүүлэн худалдаж авахад саад болж буй асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байгаа гэж Саймон Тротт Лондонд хувьцаа эзэмшигчиддээ мэдэгдлээ.
Рио Тинто мөн зарим хөрөнгөтэй холбоотой бизнесийн түншлэл байгуулахыг судалж байгаа бөгөөд 2024-2030 оны хооронд үйлдвэрлэлийн зардлаа 4%-иар бууруулахыг зорьж байгаагаа мэдэгдэв.
Энэ тайлбарын дараа тус компанийн хувьцаа Лондонд 2%-иас дээш өсөж, дараа нь бага зэрэг буурсан.
Рио Тинто компани Монгол дахь Оюутолгой төслийн үйл ажиллагаа эрчимжсэнтэй холбогдуулан 2025 оны зэсийн үйлдвэрлэлийн төлөвөө нэмэгдүүлэв.
Рио өмнө нь 780,000–850,000 тонн зэс үйлдвэрлэнэ гэж таамаглаж байсан бол сүүлд таамаглалаа өсгөж, 2025 онд 860,000–875,000 тонн зэс үйлдвэрлэнэ гэж тооцоолж байна. 2026 онд 800,000–870,000 тонн үйлдвэрлэнэ гэсэн хүлээлттэй байгаа аж.
Рио голчлон төмрийн хүдрээс ашиг олдог ч зэс рүү анхаарлаа хандуулж, 2030 он гэхэд жилд 1 сая тонн зэс үйлдвэрлэх зорилт тавьж байна.
Зэсийн үнэ хамгийн өндөр түвшинд хүрсэн бөгөөд дэлхий нийт ногоон эрчим хүч рүү шилжиж буй энэ үед зэсийн эрэлт өндөр байх төлөвтэй байна.
Рио Тинто Оюу Толгойн зэсийн үйлдвэрлэл энэ жил 50 гаруй хувиар, ирэх жил 15 орчим хувиар өснө гэж тооцоолж байна.
reuters.com