
Б.Төгс
“Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшлийн Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлын явцын талаар Засгийн газрын хуралдаанаар танилцуулсан байна. Энэ тухай тус компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу мэдээллээ. Энэ оны арваннэгдүгээр сард ТЭЗҮ-ийг шинэчлэн батлуулах үүрэг даалгавар өгсний дагуу “Эрдэнэс Тавантолгой” компани ордын нэгдсэн ТЭЗҮ-ийг шинэчлэх ажлыг хийж байна. Уг ажлыг ирэх оны эхний улиралд багтаан дуусгах юм байна. Өмнө нь Бортээгийн ордын техник, эдийн засгийн үндэслэлийг 2020 онд боловсруулан батлуулсан байдаг ажээ. Бортээгийн орд нь нийт 424 сая тонн нүүрсний нөөцтэй. Үүний 95 хувь нь сул коксжих /22-25%-ийн үнслэг, 6000-6500 ккал илчлэг бүхий/, үлдсэн нь эрчим хүчний нүүрс /дунджаар 5000 ккал илчлэгтэй/ юм.
Мөн “Эрдэнэс Тавантолгой”-н сүүлийн гурван жилийн санхүүгийн тайланд олон улсын хараат бус хөндлөнгийн аудит оруулахаар сонгон шалгаруулалтын ажил үргэлжилж байгаа ажээ. Компанийн тухайд сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 30 сая орчим тонн нүүрс экспортолж ажилласан байна. Экспорт, олборлолтын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд, Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил хүлээгдэж байна. Үүний тулд гадаадын хөрөнгө оруулагчийг нээлттэйгээр сонгон шалгаруулаад, лицензээ “Эрдэнэс Тавантолгой” компани эзэмшээд явах хувилбар яригдаж байна.
Хөрөнгө оруулалтын тухай хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн дагуу бүтээгдэхүүнээ биржийн үнээр борлуулан, экспортыг нэмэгдүүлэх боломж бий. Боловсруулсан ТЭЗҮ-д заагдсан хүчин чадал буюу жил бүр 15 сая тонн нүүрс олборлох байдлаар Бортээгийн ордыг аль болох хурдан хугацаанд ашиглалтад оруулахаар тооцоо судалгааг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. Цаашид илүү нарийвчилсан тооцооллуудыг гаргаж, улмаар ирэх ондоо багтаад Бортээгийн ордыг ашиглалтад оруулан нэг тэрбум ам.долларын нэмэлт орлого олохыг эрмэлзэж байгаа ажээ. Ингэснээр хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дуусах үед зөвхөн Цанхийн баруун, зүүн уурхайгаас олборлох гучин сая тонноос гадна Бортээгийн ордоос нэмэлт 15 сая тонн нүүрсийг жил бүр экспортлох боломж бүрдэх юм. Монгол улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах чиглэлээр Бортээгийн ордын ашиглалтыг сайжруулж эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байгаа тухай компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу тэмдэглэлээ.