
G20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян газрын ховор металлын экспортод тавьсан хязгаарлалтаа "өмгөөлж", үүнийг аюулгүй байдлын шалтгаантай хэмээн тайлбарлав.
Газрын ховор металл нь дэвшилтэт технологи, батлан хамгаалах салбарт зайлшгүй хэрэгтэй тул нийлүүлэлтийн асуудал нь Европ болон бусад орнуудын гол санаа зовоосон сэдэв болж байна. Уулзалтад оролцогч улсууд Хятадын арга хэмжээ нь нийлүүлэлтийн сүлжээнд эрс нөлөөлж буйг онцлов.
Уулзалтын үеэр Хятад 19 улстай хамтарсан “ногоон уул уурхай” санаачилга эхлүүлж буйгаа мэдэгдэв. Энэхүү хөтөлбөр нь чухал эрдэс баялгийн тогтвортой, найдвартай олборлолтыг дэмжих зорилготой ч тодорхой санхүүжилт, нарийн төлөвлөгөө дурдаагүй байна.
Европын орнууд, тэр дундаа Герман, Франц, Итали, Ирланд зэрэг улс ховор металлын нийлүүлэлтийг тогтмол хангахын тулд ойрын хугацаанд Бээжинд айлчлахаар бэлтгэж байна. АНУ болон Хятад ч мөн нийлүүлэлтийн саад тотгорыг арилгах “ерөнхий лиценз”-ийн талаар хэлэлцэж байгаа юм.
Хөгжиж буй орнуудын зүгээс түүхий эдээ зүгээр нийлүүлэх бус, боловсруулах үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бол Африкийн төлөөлөл техник, технологийн чадавхиа өсгөх нь гол зорилго гэдгийг онцлов.
mining.com