Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Их Британи чухал ашигт малтмалын стратеги төлөвлөгөөгөө танилцууллаа

Ч.Сансар

Их Британи улс 2035 он гэхэд гадаадын үйлдвэрлэгчдээс хараат байдлаа бууруулахыг зорьсон чухал ашигт малтмалын шинэ стратеги төлөвлөгөөгөө өнгөрсөн бямба гарагт олон нийтэд танилцууллаа. Засгийн газрын мэдэгдсэнээр дотоодын хэрэгцээний 10%-ийг Британи улс дотоодын үйлдвэрлэлээс, 20%-ийг дахин боловсруулах аргаар хангахаар төлөвлөжээ.  

Их Британийн Засгийн газар тус стратегийн хэрэгжилтийг 50 сая паундаар санхүүжүүлэх бөгөөд нэг төрлийн критикал минералын 60-аас дээш хувийг нэг улсаас нийлүүлэхгүй байх зорилт тавьжээ.

Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер “чухал ашигт малтмал нь орчин үеийн амьдралын болон үндэсний аюулгүй байдлын гол тулгуур” гэж онцолж, дотоодын үйлдвэрлэлээ эрчимжүүлж, дахин боловсруулах салбараа өргөжүүлэх нь эдийн засгаа хамгаалах, амьжиргааны зардлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж хэлжээ.

Их Британи одоогоор чухал ашигт малтмалын хэрэгцээнийхээ 6%-ийг дотоодоос хангадаг гэж Засгийн газар мэдэгдэв. Уг стратегийн хүрээнд тус улс дотоодын олборлолт, боловсруулалтыг өргөжүүлэхийг хүсч байгаа бөгөөд ялангуяа лити, никель, вольфрам, газрын ховор элементэд анхаарлаа хандуулах юм байна. 2035 он гэхэд дор хаяж 50,000 тонн лити үйлдвэрлэхийг зорьж байгаа.

Их Британи нь ухаалаг гар утас, цахилгаан автомашин, хиймэл оюун ухааны мэдээллийн төвүүдийг барихад нэн шаардлагатай зэс, лити, никель зэрэг чухал ашигт малтмалын найдвартай, урт хугацааны нийлүүлэлтийн сүлжээг яаралтай байгуулах хэрэгцээтэй тулгарч байна.  

Их Британид критикал минералын эрэлт огцом өсч байгаа бөгөөд зэсийн хэрэглээ бараг хоёр дахин, литийн эрэлт 2035 он гэхэд 1100%-иар өсөх төлөвтэй байна гэж Засгийн газар мэдэгдлээ.

БНХАУ чухал ашигт малтмалын салбарыг хэр их хянадаг болохыг уг стратеги онцолжээ. Үүний үр дүнд тус салбар нь үнэ ханшийн өөрчлөлт, улс төрийн хямрал, нийлүүлэлтийн тогтворгүй байдалд өртөх магадлал өсөж байна. Хятад улс ховор элементийн 70% орчим үйлдвэрлэж, 90%-ийг боловсруулдаг нь Их Британи зэрэг орнуудад эрсдэл учруулж байна.

Энэ оны эхээр Их Британи Саудын Арабтай критикал минералын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, Их Британийн компаниудад Саудын Араб улсад ажиллах боломж нээх, хөрөнгө оруулалтыг татах зорилгоор хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.

Эх сурвалж: reuters.com