Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Нүүрсний экспортын төлөвлөгөө давж биелэх хандлагатай байна

Б.Төгс

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны 11 дүгээр сарын 15-ны байдлаар 22.8 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 5%-иар буурсан байна. Энэ дундаа экспорт 13 тэрбум ам.доллар, импор 9.8 тэрбум ам.долларыг эзэллээ. Экспортын тухайд өмнөх оны мөн үеийнхээс 6.4%, импорт 3.1%-иар тус тус буурчээ. Харин гадаад худалдааны тэнцэл 3.2 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.

Он гарсаар 11 дүгээр сарын дунд үеийн байдлаар чулуун нүүрсний экспорт 70 орчим сая тоннд хүрээд байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс ялимгүй өсөлттэй гарлаа. Гэхдээ энэхүү дүнд хүрэн нүүрсний экспорт ороогүй. Энэ оны эхний арван сарын байдлаар манай улс нийт 5 орчим сая тонн хүрэн нүүрс экспортлоод байв. Үүнийг нэгтгэж тооцвол манай улс оны эцэс гэхэд нүүрсний экспортын 85 сая тонны төлөвлөгөөгөө бүрэн биелүүлэх боломжтой харагдаж байна. Нүүрсний экспорт өнгөрсөн есдүгээр сард сарын дүнгээр дээд амжилт тогтоосон бол 10 дугаар сард Хятадын Үндэсний баяраар боомтууд амарсантай холбоотойгоор экспорт бага зэрэг буурсан. Харин 11 дүгээр сарын эхний хагасын тухайд экспортын үзүүлэлт нэлээд өндөр дүнтэй байна. Нийт 4.9 сая тонн чулуун нүүрсийг 314 сая ам.доллараар экспортолжээ. Гэхдээ чулуун нүүрсний экспортын орлого мөн хугацаанд 4.65 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3 тэрбум ам.доллар буюу 40%-иар буурсан дүнтэй гарлаа.

Зэсийн баяжмалын экспортын тухайд он гарсаар 1.95 сая тоннд хүрч, мөнгөн дүнгээр 4.8 тэрбум ам.доллартой тэнцлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс жингээр 34.6%, борлуулалтын орлого 71.3%-иар тус тус нэмэгдсэнийг илтгэнэ.

Алтны экспорт он гарсаар бараг нэг тэрбум ам.долларт дөхөж байна. Ингэснээр алтны экспортын борлуулалт 16%-ийн өсөлттэй гарлаа.

Төмрийн хүдрийн экспортын тухайд мөн хугацаанд 7.63 сая тонныг гадагш нийлүүлж 552 сая ам.долларын орлого оллоо. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс жингээр 20%, орлогын тухайд 6%-иар өссөн дүн юм.

Бусад эрдсийн тухайд газрын тосны борлуулалтыг эс тооцвол бүгд өсөлттэй гарлаа. Гэхдээ жоншны экспортын биет хэмжээ үлэмж нэмэгдсэн ч борлуулалтын орлого төдийлөн өсөлтгүй байгаа нь ханш буурсныг харуулж байна.

Импортын тухайд, манай улсын түлшний импорт өвлийн саруудад өсөх хандлагатай байдаг. Тэр дагуу АИ92 шатахуун болон дизель түлшний импорт өсөх хандлагатай байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 11 дүгээр сарын эхний 15 хоногт нийт 38 мянган тонн орчим автобензин оруулж ирсэн нь өмнөх аравдугаар сарын эхний хагасын дүнгээс даруй 45%-иар өссөн үзүүлэлт боллоо.  

Эх сурвалж: ҮСХ