
О. Дөлгөөн
Хүмүүсийн итгэлцэл эртнээс л зуучлагчдын гарт байсаар ирсэн. Банк, төрийн байгууллага, нотариат, бүр найз нөхдийн хоорондох итгэлцэл хүртэл хэн нэгний баталгаа, гарын үсгээр баталгааждаг байв. Гэтэл нэг өдөр технологи “итгэлцэл” гэдэг ойлголтыг хүнээс салгаж, код руу хувиргасан юм.
Тэрхүү технологи бол блокчэйн. Блокчэйн нь ердөө өгөгдөл хадгалах систем биш. Энэ бол мэдээллийн шударга байдлыг хамгаалагч, төвлөрсөн хяналтыг халсан шинэ дэг журам юм.
Тус бүр нь “блок” хэмээх жижиг хэсгүүдэд мэдээлэл хадгалагдаж, нэг нь нөгөөгөө дараалан гинжилж, нэг нь эвдэрвэл бүхэлдээ нурах зарчмаар ажиллана. Энэ бүтэц л блокчэйнд “өөрчлөгдөшгүй” гэсэн хүчийг өгдөг.
Өнөөдөр энэ технологи зөвхөн биткойн эсвэл криптовалютын ертөнцийн тухай биш. Банкны гүйлгээ, газрын бүртгэл, эрчим хүчний хуваарилалт, бүр уул уурхайн олборлолт хүртэл блокчэйн рүү шилжиж байна. Учир нь энэ систем зөвхөн тоо, код хадгалах биш, харин “баримт” хадгалдаг. Жишээ нь, уул уурхайн компани блокчэйн ашиглавал–нэг тонн зэс хаанаас гарсан, ямар шат дамжлагыг туулсан, хэнд хүрсэн гээд бүх мэдээлэл ил тод, засварлах боломжгүй хэлбэрээр бүртгэгдэнэ.
Энэ нь хөрөнгө оруулагчдаас эхлээд орон нутгийн иргэд хүртэл итгэж болох ил тод эдийн засгийн шинэ хэл юм.
Итгэлцлийг кодоор баталгаажуулах цаг ирлээ
Монголын уул уурхайн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гарахад хамгийн түрүүнд тавигддаг асуулт бол “Энэ хаанаас ирсэн бэ?” гэх ганц асуулт бий.
Харин өнөөдрийн нөхцөлд тэр хариулт ихэнхдээ цаасан дээр бичигдсэн гэрчилгээ, хүний гар дамжсан тайлан, лицензийн хуулбаруудаар баталгааждаг. Гарал үүслийн гэрчилгээ, гаалийн бүртгэл, олборлолтын тайлан гээд олон шат дамжлагаар дамжих энэ хяналт бол системийн хувьд нүсэр, алдаа гарах эрсдэл өндөр, мэдээлэл ил тод бус. Зарим тохиолдолд залилан, зөрчил, маргааны үндэс ч болдог.
Тиймээс “Бидэнд илүү итгэлтэй систем хэрэгтэй” гэх дуу хоолой салбар дотор улам чангарч байна. Энэ шаардлагыг хангах шинэлэг, найдвартай шийдэл бол блокчэйн технологи юм.
Блокчэйн бол мэдээллийг нэг төвөөс бус, олон оролцогчоор баталгаажуулж, өөрчлөгдөшгүй хэлбэрээр хадгалах дэвшилтэт систем. Мэдээлэл нэгэнт сүлжээнд орсон бол хэн ч дур мэдэн засах, устгах боломжгүй. Ингэснээр бүтээгдэхүүний гарал үүсэл, нийлүүлэлтийн замнал, гэрээний нөхцөл, байгаль орчны болон хөдөлмөрийн үзүүлэлтүүд бүгд ил тод, баталгаатай хадгалагддаг.
Өнөөдөр дэлхийн уул уурхайн тэргүүлэгч De Beers, BHP, IBM гэх мэт компаниуд блокчэйн ашиглан алмаз, зэс, кобальт зэрэг бүтээгдэхүүний гарал үүсэл, нийлүүлэлтийн сүлжээ, ESG (байгаль, нийгэм, засаглалын) мэдээллээ ил тод болгож байна. Технологийн энэхүү нээлт нь “итгэлцэл” гэх хамгийн үнэт капиталыг баталгаажуулж, салбарын тогтвортой байдалд шууд нөлөө үзүүлдэг.
Энэхүү технологийн гол онцлог нь:
Хэзээ ч өөрчлөгдөхгүй байдал: Блокд нэг удаа бүртгэгдсэн мэдээллийг устгах, засварлах боломжгүй тул мэдээллийн үнэн зөв баталгаажна.
Ил тод байдал: Сүлжээнд холбогдсон бүх хэрэглэгч мэдээллийг харж, баталгаажуулж чаддаг тул системийн ил тод байдал нэмэгддэг.
Төвлөрлийг сааруулах (Decentralization): Мэдээллийг нэг байгууллага хянахгүй, олон хэрэглэгч баталгаажуулдаг учраас алдаа, залилан болон манипуляцийн эрсдэл багасна.
Автоматжуулалт: Ухаалаг гэрээ (Smart contract) нь блокчэйн дээр бичигдсэн автоматаар хэрэгждэг гэрээ юм. Энгийнээр хэлбэл — “Хэрвээ А зүйл хийгдвэл, автоматаар В зүйл хийгдэнэ” гэсэн код хэлбэрийн гэрээ. Жишээ нь, нүүрс худалдан авах гэрээнд хэрвээ “Лабораторийн шинжилгээ баталгаажвал төлбөр автоматаар шилжих” гэж тохирсон бол, смарт контракт энэ нөхцөлийг хянаж, биелсэн даруйд гүйлгээг автоматаар хийж өгнө.
Гэрээ, тээвэрлэлт, төлбөрийн баталгааг ухаалаг гэрээгээр гүйцэтгэснээр зуучлагч, банк, баталгаажуулалтын зардал багасна. Ил тод, автомат систем учраас хуурмаг гэрээ, хойшлуулалт, маргаан гарах магадлал буурна.
Уурхайн үйл ажиллагаа нь байгаль орчинд ихээхэн нөлөөтэй. ESG (Байгаль орчин, нийгэм, засаглалын) тайлан, үйлдвэрлэлийн стандарт, хөдөлмөрийн нөхцлийн мэдээллийг блокчэйнд бүртгэснээр бодит цагийн горимд хянах боломжтой болно. Жишээ нь, олборлолт явуулж буй уурхай нь усны нөөцийн ашиглалт, хог хаягдлын хэмжээгээ блокчэйнд бүртгэсэн тохиолдолд холбогдох байгууллага болон хөрөнгө оруулагчид ил тод байдлыг баталгаажуулна.

Блокчэйн технологийг амжилттай хэрэгжүүлж буй дэлхийн жишээнүүд энэ системийн бодит үнэ цэнийг харуулж байна.
Дэлхийн хамгийн том алмаз олборлогчдын нэг болох De Beers компани “Tracr” хэмээх блокчэйн платформыг хөгжүүлжээ. Энэ систем нь алмаз олборлогдсоноос эхлээд хэрэглэгчийн гарт очих хүртэлх бүхий л мэдээллийг бүртгэн хадгалдаг. Ингэснээр хуурамч гарал үүсэл бүхий алмаз зах зээлд нэвтрэх боломжгүй болж, хэрэглэгчид худалдан авч буй бүтээгдэхүүний гарал үүслийг 100 хувь баталгаажуулах боломжтой болно.
BHP компани олборлолтоос эхлээд экспорт хүртэлх бүх шатны мэдээллийг блокчэйн дээр бүртгэдэг. Ингэснээр гэрээ, нийлүүлэлт, бүтээгдэхүүний тээвэрлэлтийн мэдээлэл ил тод болж, оролцогч талуудын хоорондын маргаан, мэдээллийн зөрчил эрс буурчээ.
IBM нь кобальт, никель зэрэг стратегийн түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээнд зориулсан блокчэйн системийг хөгжүүлсэн. Энэ систем нь олборлолтын мэдээлэл, тээвэрлэлт, гэрээ, байгаль орчны тайлан зэрэг бүх өгөгдлийг нэгтгэн бүртгэдэг тул худалдан авагчийн итгэл нэмэгдэж, нийлүүлэлтийн эрсдэл буурсан байна.
Австрали, Канадын “MineHub” төсөл олон улсын уул уурхайн компаниудыг холбож, олборлолт, боловсруулалт, экспортын шат бүрийн мэдээллийг блокчэйн дээр нэгтгэн бүртгэдэг. Энэ нь салбарын ил тод байдлыг нэмэгдүүлж, гэрээ, төлбөр, тайлангийн нэгдсэн системийг бий болгожээ.
Иймд энэ бол зүгээр нэг шинэ систем биш салбарын ирээдүйг ил тод, шударга, дэлхийд өрсөлдөхүйц болгох гарц юм.
Гэхдээ технологийн хувьсгал бүрийн цаана бэрхшээл, эргэлзээ, сорилт дагалддаг жамтай. Блокчэйн ч үүнээс үл хамаарахгүй. Монголын уул уурхайн салбарт энэ технологийг нэвтрүүлэхэд хамгийн түрүүнд хууль эрх зүйн орчны хийдэл, дэд бүтцийн сул тал, хүний нөөцийн чадавхийн хомсдол зэрэг бодит саад тулгарч байна.
Нэгдүгээрт, өнөөгийн хууль, журамд блокчэйн технологид суурилсан мэдээллийн системийг бүрэн дүүрэн зохицуулах нарийн заалт, стандарт үгүйлэгдэж байна. Энэ нь шинэ технологийг ашиглах гэж буй компаниудад тодорхойгүй байдал, хууль эрх зүйн эрсдэлийг дагуулдаг.
Хоёрдугаарт, дэд бүтцийн асуудал. Өндөр хурдтай, найдвартай интернетийн сүлжээгүй бүс нутагт-ялангуяа алслагдсан уурхайн талбайд-блокчэйн системийн тасралтгүй ажиллагаа хангахад хүндрэлтэй хэвээр байна.
Гуравдугаарт, технологийн нэвтрэлтийг авч явах мэргэжилтний дутагдал. Блокчэйн, смарт контракт, мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр Монголд мэргэшсэн инженер, хөгжүүлэгч ховор. Тиймээс хүний нөөцийн бэлтгэл, олон улсын хамтын ажиллагаа амин чухал.
Энэ чиглэлд хийгдэж буй хамгийн анхны бодит алхам бол Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын (МҮХАҮТ) санаачилга юм. 2024 оны тавдугаар сард тэд гарал үүслийн гэрчилгээ (COO)-г баталгаажуулахдаа блокчэйн технологийг турших болсноо зарласан.
Тус санаачилга нь Азийн Хөгжлийн Банкны Дижитал сургалтын лаборатори, Зүүн Азийн хэлтэстэй хамтран хэрэгжиж байгаа бөгөөд Morpheus. Network компанийн боловсруулсан MVP (Minimum Viable Product) шийдэл дээр тулгуурлажээ. Энэхүү систем нь цаасан суурьтай, саатал ихтэй үйл явцыг халж, мэдээллийг өөрчлөгдөх боломжгүй байдлаар бүртгэж, бүх оролцогч талуудын хооронд итгэлийг бий болгох зорилготой аж.
Блокчэйн бол технологийн хувьсгалын дараагийн үе шат төдий бус итгэлцэл, ил тод байдал, хариуцлагын шинэ хэл. Монголын уул уурхай өнөөдөр зөвхөн хүдэр олборлож, баялаг экспортолж буй салбар биш, харин дэлхийн зах зээлд итгэлцэл, үнэнч байдлын шалгуурыг даван гарах тоглогч болох ёстой.
Энэ технологийг нэвтрүүлэх нь биднийг “бичиг баримтын хяналт”-аас “өгөгдөлд итгэх систем”-д шилжүүлж, хүний алдаа, завхралыг багасгана. Энэ бол уул уурхайн салбарт хариуцлага, тогтвортой байдлыг бодитоор бий болгох алхам. Гарал үүсэл, нийлүүлэлт, гэрээ, ESG үзүүлэлтүүд бүгд нэг ил тод гинжин холбоонд холбогдоно. Энэхүү гинжин хэлхээ бол итгэлцлийн шинэ зэс судал байх болно.
Тогтвортой хөгжил рүү чиглэсэн энэ шинэ замнал бол “нөөцөө ухах” бус, “нэр хүндээ өсгөх” эрин үеийн эхлэл юм.