
Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзлаа.
Өнгөрсөн Мягмар гарагт Ерөнхий сайд хатагтай Кейти Жаксонтой цахим уулзалт хийж, “Оюутолгой” төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцсон бол өнөөдөр биечлэн уулзаж хоёр талын байр суурийг бататгав.
Уулзалтын үеэр:
Төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд зээлийн хүү болон менежментийн төлбөрийг бууруулах нь чухал алхам болохыг талууд онцлов. Зээлийн хүүг бууруулах асуудлаар хоёр талын ажлын хэсэг зарчмын шийдэлд хүрч тохиролцсон байна.
Ерөнхий сайд менежментийн төлбөрийг олон улсын стандарт, бодит зах зээлийн түвшинд нийцүүлэн бууруулах шаардлагатай, одоогийн аргачлал нь Монголын талд үр ашиггүй гэдгийг дурдав.
“Оюутолгой” компанийн санхүүгийн болон худалдан авалтын ил тод байдлыг хангаж, шударга, нээлттэй, хариуцлагатай үйл ажиллагааг мөрдлөг болгох нь урт хугацааны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал гэж онцлов.
Төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийж буй хоёр талын ажлын хэсгийн хэлэлцээрийг үр дүнд хүргэхийн төлөө Рио Тинто компани Монгол Улсын Засгийн газартай нээлттэй, шуурхай хамтран ажиллаж, харилцан ашигтай шийдэлд хүрэхээ хатагтай Кейти Жаксон илэрхийлэв.
Монгол Улсын Засгийн Газар