Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

АЛТНЫ ХАНШИЙН ӨСӨЛТ БОГИНО ХУГАЦААНЫ ҮЗЭГДЭЛ БИШ

Т. Бямбанаран

Алт хэмээх үнэт металлын үнэ 2025 онд түүхэн оргил цэгтээ хүрээд буй. Уг үзүүлэлт дан ганц тоо биш, дэлхийн эдийн засгийн тогтолцоо, геополитикийн тогтворгүй орчин, Төв банкуудын стратегийн эрэлтийн нийлбэр юм.

2025 оны эрдсийн зах зээлд өрнөсөн алтны ханшийн тэсрэлт нь шинжээчдийн таамаг болон эдийн засгийн тооцооллыг үндсээр нь өөрчиллөө. Он гарснаас хойш тус металлын үнэ 54%-иар өсөж, жилийн өмнөх бүх таамгийг няцаав. Ийм огцом өсөлт хамгийн сүүлд 1979 онд бүртгэгдэж байсан билээ.

ШИНЖЭЭЧДИЙН ХҮЛЭЭЛТЭЭС ДАВСАН ҮНЭ

Энэ оны 3 дугаар сард нэг унц алт 3,000 ам.долларыг давснаас хойш ханш тогтмол өсч, 10 дугаар сар гэхэд 4,000 ам.долларын босгыг даваад байна. Түүхэн дээд цэг энэ сарын 21-нд тохиож, нэг унц алт 4,381 ам.долларт хүрэв. Энэ нь зах зээлийн судалгаа, ханшийн тооцоолол, дүгнэлтийн хязгаарыг давсан дүн боллоо.

Шинжээчдийн таамаглал хэтэрхий даруухан байсан нь бодит байдал дээр ийнхүү харагдаж байна. Өнөөгийн алтны ханш урьдчилсан таамгаас даруй 49%-иар өндөр байгаа нь алтны зах зээл урьдчилан таамаглахын аргагүй, байнга хэлбэлзэж буйг тодхон харуулж байна.

Түүхэн үзүүлэлтээс харвал, алтны ханш сүүлийн 10 жилийн хугацаанд бүхэл бүтэн 253.85%-иар өсөж, хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байсаар байна.

Эдийн засгийн тодорхойгүй байдал, геополитикийн эрсдэл нэмэгдсэн энэ үед алт нь дэлхийн хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн найдвартай хөрөнгө байх нь дамжиггүй.

Энэ нөхцөл байдал олборлогч орнууд төдийгүй Монгол Улсад эдийн засгийн онцгой боломж нээж байна. 

АЛТНЫ ҮНЭ ЦОЙЛСОН ШАЛТГААН

Дэлхийн хэмжээнд Төв банкууд алтыг хөрөнгө оруулалтын аюулгүй, найдвартай хэрэгсэл, стратегийн гол хөрөнгө гэж үзэн худалдан авалтаа эрс нэмэгдүүлж байна. Алтыг ийнхүү ихээр нөөцлөх болсон нь зах зээлийн бүтцийг бүхэлд нь өөрчилж буй юм.

Төв банкууд алтны нөөцөө урьд өмнө байгаагүй хурдтай нэмэгдүүлсээр байна. 2022 оноос хойш жил бүр 1,000 тонноос давсан алт худалдан авч байгаа нь 2016-2021 оны дундаж үзүүлэлтээс даруй 2 дахин их үзүүлэлт аж.

Goldman Sachs Research судалгаа- ны байгууллагын Хятадын алтны нөөц нь нийт валютаар мэдээлснээр баталгаажсан нөөцийнх нь 10%-иас доош түвшинд байдаг бол АНУ, Герман, Франц, Итали зэрэг орнуудад энэ тоо ойролцоогоор 70%-тай байдаг.

Дэлхийн Алтны зөвлөлийн судалгааны дүнгээс харвал алтанд итгэх итгэл өндөр хэвээр байгаа бөгөөд уг судалгаанд хамрагдсан нэг ч Төв банк нөөцөө бууруулах бодолгүй байна.

Goldman Sachs-ийн тооцооллоор, алтыг идэвхтэй худалдан авдаг орнуудын цэвэр худалдан авалт 100 тонноор нэмэгдэх бүрд алтны үнэ дунджаар 1.7%-иар өсдөг гэсэн "бичигдээгүй” дүрэм бий.

Мөн АНУ-ын Холбооны Нөөцийн банкны бодлого чухал нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, алтны үнэ хүүгийн түвшинтэй эсрэг хамааралтай байдаг нь зах зээлийн бас нэгэн нийтлэг үзэгдэл. Холбооны Нөөцийн банкны мөнгөний бодлогод гарч буй дохио бүр алтны ханшийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж байна. Хэрэв бодлогын хүү үргэлжлэн буурвал алтны үнэ улам эрчтэй өсөх магадлалтай.

Эдгээрээс гадна, америк долларын ханш чангарсан нь олон улсын худалдан авагчдын хувьд өртөг нэмэгдэж, үнэт металлын үнэд нөлөө үзүүлж байна.

Томоохон тоглогчдын ΤΑΑΜΑΓ: 2028 ОН ГЭХЭД АЛТНЫ ҮНЭ 8,000 АМ.ДОЛЛАРТ ХҮРЭХ YY?

Дэлхийн тэргүүлэх санхүүгийн байгууллагууд таамгаа нэгэн зэрэг өсгөв. Энэ нь алтны ханшийн өсөлт богино хугацааны үзэгдэл биш гэдгийг илтгэнэ.

Хөрөнгө оруулалтын банкууд алтны үнийн таамаглалыг эрс дээшлүүлсэн нь зах зээлийн динамик болон мөнгөний бодлогын хүлээлтэд үндсэн өөрчлөлт гарсныг илтгэж буй хэрэг. Тэдний таамаглал нь үнэт металлын зах зээлд ихээхэн нөлөөтэй байдаг.

Goldman Sachs банк 2026 оны 12 дугаар сарын алтны үнийн таамгийг унц тутамд 4,900 ам.доллар болгон шинэчилсэн.

UBS банкны шинжээч Леви Спрай Канделвал алтны үнийг 2026 оны 1 улирал гэхэд нэг унц нь 4,700 ам.долларт хүрнэ хэмээн илүү өөдрөг таамаглал дэвшүүлсэн билээ.

J.P.Morgan банкны хамгийн сүүлийн үеийн урьдчилсан таамаглал нь алтны зах зээлд туйлын эерэг төсөөллийг бий болгожээ. Тэдний тооцооллоор алтны үнэ ирэх 3 жилд 2 дахин өсөж, 2028 он гэхэд унц тутамд ойролцоогоор 8,000 ам.долларт хүрэх магадлалтай ажээ. Үүний  гол шалтгаан нь хөрөнгийн зах зээлийн хэлбэлзэл, макро эдийн засгийн тогтворгүй байдлаас хамгаалах зорилгоор хөрөнгө оруулагчдын эрэлт нэмэгдэх явдал юм.

Мөн Германы Deutsche Bank 2026 оны IV улиралд алтны үнэ унц нь 4,300 ам.доллар байна гэж үзсэн бол "HSBC" банкны зүгээс 2027 онд унц тутамд дунджаар 4,600 ам.долларт хүрнэ гэж таамаглажээ.

АЛТНЫ САЛБАР ДАХЬ ШИНЭ "АЛХАМ"

Алтны ханш түүхэн дээд амжилт тогтоож, дэлхийн зах зээлд эрэлт тэлсэн энэ үед "Баянхөндий" алтны төсөл манай улсын хамгийн том, ирээдүйтэй төслүүдийн нэг болоод байна. Өнгөрсөн 20 гаруй жилийн турш "Эрдэнэ Монгол" ХХК ашигт хайгуулаас үйлдвэрлэлийн шат хүртэл үйл ажиллагаа явуулж, ийнхүү Монголын уул уурхайн салбарт нэгэн шинэ малтмалын шан татлаа.

"Эрдэнэ Монгол" ХХК-ийг Монгол болон Торонтогийн хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD | MSE:ERDN), Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Монголиан Майнинг Корпорэйшн" (HKSE:0975) хамтран эзэмшиж буй нь төслийн олон улсын итгэлцэл, санхүүжилтийн суурийг улам баттай болгож буй хэрэг юм.

2015 онд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутгаас алтны үндсэн орд илэрсэн мөчөөс Монголын уул уурхайн салбарт нэгэн шинэ хуудас эхэлсэн. Энэ цаг үеэс хойш тасралтгүй урагшилсаар өдгөө аж "Баянхөндий" уурхай, үйлдвэрийн цогцолбор төсөл албан ёсоор ашиглалтад орж, 9 дүгээр сард анхны бүтээгдэхүүнээ Монголбанкинд хүлээлгэн өгсөн нь уг төслийн бодит өгөөж, амжилтын эхлэл болсон юм.

Төслийн гол зорилго нь жил бүр Монголбанкинд тушаадаг алтны нийт хэмжээг 15 хүртэл хувиар нэмэгдүүлэх явдал аж. Шинэ цогцолбор ашиглалтад орсноор алтны олборлолтыг нэмэгдүүлээд зогсохгүй гадаад валютын улсын нөөцийг өсгөх, төгрөгийн ханшийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах өндөр ач холбогдолтой.

Олон улсын алтны зах зээлд "салхи сэвэлзэх" энэ цаг үед хэн түрүүлж алхана, тэр хөгжлийг түүчээлнэ. "Баянхөндий" алтны төсөл бол тэрхүү салхийг мэдэрсэн Монгол дахь цөөн төслүүдийн нэг.

Алт хэмээх үнэт металлын үнэ 2025 онд түүхэн оргил цэгтээ хүрээд буй нь дан ганц тоон үзүүлэлт биш, дэлхийн эдийн засгийн тогтолцоо, геополитикийн тогтворгүй орчин, Төв банкуудын стратегийн эрэлтийн нийлбэр юм.

Дэлхий дахинд алтны ханш ийнхүү өссөн нь Монгол шиг олборлох салбараас хараат улсад давхар ач холбогдолтой. Монгол Улсын алтны салбарын "шинэ үе” гэж нэрлэж болохуйц томоохон төслүүд нэг нэгээрээ ийнхүү үйлдвэрлэлийн шатандаа шилжиж байгаа нь улсын төсөвт орж ирэх орлого нэмэгдэн, экспортын бүтэц төрөлжинө гэсэн үг.