
“Эрдэнэ Ресурс” нь (TSX:ERD; MSE:ERDN; OTCQB: ERFCF) энэ оны гуравдугаар улирлын тайлангаа танилцууллаа. Компанийн ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Петер Акерли: “Манай баг хамт олон гуравдугаар улиралд Баянхөндий алтны уурхайгаас анхны алтыг олборлосон томоохон амжилттай байлаа. Анхны цооног өрөмдсөнөөс эхлэн олборлолт хүртэл 10 жилийг зарцуулснаараа Баянхөндий төсөл нь орчин үеийн хайгуулын түүхэнд нээлтээс олборлолт руу хамгийн хурдан хугацаанд шилжсэн төслүүдийн нэг боллоо. Хуваарийн дагуу оны эцэст Баянхөндий уурхайн олборлолтыг эрчимжүүлж, тогтворжуулахаар төлөвлөж байна.”
Түүнчлэн тэрбээр “Баянхөндий ордыг тэлэх, нөөцийг нэмэгдүүлэх боломжийг судлах хайгуулын хөтөлбөрийг эхлүүлсэн. “Эрдэнэ Монгол” ХХК нь ирэх саруудад Хөндий ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд 9,300 метрийн өрөмдлөгийг гүйцэтгэнэ. Мөн бид өөрийн эзэмшлийн бусад төслийн хөгжүүлэлтийг тогтвортой ахиуллаа. Зуун Мод молибден-зэсийн төслийн хараат бус шинэчилсэн нөөцийн тооцооллыг аравдугаар сард танилцуулж, Ази тивд хөгжүүлэлт хийгдээгүй хамгийн том төслүүдийн нэг гэдгийг ахин баталгаажууллаа. Түүнчлэн, долдугаар сард дэлхийн зэс-алтны хамгийн том ордуудын нэг Оюу Толгойтой зэрэгцээ орших талбайг 80% хүртэл эзэмших боломжтой опцион гэрээнд гарын үсэг зурсан. Одоогоор Зуун Мод төслийн өрөмдлөгийн хөтөлбөр эхэллсэн бөгөөд Тэрэг Уулын талбайд анхан шатны гадаргын судалгаа үргэлжилж байна” гэв.
Баянхөндийн анхны алтыг есдүгээр сарын 14-нд үйлдвэрлэсэн байна. “Эрдэнэ Монгол” компани нь гуравдугаар улиралд 342 унц алт, 96 унц мөнгийг тус бүр 3,805 ам.доллар/унц болон 44 ам.доллар/унцын жигнэсэн дундаж ханшаар тооцоолж борлуулсан. Баянхөндий боловсруулах үйлдвэр нь жилд 650,000 тонн хүдэр боловсруулж, 85,000 унц алт олборлох хүчин чадалтай. Мөн улиралд Баянхөндий уурхайн бүтээн байгуулалт, туршилт тохируулга, зөвшөөрөл нийцлийн ажлуудыг эцэслэсэн. Анхны алт олборлохоос өмнө хуурай болон нойтон туршилтыг эцэслэсэн. Уурхайгаас есдүгээр сарын эцэс гэхэд 133 мянган тонн хүдэр, 1.8 сая тонн чулуулаг буюу нийт 2.1 сая тонн материал олборложээ. Гуравдугаар улирлын эцсийн байдлаар 111 мянган тонн хүдэр (2.30 г/т алтны агуулга, 1.27 г/т мөнгөний агуулга бүхий) хүдрийн овоолгод хадгалагдаж байв.
Цаашид Баянхөндий уурхайн орчмын нөөцийг нэмэгдүүлэх, тэлэх зорилгоор хайгуулын өрөмдлөгийн хөтөлбөрийг боловсруулжээ. Баянхөндий, Хар Морь болон Алтан Сум бүсүүдэд 9,300 метрийн өрөмдлөгийн хөтөлбөрийг төлөвлөсөн.
Тайлант хугацааны эцэст тус компани төсөл хэрэгжиж буй аймаг болон сумын удирдлагуудтай хамтын ажиллагааны гэрээ шинэчлэн байгуулсан байна. Уурхайн талбайд үйлчилгээ үзүүлэх болон байгаль орчны хамгааллын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд орон нутгийн гэрээт компаниудтай хамтран ажилладаг ажээ. Уурхайн талбайд ажиллаж буй ажилтнуудын 35% нь Баянхонгор аймгийн иргэд байна. Орон нутгийн хөгжил болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж буйг тайланд өгүүлжээ.
Үүнээс гадна тус компани нь есдүгээр сарын 2-нд нийт энгийн хувьцааг 6:1 харьцаатайгаар нэгтгэсэн. Ингэснээр энгийн хувьцааны тоо хэмжээ нь 366.3 сая ширхэг байсан нь 61.1 орчим сая ширхэг болж буурсан. Энэхүү алхам нь хөрөнгийн захад байр сууриа бэхжүүлж, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах зорилготой гэж компанийн зүгээс тайлбарласан.
Тайлант хугацаанд компанийн цэвэр алдагдал 2,748,830 кан.доллар байсан бөгөөд өнгөрсөн оны гуравдугаар улиралд компанийн цэвэр алдагдал 1,687,580 кан.доллар байв. Түүнчлэн мөн улиралд хайгуул болон үнэлгээний зардал нь 579,333 кан.доллар байсан ба өмнөх оны мөн үеийн үзүүлэлт 215,903 кан.доллар байсантай харьцуулахад өссөн дүн юм. Зардлын өсөлт нь Тэрэг Уул талбайн хайгуулын зардлууд болон шинэ төслүүдийн үнэлгээний зардал нэмэгдсэнтэй холбоотой.
Компанийн ерөнхий болон захиргааны зардал нь гуравдугаар улиралд 864,892 кан.доллар байсан ба өнгөрсөн оны мөн үеийн үзүүлэлттэй (582,089 кан.доллар) харьцуулахад өссөн дүн юм. Энэ нь стратегийн зөвлөхөд олгосон опционтой холбоотойгоор хувьцаанд суурилсан урамшууллын зардал нэмэгдсэн болон 2025 оны есдүгээр сарын 2-нд гүйцэтгэсэн хувьцааны нэгтгэлтэй холбоотой мэргэжлийн үйлчилгээ, зохицуулагч байгууллагын төлбөрийн өсөлттэй холбоотой байсан тухай компани мэдээллээ.