Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Дэлхийн хувьцааны уналтын дунд алтны үнэ сэргэв

О. Дөлгөөн

/2025.11.05/ Дэлхийн хөрөнгийн зах зээл уналтад орж, хөрөнгө оруулагчид дахин аюулгүй хөрөнгө болох алт руу хошуурч эхэллээ. Үүний үр дүнд алтны ханш 4000 ам.долларын босгонд тулж, эдийн засгийн тодорхойгүй байдлыг даган шинэ “алтны эрин” эхэлж буйг шинжээчид онцолж байна. Лондонгийн зах зээл дээр алтны спот үнэ 1.5 хувиар өсөж, унц нь 3989.53 ам.долларт хүрсэн бол АНУ-ын алтны фьючерсийн үнэ 1 хувиар нэмэгдэн 3996.50 ам.доллар болсон юм. Энэ нь өмнөх өдөр алтны үнэ бараг 2 хувиар буурсны дараах сэргэлт байв.

Хувийн хэвшилд бий болсон ажлын байр хүлээлтээс давсан нь эдийн засаг хүчтэй хэвээр байгааг харуулж байгаа бөгөөд энэ нь Холбооны Нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулах магадлал багасч буйн дохио юм. Ердийн үед бодлогын хүү буурах магадлал багасах нь алт болон хувьцааны ханшид сөргөөр нөлөөлдөг ч хөрөнгө оруулагчид одоогоор аюулгүй хөрөнгө рүү чиглэж байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Холбооны Нөөцийн сан сүүлийн шатны бодлогын хүүг бууруулахыг зарласан бөгөөд тэргүүн Жером Пауэлл энэ нь 2025 онд хийх сүүлийн бууралт байж магадгүй гэж мэдэгдсэн юм. Reuters агентлагийн мэдээлснээр, одоогоор арилжаачид ирэх 12-р сард дахин хүү бууруулах магадлалыг 62 хувь гэж үзэж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн 90 хувиас буурсан үзүүлэлт аж.

Алтны үнэ энэ онд нийтдээ 50 орчим хувиар өсөөд байгаа бөгөөд үүнд хүү бууруулах хүлээлт, мөн дэлхийн төв банкуудын идэвхтэй худалдан авалт голлон нөлөөлсөн гэж шинжээчид үздэг. Өнгөрсөн сард алтны үнэ түүхэн дээд түвшинд хүрсний дараа огцом буурсан нь зах зээл “хэт хурдан өсөлтийн” дараах засварын хөдөлгөөнд орсны илрэл гэж тайлбарлагдаж байна.

TD Securities-ийн стратегич Барт Мелекийн хэлснээр, шар металлын үнэ 3800–4050 ам.долларын хооронд хэлбэлзэж, тогтворжиж буй нь хэвийн үзэгдэл юм. Тэрбээр Фед-ийн хүүгийн бодлогын тодорхойгүй байдал, БНХАУ-ын жижиглэнгийн худалдан авалтын сулрал зэрэг нь богино хугацаанд алтны ханшийг хязгаарлаж байгааг дурдсан ч, төв банкууд болон хөрөнгө оруулагчдын худалдан авалтын идэвх өндөр хэвээр байгаа тул алт дунд хугацаанд дахин өсөх боломжтой гэж үзжээ.

Bloomberg болон Reuters агентлагийн мэдээлснээр, алтны ханшийн өсөлтийг дэмжиж буй гол хүчин зүйлүүд одоо ч бүрэн хэвээр байгаа бөгөөд зах зээл тогтворжсоны дараа алтны үнэ дахин өсөх төлөвтэй байна.

mining.com