
О. Дөлгөөн
FLS Монгол Сервис Төвийн өргөтгөлийн нээлт өнөөдөр /2025.11.04/ болж Монголын уул уурхайн салбарт технологи, үйлчилгээний шинэ стандарт тогтоох чухал алхам боллоо. Дэлхийд тэргүүлэгч инженерингийн компани FLSmidth Монгол дахь төвийнхөө үйл ажиллагааг өргөтгөн, илүү шуурхай, найдвартай үйлчилгээ үзүүлэх, инженер мэргэжилтнүүдийг чадавхжуулан бэлтгэх боломжийг бүрдүүлжээ.

FLSmidth группийн гүйцэтгэх захирал Микко Кето:
“Улаанбаатар дахь шинэ үйлчилгээний төв маань FLS-ийн Төв Азид баримталж буй стратегийн томоохон алхам юм. Энэ төвийн ачаар бид харилцагчдад илүү шуурхай, найдвартай үйлчилгээ үзүүлж, орон нутгийн мэргэжилтнүүдийн ур чадварыг хөгжүүлэх боломж бүрдэж байна. Монгол Улс дэлхийн уул уурхайн салбарт улам бүр чухал байр суурь эзэлж байгаа бөгөөд бид энэ хөгжлийн нэг хэсэг байгаадаа бахархаж байна.”
Засварын төвийн үйл ажиллагаа анх 2014 онд ердөө хоёр ажилтантайгаар эхэлж, энгийн агуулах сэргээн засварлах ажлаас гараагаа тавьж байв. Харин өнөөдөр төв нь 30 гаруй ажилтантай, жилд 100 гаруй төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг Монголын уул уурхайн гол тоглогч компаниудад үзүүлдэг болж, тасралтгүй өсч хөгжжээ. Засварын төв нь агуулах болон засвар үйлчилгээний хоёр үндсэн хэсэгтэй бөгөөд засвар үйлчилгээ нь гагнуураар метал хийц үйлдвэрлэх, мэргэжлийн түвшинд резин хуяглах, механик угсралт, сэргээн засварлалтын үйл ажиллагаануудыг багтаадаг байна.
Шинэ өргөтгөлийн хүрээнд агуулахын гадна, дотор талбайг нэмэгдүүлж, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг өргөтгөж, ажиллах хүчний тоог нэмсэн нь төвийн үйл ажиллагааг илүү үр ашигтай болгоход чиглэжээ. Мөн шинэ засвар үйлчилгээний төрлүүдийг нэвтрүүлж, ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэхэд онцгой анхаарч, ISO 9001:2015, ISO 14001:2015, ISO 45001:2018 зэрэг олон улсын стандартуудыг амжилттай нэвтрүүлсэн байна. Тус төвийн бүх ажилтнууд, чанарын хяналтын мэргэжилтнүүд Nondestructive Testing (NDT) эрхтэйгээр ажилладаг нь чанарын баталгааг хангах чухал хүчин зүйл болжээ. Өнгөрсөн жилүүдэд Оюу Толгой компанид 80м tailing thickener, Энержи Ресурс компанийн Ухаа худаг төсөлд Refurbishment Sumps зэрэг тоног төхөөрөмж нийлүүлжээ.

FLS Монголын бизнес хөгжлийн захирал Т. Зоригтсайхан
“FLSmidth компани 2010 оноос Монголд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш уул уурхайн салбарын томоохон компаниудтай тасралтгүй хамтран ажиллаж байна. Энэ хугацаанд бид тоног төхөөрөмжийн чанарыг сайжруулж, засвар үйлчилгээний төв байгуулснаар харилцагчдад илүү шуурхай, найдвартай үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүллээ. Оюу Толгой зэрэг баяжуулах үйлдвэрүүдэд техникийн дэмжлэг, мэргэжлийн зөвлөгөө, засвар үйлчилгээ үзүүлэх ажлыг тасралтгүй хийж ирсэн нь манай багийн гол бахархал юм.”

Данийн Вант Улсаас БНХАУ-д суугаа, Монгол Улсыг хавсран суугаа Элчин сайд Майкл Старбэк Кристенсен:
“Дани, Монгол хоёр улс олон арван жилийн найрсаг харилцаатай бөгөөд FLS-ийн шинэ үйлчилгээний төвийн нээлт энэ хамтын ажиллагааны бодит илэрхийлэл юм. FLS-ийн үйл ажиллагаа энэ уламжлалт харилцааг шинэ шатанд гаргаж, уул уурхайн салбарт тогтвортой, хариуцлагатай хөгжлийн шинэ хуудас нээж байна. Энэ төв нь зөвхөн технологийн төдийгүй итгэлцэл, түншлэлийн илэрхийлэл юм.”
FLS Монгол Сервис Төвийн өргөтгөл нь зөвхөн тоног төхөөрөмжийн төв төдий биш, харин чанарын стандарт, тогтвортой хөгжлийн шинэ жишиг тогтоох стратегийн гол цэг болж байна. Энэ төв нь орон нутгийн болон бүс нутгийн уул уурхайн үйл ажиллагааг дэмжих, дэвшилтэт технологи, найдвартай засвар үйлчилгээ хүргэх шинэ үеийг нээж, уул уурхайн салбарын хөгжлийг бодитойгоор дэмжиж байгааг харуулж байна.