Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу эрчимтэй урагшилж байна

Монгол Улсад хэрэгжиж буй хамгийн том дэд бүтцийн төсөл болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайд өнөөдөр /2025.11.01/ Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар ажиллав.

Айлчлалын үеэр төслийг хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Атул Малхари Готсурве нар төслийн хэрэгжилтийн явц, гүйцэтгэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч танилцууллаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар хэлэхдээ, Монгол Улс түлш, шатахууны хангамжийн хувьд бие даасан бодлоготой, тогтвортой хангамжтай болох стратегийн зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд үүний тулд Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг саадгүй, эрчимтэй хэрэгжүүлэх нь нэн чухал гэдгийг онцлов. Тэр бээр “Энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнээр Засгийн газрын бусад томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд түлхэц өгөх болно” хэмээн тэмдэглэв.

Мөн тэрээр, “Төсөл хэрэгжүүлэгч Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн удирдлага, хамт олон, төслийн менежментийн зөвлөх, ерөнхий гүйцэтгэгч Энэтхэгийн компаниудын нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл төслийн бүтээн байгуулалтыг эрчимтэй ахиулах гол хүчин болж байна. Энэ төсөлд оролцож буй бүх инженер, мэргэжилтэн, хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье” хэмээсэн юм.

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн явц 50 гаруй хувьтай үргэлжилж байна. Дөрвөн сарын өмнө 20 гаруй хувийн гүйцэтгэлтэй байсан бол өнөөдөр ажлын явц талдаа оржээ. Бүтээн байгуулалтын ажлыг хугацаанаас өмнө буюу 2027 онд дуусгахаар төлөвлөсөн байна. 

Мөн үйлдвэрийн түүхий эдийг тээвэрлэх 527 км урттай газрын тос дамжуулах хоолойн төсөл 89.4 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Төсөл бүрэн утгаараа хэрэгжихэд тулгамдаж буй түүхий эдийн хангамж болон “Ширээт” дэд станцыг 25 мВт хүчин чадалтай болгон өргөтгөх ажилд Засгийн газар онцгой анхаарна гэж Ерөнхий сайд Г.Занданшатар хэллээ. 

Засгийн газрын тэргүүн болон гишүүд төслийн явц, бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу, саадгүй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн сацуу үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулах зорилтыг бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа мэдэгдэв.

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням “2021 онд эхэлсэн энэхүү төсөл томоохон үе шатуудыг амжилттай давж, бүтээн байгуулалт нь эрчимтэй өрнөж байна. Төслийн хэрэгжилтийн явцыг хоёр долоо хоног тутамд нарийн хянаж, онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа. Хоёр сарын өмнөх байдалтай харьцуулахад үйлдвэрийн талбайн барилга, угсралтын ажил мэдэгдэхүйц ахицтай явагдаж буйг харлаа. Монгол Улсын Засгийн газар болон АҮЭБЯ үйлдвэрийн түүхий эдийн хангамжийг баталгаажуулах чиглэлээр бодлогын түвшний шийдвэр гаргахаар идэвхийлэн ажиллаж байна” гэж мэдэгдлээ.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар