Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

ШИНЭ СТРАТЕГИ СЭТГЭХ ЦАГ ИРЛЭЭ

The Mongolian Mining Journal               2025.09-р сарын дугаар


Ц.Элбэгсайхан

Сүүлийн гурван сарын хугацаанд Монгол Улсын нүүрсний экспортын салбарт халуухан үйл явдлууд өрнөж, үнийн хэлбэлзэл, төсвийн дарамт, дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын эхлэл зэрэг нь уул уурхайн салбарын төдийгүй ард нийтийн анхаарлын төвд байлаа. Төсөвт тодотгол хийхэд хүрсэн ч нүүрсний экспорт энэ хугацаанд өссөнөөр нөхцөл байдал орвонгоороо эргэж, төсвийн тэнцэл наймдугаар сард ашигтай гарав. 

Нөгөө талаас Засгийн газрын үйл ажиллагааны үр дүнд гарсан амжилт гэж Ерөнхий сайд дүгнэж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар хэлэхдээ “Долдугаар сард 541 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан төсөв наймдугаар сард 52 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Тоо худлаа хэлдэггүй, энэ бол бидний ажлын бодит үр дүн” хэмээсэн юм. Үнэхээр ч энэ бол маш том тоо. Гэхдээ үр дүнг дүгнэхэд нэгхэн сар хангалтгүй. Үнэхээр трендийн эргэлт мөн үү, үнэхээр эрх баригчдын зөв шийдвэр, арга хэмжээний хариу урвал байсан уу гэдгийг ирэх өвөл л харуулна. Юуны өмнө энэ гоёмсог тооны цаана чухам ямар үйл явдал өрнөснийг бодитойгоор харахыг хичээе. 

ҮНИЙН ДАРАМТ БҮРЭН АРИЛААГҮЙ БАЙНА 

2025 оны эхний хагаст дэлхийн зах зээл дэх нүүрсний үнийн уналт Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлж, экспортын орлого тасалджээ. Гэвч оны II хагасаас эхлэн нүүрсний экспортын хэмжээ эерэг үзүүлэлттэй гарч эхэллээ. Долдугаар сард Монголын нүүрсний биржээр арилжаалагдсан нүүрсний хэмжээ огцом нэмэгдсэн бол энэ өсөлт 8 дугаар сард улам эрчимжжээ. Энэ эрчээрээ бол оны эцэст зорьсон 85 сая тонныг экспортолчих найдлага харагдаж байна. 

Тоон мэдээллээс үзвэл, 8 дугаар сард Монгол Улс 8.52 сая тонн нүүрс экспортолж, 469.7 сая ам.долларын орлого олсон нь сүүлийн үеийн хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Энэ нь өмнөх сараас 30.3%-иар, өнгөрсөн оны мөн үеэс 8.2%-иар өссөн үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч, нэг тонн нүүрсний экспортын дундаж үнэ 55.1 ам.доллар болж буурсан нь үнийн дарамт арилаагүйг илтгэж байна. Оны эхний хагаст нүүрсний үнэ 100 ам.доллар орчим байсантай харьцуулахад энэ нь нэлээд буурсан үзүүлэлт юм. 

ҮНИЙН ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ ИРЭХ ОНЫ ТӨСӨВТ ТОМООХОН СОРИЛТ БОЛНО

Нүүрсний экспортын орлого нь Монгол Улсын төсвийн орлогын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг. Оны эхний хагаст үнийн уналтаас үүдэн төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй нь Засгийн газрыг 2025 оны төсөвт тодотгол хийхэд хүргэсэн юм. Энэхүү тодотголын хүрээнд төсвийн нийт зарлагыг 2.1 их наяд төгрөгөөр танаж, орлогын төлөвлөгөөг бууруулсан. Энэ нь нүүрсний үнийн хэлбэлзэл улс орны макро эдийн засгийн тогтвортой байдалд ямар их нөлөөтэй болохыг дахин нэг удаа харуулсан. 

Хэдийгээр сүүлийн саруудад экспортын хэмжээ сэргэж байгаа нь төсвийн орлогод эергээр нөлөөлөх хэдий ч, үнийн тогтворгүй байдал нь ирэх оны төсвийн төлөвлөлтөд томоохон сорилт хэвээр байх болно. Экспортын хэмжээ өсөхийн зэрэгцээ үнэ 6, 7 дугаар сартай харьцуулахад бага зэрэг сэргэсэн боловч ирэх жилүүдэд нүүрс нөлөөгөө хадгалах дохио гэж үзэж болохгүй. Учир нь тоо хэмжээ ч тэр, үнэ ч гэсэн цаг зуурын нөлөөллөөс шалтгаалсан байх магадлал илүү өндөр. 

Бөмбөрцгийн хойд хагаст өвлийн улирал ойртож байгаатай холбогдуулан эрчим хүчний үйлдвэрүүд болон бусад томоохон хэрэглэгч өвлийн бэлтгэлээ базааж, нүүрсний нөөцөө бүрдүүлж эхэлдэг. Энэ нь 9 дүгээр сараас эхлэн нүүрсний (ялангуяа эрчим хүчний нүүрсний) эрэлтийг нэмэгдүүлж, үнэд эергээр нөлөөлдөг уламжлалт цикл юм. Үүнтэй холбоотойгоор ӨМӨЗО-ны эрчим хүчний гол компаниуд болон цахилгаан станцууд Засгийн газраас өгсөн үүргийн дагуу нүүрсний нөөцөө шаардлагатай түвшнээс давуулан биелүүлсэн. Мөн 10 дугаар сард болох Хятадын Үндэсний баярын өмнө үйлдвэрлэлээ нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь түүхий эдийн богино хугацааны эрэлтийг бий болгодог. 

Есдүгээр сарын дунд үеийн байдлаар, бүс нутгийн хэмжээнд цахилгаан станцуудын нүүрсний нийт нөөц 35 сая тонныг давсан нь түүхэн дээд үзүүлэлт болж байна. Энэ нөөцөөр 30-35 хоногийн хэвийн үйл ажиллагааг тасралтгүй хангах боломжтой ажээ. 

ГАНЦ Л СТРАТЕГИ 

Тавантолгойгоос хүртсэн ногдол ашгаасаа ч илүү их хөрөнгө оруулалтыг одоогоор монголчууд Тавантолгойд хийчихээд буй. Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт дуусаж жинхэнэ утгаараа төмөр замаар нүүрс экспортолж эхлэхэд аль болох ахиуг хямд үнээр зарна гэдэг ганц л стратеги сонголтгүй үлдэж байна. 

Монгол Улсын Засгийн газраас боловсруулсан 2026 оны төсвийн төсөлд экспортын нүүрсний дундаж үнийг 70.0 ам.доллар байхаар төлөвлөсөн нь хавьгүй бодитой гэсэн магтаалыг эдийн засагчид, Төсвийн Тогтвортой Байдлын Зөвлөлөөс авч байгаа нь сайн хэрэг. Зүй нь дундаж үнэ нь 100 ам.доллар хүрдэг ч бай, үгүй ч бай нүүрснээс олсон тооцооллоос давсан орлогыг Үндэсний баялгийн сандаа төвлөрүүлвэл зохилтой. Өнөөдөр бид нүүрсний үнэ 50% унасан ч 33 их наядын зарлага гаргаж чадах хэмжээний “баян” улс болчихоод яваагаа ч өөрсдөө бүрэн ухамсарлаагүй яваа бололтой. 

Товчхондоо бэлэн тодорхой орлогоо яаж үрэх вэ гэж боддог биш, бусад нөөц бололцоогоо (магадгүй, газрын ховор элемент, алт, ноолуур, катод, шатахууны үйлдвэрлэл) ашиглаж хэрхэн мөнгө олж болох вэ гэдэг шинэ стратегийг сэтгэх цаг ирлээ.