Ч.Сансар
Даваа гарагт Хятадын гаалийн мэдээлснээр, есдүгээр сард Монголоос Хятад руу импортолсон нүүрсний дээд хэмжээнд хүрсэн байна. Бээжин дотоод олборлолтоо хязгаарлах арга хэмжээ авч байгаа нь дотоодын үнийг өсгөж, бизнесүүд гадаадаас хямд үнээр нүүрс нийлүүлэх сонирхлыг өсгөлөө.
Өнгөрсөн есдүгээр сард Монгол Улс Хятад руу 9.29 сая тонн нүүрс тээвэрлэсэн талаар БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Энэ нь жилийн өмнөхөөс 33%-иар өссөн үзүүлэлт юм.
Энэ оны эхний хагаст нүүрсний нийлүүлэлт гэнэт нэмэгдэж, үнэд сөргөөр нөлөөлсөн тул Хятад улс сүүлийн саруудад нүүрсний олборлолтоо хязгаарлах бодлого барьж байгаа аж.
Энэхүү шийдвэр нь эрчим хүчний нүүрсний дотоодын үнэ ханшийг сүүлийн найман сарын хамгийн дээд түвшинд хүргэв. Гангийн үйлдвэрлэлд ашигладаг металлургийн нүүрсний фьючерсийн үнэ 7-р сарын эхнээс 30%-иар өссөн байна.
Энэ нь хямд бүтээгдэхүүнтэй Монголын экспортлогчдод боломж олгосон гэж Wood Mackenzie компанийн металлургийн нүүрсний зах зээлийн ахлах зөвлөх Саймон Ву хэлэв.
"Монгол улс хөрш орны хувьд ойрын зайнаас тээвэрлэх нь давуу тал бий болгож, импортын зах зээлд эзлэх хувиа хамгийн ихээр нэмэгдүүлж чадсан" гэж Ву хэлэв.
“Kpler” судалгааны байгууллагын нүүрсний ахлах шинжээч Фират Эргене хэлэхдээ, Монголын нүүрс энэхүү нөхцөл байдлыг ашиглаж чадсан. Сүүлийн жилүүдэд худалдааны хурцадмал байдлаас болж Австрали, АНУ зэрэг бусад нүүрс олборлогч орнуудын импорт тогтворгүй байгаа гэжээ.
Монголын нүүрс нь урт хугацааны тогтвортой нийлүүлэгчийн шаардлага хэрэгцээг хангаж байгаа гэж бодож байна” гэв.
Хятадын хамгийн том нийлүүлэгч Индонезийн нүүрсний импорт сүүлийн есөн сарын хамгийн дээд хэмжээнд хүрсэн байна.
Өнгөрсөн есдүгээр сард Индонезийн нүүрсний импорт жилийн дүнгээр 1%-иар өсч 21.48 сая тоннд хүрсэн байна.
Доорх хүснэгтэд Хятадын хамгийн том дөрвөн нийлүүлэгч улсын импортыг (тонноор) харуулав.