Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Газрын тосны бүтээгдэхүүний импортын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд анхаарна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Удирдлагын зөвлөлийн ээлжит шуурхай хуралдаан (2025.10.20) боллоо. Хуралдаанд яамны газар, хэлтсийн дарга нар оролцож, гүйцэтгэсэн ажлын явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. Хурлыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явуулж, холбогдох газар хэлтсүүдийн ажлын гүйцэтгэл, тайлан, мэдээтэй танилцан дараах үүргийг өглөө.

Үүнд:

-Газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний нөөц, олборлолтыг нэмэгдүүлэх, зах зээлийн боломжийг өргөжүүлэх бодлогын ажлуудад онцгой анхаарах;

- Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон цахилгаан автомашины хэрэглээг дэмжих бодлогын санал боловсруулж танилцуулах;

- Газрын тос боловсруулах үйлдвэрийг богино хугацаанд ашиглалтад оруулахад бүхий л талын дэмжлэг үзүүлэх;

- Түүхий тос авах боломж, нөөц нэмэгдүүлэх асуудлаар цогц санал боловсруулж танилцуулах;

- Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн бүртгэлийн нэгдсэн цахим систем бий болгох;

- Хоёр, гуравдагч улсаас газрын тосны бүтээгдэхүүн татан авалт хийх нөхцөлийг бүрдүүлэх;

- Үүсмэл ордын ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хурлаар хэлэлцэх бэлтгэл хангуулах;

- Засгийн газрын хуралдаанаар IV улиралд хэлэлцүүлэх ажлуудад анхаарах;

- Бүтээгдэхүүн хуваах гэрээний үүргийн биелэлтийг хангуулах;

- Бүх газар, хэлтсүүд олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, өмнө өгсөн чиглэлийн дагуу ажлаа гүнзгийрүүлэн хэрэгжүүлэх зэрэг бусад ажлыг шуурхай шийдвэрлэж, үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Мөн салбарын яам болон шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн хамтарсан ажлын хэсэг БНХАУ-ын экспортлогч компаниудтай уулзалт хийж, евро-5 стандартын АИ-92 автобензин тус улсаас авах хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээр хэлцэл хийж байгаа ажээ. 

 

Эх сурвалж: АҮЭБЯам