Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, үүний 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүт цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Улмаар тус станцын 150МВт хүчин чадалтай эхний блокийг 2024 оны 12 дугаар сард ашиглалтад оруулж, төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Тус станцын 150МВт хүчин чадалтай II блок ашиглалтад орж, өнөөдрөөс төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ.
Тодруулбал, Бөөрөлжүүт цахилгаан станцын 150МВт-ын хүчин чадалтай II блокийн барилга угсралт, туршилт тохируулгын ажил бүрэн дуусаж, төлөвлөсөн хугацаанаасаа сар гаруйн өмнө буюу 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 08:00 цагаас эхлэн Төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдон цахилгаан эрчим хүчээ нийлүүлж байна. Өөрөөр хэлбэл, Бөөрөлжүүт цахилгаан станц Монгол Улсын эрчим хүчний системд 300МВт цахилгаан эрчим хүч нийлүүлж байна гэсэн үг.
Бөөрөлжүүт цахилгаан станц 300МВт хүчин чадлаар ажиллаж эхэлснээр Монгол Улсын 963 мянган айл өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг үйлдвэрлэнэ. Мөн хоёр блок бүхий 300МВт цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажилласнаар жилд 2.4 тэрбум хүртэл КВт цахилгаан үйлдвэрлэх юм.
Эх сурвалж: НЗДТГ-ын ХМОНХэлтэс