Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Рио Тинто”-ийн зэсийн үйлдвэрлэл 10%-иар өсөв

Б.Төгс

Оюутолгойн хяналтын багцыг эзэмшдэг Рио Тинто компани энэ оны гуравдугаар улирлын тайлангаа танилцууллаа. Тайлант хугацаанд тус компанийн зэсийн үйлдвэрлэл 204 мянган тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 10%-иар нэмэгдсэн байна. Үүнд Оюутолгой болон компанийн бусад зэсийн төслийн олборлолтын өсөлт нөлөөлжээ. Оюутолгой уурхайн зэсийн үйлдвэрлэл он гарсаар эхний есөн сарын байдлаар 241.3 мянган тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 62.3%-иар өссөн үзүүлэлт боллоо. “Рио Тинто”-ийн нийт зэсийн төслүүдийн үйлдвэрлэл оны эцэс гэхэд төлөвлөгөөний дагуу буюу 780-850 мянган тоннд хүрэхээр байна.

Компанийн орлогын гол эх үүсвэр төмрийн хүдрийн тухайд борлуулалт гуравдугаар улиралд өмнөх улирлынхаасаа 6%-иар нэмэгдлээ. Тодруулбал гуравдугаар улиралд тус компани нийтдээ 84.3 сая тонн төмрийн хүдэр борлуулсан нь хоёрдугаар улирлын дүнгээс (79.9 сая тонн) өсөлттэй гарлаа. Ийнхүү компанийн Австралийн Пилбара дахь төмрийн хүдрийн борлуулалт гуравдугаар улирлын үзүүлэлтээр 2019 оноос хойших хугацаанд хоёр дахь дээд амжилтыг тогтоолоо. Оны эцсээр “Рио Тинто”-ийн төмрийн хүдрийн олборлолтын хэмжээ 323-338 сая тонн байх төлөвтэй байна.

Бокситын үйлдвэрлэл гуравдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 9%-иар өсч 16.4 сая тоннд хүрчээ. Үүнд Австралийн Куинслэнд муж дахь “Amrun төслийн үйл ажиллагааны үзүүлэлт голлон нөлөөлжээ. Ингэснээр тус компани бокситийн үйлдвэрлэлийнхээ жилийн төлөвлөгөөг нэмэгдүүлэн тогтоож 59-61 сая тонн байхаар тооцооллоо. Өмнөх төлөвлөгөөгөөр бокситын үйлдвэрлэл жилийн эцсээр 57-59 сая тонн байхаар тооцсон байсан юм. Хөнгөн цагааны үйлдвэрлэл өмнөх оны мөн үеийнхээс 6%-иар өсч 860 мянган тоннд хүрсэн бөгөөд жилийн эцсээр нийт үйлдвэрлэл 3.25-3.45 сая тоннын хооронд хэлбэлзэхээр байна.