Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

“КАЗАТОМПРОМ” КОМПАНИ УРАНЫ ОЛБОРЛОЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ШАТНЫ БҮХИЙ Л ДЭД БҮТЦИЙГ ДОТООДДОО ХӨГЖҮҮЛЖ БАЙНА

А.Халиун

(Казахстан. Астана хот)

2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Казахстан улсын Ерөнхийлөгч К.Токаев манай улсад төрийн айлчлал хийсэн бөгөөд энэ үеэр хоёр улсын төрийн тэргүүний түвшинд эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, 500 сая ам.долларт хүргэх зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд хөдөө аж ахуйн салбаруудаас гадна уул уурхай, тэр дундаа газрын ховор элемент, ураны хайгуул олборлолтын салбарт хамтран ажиллах хүсэлтэй буйгаа Казахстан улсын талаас илэрхийлсэн юм. 

Казахстан улсын хувьд 2024 оны байдлаар дэлхийн хэмжээнд олборлож буй ураны 38%-ийг, үүний 20%-ийг Казатомпром компани дангаар хангадаг. Казахстаны нутаг дэвсгэрт ураны 27 орд байдаг бол үүний 26 орд дээр тус компани түнш байгууллага, гадаад хөрөнгө оруулагч нартай (Канад, Франц, Хятад, ОХУ г.м.) хамтран хэрэгжүүлж буй 14 уул уурхайн төслийн хүрээнд олборлолт явуулдаг. Хайгуулын урьдчилсан дүнгээр Казахстанд 200 мянган тонн ураны нөөц тогтоогдсон гэх мэдээллийг “Казатомпром” компанийн Нэгдүгээр орлогч, Эдийн засаг, санхүү хариуцсан захирал Марат Тулебаев өгөв.

2.7 сая км.кв газар нутагтай, газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 9 дүгээрт эрэмбэлэгдэх Төв Азийн энэ улс 20.2 сая хүн амтай. 2024 оны байдлаар ДНБ-ий хэмжээ нь 4.8%-иар өсөж, 296 тэрбум ам.долларт хүрсэн ба энэ үзүүлэлтээрээ тус улс дэлхийд 98 дугаарт эрэмбэлэгдэж байна. Казахстан улс байгалийн баялгийн арвин нөөцтэй. Газрын тосны нөөцөөр дэлхийд 12-рт, чулуун нүүрсээр 9-рт, уран, вольфрамын нөөцөөр 1-рт бичигддэг. Улсынхаа нийгэм, эдийн засагт үлэмж нөлөө үзүүлэгч үндэсний оператор “Казатомпром” хувьцаат компани нь 36 охин компани, 21.554 ажилтантай томоохон бүтэц бүхий үндэсний корпораци аж. 

Тус компанийн хувьцааны 75%-ийг Казахстаны төрийн өмчит “Самрук Казына” баялгийн үндэсний сан, 25%-ийг Лондоны Хөрөнгийн бирж /LSE/ болон Астанагийн олон улсын санхүүгийн төвийн биржид /AIX/ арилжаалж, олон улсын хөрөнгө оруулагчдын итгэл, сонирхлыг татаж байна. 

Казахстан улсын Ерөнхийлөгч К.Токаевын Монголд хийсэн төрийн айлчлалын үеэр талууд Цөмийн энергийн комисс болон Казахстаны Эрчим хүчний яам хоорондын цөмийн салбарт хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулсан. Мөн 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын төрийн өмчит “Мон-Атом” ХХК болон “Казатомпром” ХК хооронд хамтарсан төсөл хэрэгжүүлэх замын зураглалд гарын үсэг зурсан билээ. 

“Казатомпром” компанийн Нэгдүгээр орлогч, Эдийн засаг, санхүү хариуцсан захирал Марат Тулебаев УИХ-ын дарга тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчдөд үйл ажиллагаа танилцуулсан юм. 

Казатомпром компани 1997 онд байгуулагдсанаас хойш гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж, тогтвортой үйл ажиллагаа явуулснаар уран олборлолтоор дэлхийд тэргүүлэгч компани болсон. 

Дэлхий даяар цөмийн энергийн хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. Цөмийн энергийг ашиглах хэрэгцээ өсөхийн хэрээр улс орнууд хуучин атомын цахилгаан станцаа шинэчлэх, шинэ станц байгуулах зэргээр цөмийн энергийн үйл ажиллагаа идэвхжиж байна. Мэдээллийн үсрэнгүй хөгжил, технологийн хиймэл оюуны салбарын компаниуд цар хүрээгээ тэлэхийн хэрээр цахилгаан эрчим хүчний хэрэгцээ шаардлагыг улам бүр нэмэгдүүлж байна. 

Тиймээс 2040 он гэхэд ураны эрэлт өнөөдрийнхөөс 2 дахин өсөх төлөвтэй. Хэдийгээр Казатомпром компани ураны тэргүүлэгч компани боловч цаашид “Казатомпром”-ын чинээ 2 компани үйл ажиллагаа явуулж байж эрэлтийг хангах тооцоолол гарч байна.

УРАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИЙГ БҮРЭН ЭЗЭМШИЖ, ДЭД БҮТЦИЙГ ДОТООДДОО ХӨГЖҮҮЛЖЭЭ

“Казатомпром” компани газрын гүн дэх цооног руу шүлтлэг бодис шахаж, газар дор уусган олборлох аргаар ураныг гарган авдаг. Энэ аргачлалаар олборлолт явуулахад уурхай, барилга байгууламж барих шаардлагагүй тул өртөг зардал багатайн дээр байгаль орчинд хор нөлөө багатай. 

Газрын гүн рүү цооног ухаж, өрөмдөх процесс явагдах ба хөрсний бүтцээс хамаарч хүссэн газартаа ийм аргаар уран олборлолт явуулах боломжгүй. Гэвч Казахстан, Монгол Улсын хөрсний бүтэц ойролцоо тул энэ арга технологийг ашиглах боломжтой.  

Уран олборлох технологийг эзэмшиж, ашиглахдаа химийн бодисыг газар дор уусган нэвтрүүлж, олборлох амжилттай технологийг ашигладаг бөгөөд энэ чиглэлээр арвин туршлага хуримтлуулснаа ноён Марат батлан хэлж байв. 

Казахстан улс ураны салбарт 1997 онд орж ирсэн харьцангуй шинэ тоглогч. Анх олборлоход шаардагдах өндөр технологийн бүтээгдэхүүнүүдийг гадаадаас импортолж байсан бол одоо дотооддоо үйлдвэрлэн хөгжүүлж байна. Тухайлбал, “Казатомпром” компани дэргэдээ ураны олборлолт явуулахад туслах дэд бүтцүүдийн үйл ажиллагааг жигд хөгжүүлж, тэдгээр нь тогтвортой ажиллаж байна. 

“Казатомпром” компанийн бүрэлдэхүүнд олон судалгааны төрлийн лаборатори, байгууллага, өндөр технологийн хүрээлэн ажилладаг бөгөөд ураны геологи, хайгуул, өрөмдлөг, тээвэр логистик зэрэг үйлдвэрлэлийн бүх шатанд үйл ажиллагаа явуулах болжээ. 

Тухайлбал, “Казатомпром” компанийн бүрэлдэхүүнд металлургийн үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг ба ийм үйлдвэр дэлхий дээр Хятад, Америк, Казахстанд л бий аж. Тиймээс энэ үйлдвэрээ “хосгүй онцлог үйлдвэр” хэмээн тодотгож байв. Мөн тантал, ниоби зэрэг ашигт малтмалыг олборлохоос үйлдвэрлэх бүх шат дамжлагыг нэвтрүүлсэн ба түүгээр цөмийн станцад зориулсан дулаан ялгаруулах чиглэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг. 

Ураны олборлолт явуулахад хэд хэдэн төрлийн химийн бодис шаардлагатай. Тэдгээрээс өргөн ашигладаг химийн гол бодис нь хүхрийн хүчил. “Казатомпром”-ын бүрэлдэхүүнд хүхрийн хүчлийн 2 үйлдвэр бий. Одоо дахин шинэ үйлдвэр байгуулж байна. 

Уран олборлолтоор дэлхийд тэргүүлэгч “Казатомпром” компани ийн үйл ажиллагаа өргөжүүлэн, олборлолт, үйлдвэрлэлийн шатны бүхий л дэд бүтцийг аль нэг улсын хамааралгүйгээр дотооддоо төвлөрүүлэн хөгжүүлжээ.

МОНГОЛД УРАНЫ ЭРЭЛ ХАЙГУУЛ ХИЙХ ГАЗРЫГ “КАЗАТОМПРОМ”-Д ТАНИЛЦУУЛЖЭЭ 

“Казатомпром” компани олборлолтыг нэмэгдүүлэх зорилтынхоо хүрээнд өөрийн орноос гадна гадаад зах зээлд гарч, энэ салбарт хамтарч болох улс орнуудын нэг нь Монгол гэж үзэж байна. Тус компанийн эрх бүхий төлөөлөгчид Монголд хүрэлцэн ирж, “Мон-Атом” компанийн удирдлагуудтай уулзсан байна. 

“Мон-Атом” компаниас бидэнд ураны эрэл хайгуул хийх 3 газрыг танилцуулсан. Тус газарт нь ураны хайгуул, судалгааны ажил хийх хүсэл эрмэлзэлтэй байна. Дараагийн шатны ажил нь эрэл хайгуултай холбоотой геологийн тайлан төлөвлөгөө гаргах юм. Үүнтэй зэрэгцээд хамтарсан үйлдвэр байгуулах боломжийг судална. 

Уранаас гадна газрын ховор элементийн эрэл хайгуул хийж, олборлох чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. 

Ураны төслийг хэрэгжүүлсний дараа байгаль орчинд учирч болох эрсдэл, нөхөн сэргээлт хийхэд ямар асуудалтай тулгарч байсан талаар тодруулахад:

“Казатомпром” ХК-ийн Нэгдүгээр орлогч захирал Марат Тулебаев, АЦС барихтай холбоотой гарах зардлын ихэнх нь АЦС-ын аюулгүй байдалд зарцуулагддаг. 

Казахстан улс ураны олборлолт явуулж эхэлснээс хойших анхны цооногуудыг одоо л хааж эхэлж байна. Хаагдаж буй цооногуудад цемент цутгаж битүүлдэг. Уран олборлоход ашиглаж байсан дамжуулах хоолойг салган авч, цацрагийн идэвхгүй болгох зориулалтын бодис шахна. Ураны олборлолтыг эхлэхтэй зэрэгцэн тухайн орд газрыг татан буулгах фондыг үүсгэдэг. Фондын хөрөнгийн хэмжээ нь цооногийн цар хүрээтэй ижил түвшинд байх бөгөөд цооногийн цар хүрээ том бол фондын хөрөнгө ч адил өндөр байдаг. Тиймээс олборлолт явуулж дуусаж, ураны орд газар хаагдахад нөхөн сэргээх хөрөнгө нь бэлэн байдаг. Энэ бүх зохицуулалтыг Казахстаны Газрын хэвлийг ашиглах тухай хуульд тусгасан байдаг тул бүх орд газарт ийм жишгээр, хуулийн хүрээнд хариуцлагатай үйл ажиллагаа явуулдаг гэв. 

Ураны олборлолт явуулах, цаашилбал атомын цахилгаан станц барих шийдвэр гаргахад ард иргэд нь хэрхэн хүлээж авдаг, нийгмийн эсэргүүцэлтэй тулгарвал ямар арга хэмжээ авч ирсэн зэрэг нь монголчууд бидний хувьд хамгийн сонирхолтой асуулт байлаа.

Энэ асуултад Тулебаев хариулахдаа, "Уран, АЦС-ын талаар ард иргэдийн ойлголт хангалтгүйгээс айдаст автаж, эсэргүүцэгчид гарч ирэх нь ойлгомжтой. Тиймээс ард иргэддээ үнэн зөв ойлголт өгч, атомын цахилгаан станц барихтай холбогдуулан бүх нийтийн санал асуулга явуулахад дийлэнх олонх буюу 70% нь дэмжсэн" гэв. 

Казахстан улс 2060 он хүртэл нүүрстөрөгчийн ялгарлыг тэглэх үүрэг хүлээжээ. Өнөөдрийн байдлаар тус улсад хэрэглэж буй эрчим хүчний 70% нь нүүрсэнд суурилж байна.

Улс орны эдийн засаг өсөхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ нэмэгдсээр, дутагдалд орж байна. Тиймээс Казахстан улсын Ерөнхийлөгч К.Токаев атомын 3 цахилгаан станц шинээр барих шийдвэр гаргасан гэх мэдээллийг энэ үеэр Казахстан улсын Парламентын доод танхим Мажилисийн дэд дарга нь өгсөн юм. Экологийн цэвэр эрчим хүч үйлдвэрлэдэг АЦС-тай дүйцэх эрчим хүчний эх үүсвэр дэлхийд өөр байхгүйг хөгжсөн улс орнууд үндсэндээ хүлээн зөвшөөрч санал нэгджээ. Казахстан улс ураны хайгуул, олборлолтоо эрчимжүүлж, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах эрчим хүчний шинэ эх үүсвэрийн эрэлд гарсан, энэ салбар дахь байр сууриа улам бүр нэмэгдүүлэх итгэл үнэмшил, эрмэлзэл дүүрэн байна.  

“Мон-Атом” болон “Казатомпром” ХК-ийн хамтын ажиллагааны талаар Нэгдүгээр орлогч захирал Тулебаев Марат Дулатович, Монголтой холбоотой ажлын эхний үе шат нь геологийн тайлан гаргах байв. Гаргасан геологийн тайланг манай холбогдох техникийн мэргэжлийн байгууллагууд үнэлж, дүгнэлт гаргах нь чухал.

Мөн эрэл хайгуулын өрөмдлөг хийх хэрэгтэй. Хайгуулын ажлыг 3 жилийн хугацаанд хийх боломжтой ба үүнтэй зэрэгцэн уранаа олборлож байх боломжтой. Одоогийн байдлаас харахад ураны агууламж нь газрын 600 метрийн гүнд байгаа нь Казахстаныхтай ижил төстэй хөрсний бүтэцтэй байж болохуйц байна. Казахстанд хамгийн сүүлд хэрэгжүүлсэн төсөлд хайгуулын ажлыг 2 жилийн хугацаанд явуулсан. Нөөц нь батлагдвал эдийн засгийн үндэслэлийг тооцоолно. Үүний дараа дэд бүтцийн ажлууд яригддаг. Энэ бүх үйл ажиллагаанд 3 жилийн хугацаа шаардагдана. Гэхдээ үүнээс цаашлаад олборлолтын үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ гэв. 

Францын “Орано“ групп Монголд ураны хайгуул, туршилтын олборлолт явуулах ажлын гараагаа эхэлсэн жил буюу 1997 онд “Казатомпром” компани байгуулагджээ. Тэр цагаас хойш улстөржилт, эсэргүүцэл, төрийн дэмжлэг дутагдсаны улмаас 27 жилийн дараа Монгол Улс анхны Хөрөнгө оруулалтын гэрээг хийлээ. Гэтэл манайхтай нэг жил гараанаас гарсан Казахстан улс дэлхийд тэргүүлэгч уран олборлогч болж, улсынх нь эдийн засаг ч тэлжээ. Бид маш их цаг хугацаа, боломж алдсаныг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Уран болон газрын ховор элементийн салбарт Казахстан улстай хамтран ажиллах бүрэн боломжтой юм.