
Ч. Сансар
Украин ОХУ-ын нефть боловсруулах үйлдвэрүүдийг бөмбөгдсөний улмаас Орос улсад шатахууны хомсдол нүүрлэж, үнэ нь нэмэгдэж байна. Шатахууны асуудлаа шийдэхийн тулд Москва бензин, дизель түлшний экспортоо хориглож, хязгаарласан билээ. Энэ нь Оросын шатахуунаас ихээхэн хамааралтай Төв Азийн зарим улсуудад нөлөөлж байна.
Тажикистан улс
Бараг бүх шатахуунаа Оросоос импортолдог Тажикистан улс хамгийн их хохирол амссан. Тус улс Москвагийн стратегийн түнш, ойрын холбоотон бөгөөд Оросоос шатахуун нийлүүлдэг.
ОХУ энэ зун эрчим хүчний экспортоо хязгаарласнаас хойш Тажикистанд үнэ огцом өссөн. Одоогийн байдлаар нэг литр энгийн бензин 1.30 ам.долларын үнэтэй байгаа нь бүс нутагтаа хамгийн өндөр үзүүлэлт юм.
ОХУ-ын экспортын тодорхойгүй байдал нь Тажикстаныг эрчим хүчний нийлүүлэлтээ төрөлжүүлэхэд хүргэв. Душанбе хотын такси, нийтийн тээврийн хэрэгслүүд шингэрүүлсэн хий болон цахилгаан эрчим хүч рүү шилжиж байна.
Тажикистан ОХУ-аас 2024 онд 451 мянган тонн бензин импортолж байсан бол энэ онд импорт 500 мянган тоннд хүрнэ гэж Душанбе мэдэгдлээ.
Киргизстан улс
Киргизстан улс автобензин, дизель түлшнийхээ 90 гаруй хувийг ОХУ-аас импортолдог. Киргизстан Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орны хувьд Оросын экспортын хоригт хамрагдаагүй ч зунаас хойш тус улсын зах зээлд шатахуун хомсдож, үнэ ханш нь өсөж байгаа аж.
Киргизстан улс Оросын импортоос бараг бүрэн хамааралтай. Тажикистан шиг эрчим хүчний нөөц ихтэй ч газрын тос боловсруулах үйлдвэр байдаггүй.
Узбекистан улс
Узбекистан хоёр улсын хооронд байгуулсан гэрээний дагуу Оросоос бензин, дизель түлш худалдаж авдаг. Оросоос хараат байдлаа бууруулахын тулд Төв Азийн хоёр том экспортлогч Казахстан, Туркменистан улсуудаас шатахуун импортоор авдаг.
Узбекистан газрын тосны асар их нөөцтэй ч олборлолтоо нэмэгдүүлэх хүчин чадал байхгүй. 2024 онд өдөрт ердөө 63,000 баррель газрын тос олборлосон.
Ташкент хуучирсан эрчим хүчний дэд бүтцээ шинэчлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Казахстан улс
Казахстан нь бусад хөршөөсөө ялгаатай нь түлшээрээ өөрийгөө бүрэн хангах чадвартай. Тус улс эрчим хүчний асар их нөөцтэй, газрын тос боловсруулах технологи, үйлдвэртэй.
Казахстан жил бүр 14 сая тонн нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд энэ нь Төв Азидаа хамгийн өндөр үзүүлэлт. Оросоос жил бүр 1.2 сая тонныг импортолдог.
Харин Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд доголдож байгаа нь Казахстан улсад сөргөөр нөлөөлж байна. Астана 5 дугаар сард газрын тосны бүтээгдэхүүний экспортод зургаан сарын хориг тавьж, хил дамнасан шатахууны хууль бус наймааг таслан зогсоосон.
Хориг үйлчлэх хугацаа 11 дүгээр сард дуусна. Казахстаны засгийн газар 2040 он гэхэд Төв Азийн орнууд болон Хятад, Энэтхэг рүү шатахууны экспортоо нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
Туркменистан улс
Туркменистан газрын тос, байгалийн хийн асар их нөөцтэй. Мөн засгийн газар нь олборлолтод хатуу хяналт тавьдаг учир тус улсын дотоодын зах зээл харьцангуй тогтвортой байдаг.
Шатахууны үнийг засгийн газар зохицуулж, татаас олгодог. 10-р сарын 3-нд Туркменистан 2025 оны эхний есөн сарын хугацаанд бензин, дизель түлш үйлдвэрлэх төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн гэж мэдэгдэв.
Туркменистан өдөрт 275 мянган баррель түүхий тос, шингэн түлш үйлдвэрлэдэг. Тус улс шатахуун, түлшний нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс ашиг хүртэж, бүс нутгийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүнээ ихээр экспортолжээ.
Ашхабад хөрш Узбекистан, Афганистан руу экспортоо нэмэгдүүлж байна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.