О. Дөлгөөн
Таванбогд Констракшн Машинери ХХК-ийн гүйцэтгэх захирал Ю.Ариунсайхан болон “Hitachi Construction Machinery” компанийн Уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдааны ерөнхий менежер Такаши Нишимура нар Монголын уул уурхайн тоног төхөөрөмжийн зах зээлд Hitachi-ийн байр суурь, хамтын ажиллагааны үр дүн, ирээдүйн стратеги төлөвлөгөөний талаар бидэнтэй ярилцлаа.
Японы Hitachi Construction Machinery компанийн Уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдааны ерөнхий менежер Такаши Нишимура:
1. Монголын уул уурхай, барилгын тоног төхөөрөмжийн зах зээлд Hitachi ямар байр суурьтай байна вэ?
Hitachi нь Монголын уул уурхайн болон барилгын тоног төхөөрөмжийн зах зээлд тэргүүлэгчдийн нэг. Олон жилийн хамтын ажиллагааны хүрээнд "Таванбогд Констракшн Машинери" нь харилцагчдаа бүрэн дэмжиж, тоног төхөөрөмжийг найдвартай, тасралтгүй ажиллах нөхцлийг хангадаг. Үүний үр дүнд харилцагчид Hitachi бүтээгдэхүүн болон TCM-ийн мэргэжлийн үйлчилгээнд сэтгэл ханамжтай, итгэлтэй болдог.
2. Tavanbogd Machinery-тэй хамтран ажилласнаар ямар үр дүн, давуу тал гарч байна вэ?
Өнөөдөр бид хамтын ажиллагааны 15 жилийн ойгоо тэмдэглэж байна. Энэ хугацаанд олон зүйлийг хамтдаа сурч, хөгжүүлж, туршлага хуримтлуулан Монголын уул уурхайн салбарт Hitachi брэндийн нэр хүндийг бататгасан. “Таванбогд Констракшн Машинери”-тaй хамтран ажилласнаар техникийн мэдлэг, бүтээгдэхүүний хүртээмж нэмэгдэж, харилцагчдын хэрэгцээнд илүү хурдан, шуурхай хариу үзүүлэх боломж бүрдсэн.
3. Ирээдүйн стратеги хөгжлийн төлөвлөгөө ямар байна вэ?
Дэлхий нийтээр дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, нүүрсхүчлийн хийг бууруулах чиглэлд онцгой анхаарч байна. Hitachi нь энэ зорилгод нийцүүлэн цахилгаан тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, цахилгаан болон батарей хосолсон өөрөө буулгагч машинуудыг зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр Монголын уул уурхайн компаниуд илүү байгаль орчинд ээлтэй, түлшний хэмнэлттэй, дэвшилтэт технологийг ашиглах боломжтой болно.
Таванбогд Констракшн Машинери ХХК-ийн гүйцэтгэх захирал Ю.Ариунсайхан:
1.Энэ жилийн “Харилцагчийн Талархлын Өдөрлөг” (Customer Appreciation Day) арга хэмжээний гол онцлог юу вэ?
Энэ жилийн арга хэмжээний гол утга бол “15” гэсэн тоо. 15 жилийн өмнө зүгээр л мөрөөдөл байсан зүйл өнөөдөр дэлхийн шилдэг брэнд Hitachi-г Монголд нутагшуулж, 140 гаруй тоног төхөөрөмжийг зах зээлд амжилттай ажиллуулж байгаагаар бодит амжилт болон тодорч байна. Хамгийн жижиг нь 1 куб метр багтаамжтай экскаватороос эхлээд хамгийн том нь 34 куб метрийн багтаамжтай экскаваторууд, түүнчлэн 60–220 тонн хүртэлх өөрөө буулгагч машинууд өнөөдөр Монголын уул уурхайд хүч нэмэн ажиллаж байна.
2. Таванбогд Машинери ХХК-ийн хамгийн бахархалтай ололт амжилт юу вэ?
Амжилт бүр өөр өөрийн өвөрмөц онцлогтой. Манай хувьд хамгийн анхны экскаватороо нийлүүлсэн нь ч, хамгийн эхний цахилгаан экскаватороо зах зээлд нэвтрүүлсэн нь ч бахархах зүйл. Гэхдээ миний хувьд хамгийн том амжилт нь Монголын зах зээлд хувь нэмрээ оруулж, залуу инженерүүдийг мэргэшүүлж, Hitachi тоног төхөөрөмж дээр ажиллахыг сургаж, хөгжүүлсэн явдал. Мөн өнөөдөр бид 120 гаруй ажилтантай, тэдний амьдралд хувь нэмэр, мэдлэг, туршлага, нийгмийн үр өгөөжийг бий болгож байгаагаар бахархдаг. Энэ нь улсынхаа хөгжил, эдийн засагт, мөн гэр бүл, хамт олондоо оруулж буй багагүй хувь нэмэр гэж боддог.