Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Дэлхийн тэргүүлэгч 50 уул уурхайн компанийн нийт үнэлгээ 2 их наяд ам.долларт дөхөв

Т.Бямбанаран

2025 оны гуравдугаар улирлын эцсийн байдлаар дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй уул уурхайн компаниудыг жагсаасан “MINING.COM TOP-50” жагсаалтын нийт зах зээлийн үнэлгээ 1.97 их наяд ам.долларт хүрсэн байна. Энэ нь он гарснаас хойш бараг 700 тэрбум ам.доллароор өссөн үзүүлэлт юм.

Дэлхийн хамгийн том уул уурхайн компаниудын нийт үнэлгээ сүүлийн гурван жилийн дээд амжилтыг эвдэж, шинэ дээд түвшинд хүрсэн бөгөөд үүний үр дүнд дэлхийн уул уурхайн салбарын тэргүүлэгчдийн эрэмбэд мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан байна.

Энэ жилийн жагсаалтад алт болон мөнгө олборлогч компаниуд хамгийн их ахиц гаргажээ. Жишээлбэл, “Coeur Mining” компанийн үнэлгээ зургаа дахин өссөн байна. Мөн Мексикийн “Peñoles” компанийн удирдлагад байдаг, Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй “Fresnillo” компанийн үнэлгээ 305%-иар өссөн аж.

Үүнээс гадна газрын ховор элементийн салбар онцгой амжилт үзүүллээ. Австралийн Перт хотод төвтэй “Lynas Rare Earths” компанийн үнэлгээ 280%-иар нэмэгдэж, жагсаалтын 49-д бичигдсэн.

“MP Materials” компанийн үнэлгээ он гарснаас хойш бараг 500%-иар өссөн бол дэлхийн “ТОП-50” жагсаалтад орж байсан газрын ховор элемент олборлогч цорын ганц компани болох “China Northern Rare Earth”-ийн үнэлгээ 160%-иар нэмэгджээ.

MINING.COM-ын тэргүүлэх 50 компанийн жагсаалт анх гарснаас хойш BHP болон Рио Тинто гэсэн хоёр компани л 100 тэрбум ам.доллароос дээш зах зээлийн үнэлгээг тогтвортой хадгалсаар ирсэн. Харин одоо ийм өндөр үнэлгээтэй компанийн тоо тав болж нэмэгдсэн бөгөөд цаашид улам олшрох төлөвтэй байна.

Эх сурвалж: mining.com