Б.Төгс
Монгол улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний есөн сарын байдлаар 19.2 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 5.6%-иар буурсан дүнтэй гарсныг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ дундаа экспорт 10.7 тэрбум ам.доллар, импорт 8.53 тэрбум ам.долларыг бүрдүүлсэн байна. Экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.1%-иар, импорт 0.9%-иар тус тус буурчээ. Гадаад худалдааны тэнцэл мөн хугацаанд 2.17 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.
Ззсийн баяжмал, нүүрс, алтны экспорт энэ хугацаанд улсын нийт экспортын 80%-ийг бүрдүүлжээ.
Зэсийн баяжмалын экспортын тухайд мөн хугацаанд 1.65 сая тонн бүтээгдэхүүн гадагш нийлүүлж, 3.94 тэрбум ам.доллар олсон нь жингийн хувьд 39%, орлого 74.2%-иар тус тус өсөв. Одоогийн байдлаар орлогын дүнгээр зэсийн баяжмал эрдсийн экспортыг хошуучилж байна. Катодын зэсийн экспорт мөн хугацаанд 100 сая ам.доллар давсан нь 30 орчим хувийн өсөлтийг харууллаа.
Нүүрсний экспорт оны эхний есөн сарын байдлаар 58.4 сая тоннд хүрч, орлогын дүнгээр 3.93 орчим тэрбум ам.доллартой тэнцсэн байна. Ингэснээр нүүрсний экспорт өмнөх оны мөн үеийнхээс жингээр 1.3%-иар, үнийн дүнгээр 41%-иар тус тус буурчээ.
Алтны экспортын тухайд мөн хугацаанд нийт 6.78 тонныг борлуулж 701.6 сая ам.доллар олсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс жингээр 25%-иар бага боловч орлогын дүнгийн тухайд 5 орчим хувиар нэмэгдсэн дүнтэй гарлаа. Ханшийн өсөлт алтны экспортын борлуулалтад ийн эерэг нөлөөлж буй ч төв банкны алт худалдан авалт бууралттай байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар төв банк 9.8 тонн үнэт метал худалдан авсан нь өмнөх оны мөн үеийнхээс 19.5%-иар бага дүн юм.
Харин төмрийн хүдрийн тухайд он гарсаар эхний есөн сарын байдлаар нийт 6.48 сая тонныг экспортолж 465 сая ам.доллар олсон байна. Энэ нь жингээр 18.7%-иар ахиу байгаа бол орлого нь 4.2%-иар өссөн байна.
Газрын тосны экспортын тухайд он гарсаар бууралттай байна. Тайлант хугацаанд манай улс нийт 2.68 сая баррель нефть экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 13.6%-иар буурсан дүн юм. Орлогын тухайд газрын тосны борлуулалтаар 200 орчим сая ам.доллар олсон нь 20 орчим хувиар буурав.
Бусад ашигт малтмалтын бүтээгдэхүүний тухайд молибденийн баяжмалын экспорт бууралттай байгаа бол цайрын баяжмал, хар тугалга, гянтболдын экспортын орлого мэдэгдэхүйц нэмэгдсэн байна.
Эх сурвалж: ГЕГ