Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

ЭТТ: 9 дүгээр сарын нүүрсний экспорт түүхэн дээд амжилт тогтоожээ

Ерөнхий сайд Г.Занданшатар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон бусад холбогдох албаны хүмүүс өнөөдөр /2025.10.04/ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төв оффист ажиллалаа.

Уулзалтаар Засгийн газрын 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 26 дугаар тогтоолоор томилогдсон Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг өнгөрсөн гурван сарын хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлын явц, үр дүнг танилцуулсан юм.

Онцгой дэглэмийн гол үр дүн

  • Борлуулалтын сарын дундаж хэмжээг 1.6 дахин,

  • Биржийн тээврийг 2 дахин,

  • Экспортыг 2 дахин,

  • Орлогыг 1.3 дахин нэмэгдүүлжээ.

2025 оны 10 сарын 1-ний байдлаар нийт 108 удаагийн цахим арилжаа зохион байгуулснаас 68 нь амжилттай болж, 292.7 сая ам.долларын үнэлгээ бүхий 5.2 сая тонн нүүрс арилжаалагдсан байна.

Мөн нүүрсийг сорчилж борлуулахгүй байх бодлого баримталж, коксжих болон эрчим хүчний нүүрсний борлуулалтыг өргөжүүлжээ. Ингэснээр ашиг, экспорт, тээвэрлэлт бүгд өссөн нь компанийн дотоод зохион байгуулалт болон салбар хоорондын уялдаа холбоо сайжирсны илрэл хэмээн Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У.Бямбасүрэн онцлов.

2025 оны 7 дугаар сард 1.9 сая тонн, 8 дугаар сард 2.7 сая тонн, 9 дүгээр сард 3.2 сая тонн нүүрсийг Гашуунсухайт, Ханги боомтоор экспортолсон бөгөөд энэ нь компанийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.

Онцгой дэглэм тогтоохоос өмнө уурхайн техникийн бэлэн байдал 56 хувьтай байсан бол 81 хувь хүртэл сайжруулсан. Үүний үр дүнд уулын ажлын бүтээмж нэмэгдэж, уурхайн үйл ажиллагаа тогтвортой, тасралтгүй явах нөхцөл бүрджээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар:

“Онцгой дэглэмийн богино хугацаанд өндөр үр дүн гаргаж, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр орууллаа. Засгийн газрын нэрийн өмнөөс Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг болон компанийн удирдлагуудад талархал илэрхийлье” хэмээн онцоллоо.