Б. Төгс
Зэсийн үнэ өнгөрсөн оны тавдугаар сараас хойших хугацаанд анх удаа 10500 ам.доллар/тонн давж, Лондоны металын бирж дээр 10480 ам.доллар/тонн-ын ханштайгаар (гурван сарын гэрээт үнэ) хаагдсан байна. Ийнхүү он гарсаар зэсийн үнэ 19%-иар өсөөд буй нь АНУ-ын төв банкны бодлогын хүүгийн бууралт болон зах зээлд уг металын нийлүүлэлт буурах нөхцөл бүрдсэнтэй холбоотойг шинжээчид тайлбарлалаа.
АНУ-ын төв банк есдүгээр сард бодлогын хүүгээ 0.25%-иар бууруулж, 4.00%-4.25%-д хүргэсэн. Түүнчлэн Холбооны нөөц энэ он дуустал дахин хоёр ч удаа хүү бууруулах алхам хийх болов уу гэсэн хүлээлт зах зээлд үүсээд байна. Дэлхийн хамгийн том эдийн засагтай орны төв банк бодлогын хүүгээ богино хугацаанд шат дараатайгаар буулгаснаар зэсийн эрэлтийг дэмжих, металын үнэ өсөх нөлөө үзүүлнэ гэж шинжээчид харж байна.
Харин нийлүүлэлт талд зэс олборлолтоор дэлхийн хоёр дахь том орд болох Грасбэрг уурхайд осол гарсны улмаас олборлолт огцом буурах төлөвтэй байна. Шинжээчдийн тооцоолж буйгаар энэ оны есдүгээр сараас ирэх он дуустал хугацаанд уурхайн зэсийн нийлүүлэлт 600 орчим мянган тонноор буурах ажээ. Энэ нь өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд олборлосон нийт зэсийн 2.6%-тай тэнцэх юм.
Индонезид орших тус уурхайд олборлолт явуулж буй “Freeport-McMoRan” компани өнгөрсөн сарын 8-нд ордын далд уурхайн хэсэгт осол гарсны дараа олзворлолтын үйл ажиллагаагаа түр зогсоож, улмаар есдүгээр сарын 24-нд нийлүүлэлтийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй (давагдашгүй хүчин зүйл /force majeure) болсныг зарласан. Тус компани энэ оны гуравдугаар улирлын нийлүүлэлт буурах төдийгүй ирэх онд уурхайн зэсийн олборлолт өмнөх тооцооллоос 35%-иар доогуур байх тухай мэдээлсэн юм.