Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Монгол Улсын экспортын 93%-ийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлж байна

Т.Бямбанаран

Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбарын эзлэх байр суурь нэмэгдэж, 2024 онд дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 27.3%-ийг бүрдүүлжээ. Монголбанкны мэдээллээр манай улсын ДНБ-ий хэмжээ 2024 онд 80 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд үүнээс уул уурхайн салбарын оруулсан хувь хэмжээ өмнөх оныхоос бага зэрэг буурсан ч нийт эдийн засгийн дөрөвний нэгийг дангаараа бүрдүүлсээр байна.

Төсвийн орлогын хувьд уул уурхайн салбарын ач холбогдол бүр ч өндөр байна. 2024 онд улсын төсвийн нийт орлого 31.4 их наяд төгрөгт хүрч, үүний 33%-ийг ашигт малтмалын салбар бүрдүүлжээ. Энэ нь 2018 онд байсан 23%-иас даруй 10 хувиар өссөн үзүүлэлт юм. 

Монгол Улсын эдийн засагт уул уурхайн бүтээгдэхүүний экспорт ноёрхсоор байна. Монголбанкны мэдээлснээр 2024 онд улсын нийт экспортын 93%-ийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж буй юм. Экспортын орлого 2018 онд 7 тэрбум ам.доллар байсан бол 2024 онд даруй хоёр дахин өсөж, 15.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ өсөлт нь гадаад худалдааны орлогын гол эх үүсвэрийг уул уурхай бүрдүүлж буйг тодорхой харуулжээ.

Сүүлийн зургаан жилийн үзүүлэлтээс харахад уул уурхайн салбар Монголын эдийн засаг, төсвийн тогтвортой байдлын тулгуур хэвээр байгааг харж болохоос гадна ашигт малтмалын экспорт тогтмол өндөр түвшинд байсаар иржээ. Ялангуяа улсын төсвийн гуравны нэгийг дангаараа бүрдүүлж байгаа нь манай улсын эдийн засаг олборлох салбараас хэт хамааралтай байгаагийн тод илрэл юм.