Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

ТЭГШИТГЭН ТООЦОХ ШИНЭ ЖУРМЫН АЛДАА БА ОНОО

Ц.Элбэгсайхан

Засгийн газрын энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаар Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийг тооцох шинэ журмыг танилцууллаа. Ингэснээр хамгийн түрүүнд ашигт малтмал олборлогч, экспортлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны өртөг буурах эерэг нөлөө үзүүлэх юм. Учир нь өмнөх журмаар АМНАТ тооцдог байсан жишиг үнийн аргачлалаар баяжуулсан коксжих нүүрс 22.6%, хайлуур жонш 54.3%, төмрийн хүдэр 26.6%-иар өндөр тооцдог байсан гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

АҮЭБЯ-ны мэдээлснээр шинэ журмаар экспортлогч компани бүтээгдэхүүнийхээ 25%-ийг биржээр арилжаалбал нийт бүтээгдэхүүний АМНАТ-ийг биржийн үнээр тооцохоор болсон байна. Ингэснээр хоёр дахь эерэг үр дагаврыг Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг зохион байгуулдаг МХБ хүртэх боломжтой. Үүний үндэслэл нь, биржийн арилжаа нэмэгдэж шимтгэлийн орлого өснө гэх хүлээлт юм.

Гэхдээ Монголын хөрөнгийн биржээс илүүтэй боловсруулах баяжуулах, үйлдвэрүүд ч үр шим хүртэх аж. "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн зөрүүтэй зохицуулалтаас шалтгаалан зогсонги байдалд орсон баяжуулах, боловсруулах 47 үйлдвэрийн түүхий эдийн хангамжийн асуудлыг шийдвэрлэлээ. Өмнө нь төрийн өмчит компаниас ("Эрдэнэс Тавантолгой" ХК, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК, "Эрдэнэс критикал минералс" ТӨҮГ гэх мэт) түүхий эд авч боловсруулсан бүтээгдэхүүнийг хилээр гаргах үед гэрээг бүртгэхгүй, лабораторийн дүгнэлт гаргадаггүй байснаас шалтгаалж аж ахуй нэгжүүд ихээхэн хохирол амсдаг байсан." гэх мэдээллийг АҮЭБЯ өгч байна.

Жишээлбэл, "Алтанширээтийн ҮТП-т байрлах хорголжин тэжээлийн үйлдвэр дээрх бодлогын алдаанаас үүдэн 2 жил зогссон байна. Харин одоо 30 гаруй аж ахуй нэгжийн 55 гэрээгээр хэрэгжих 100 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортлох боломж нээгдэж байна" гэв.

Энд дурдагдаж буй "гацаа" нь үндсэндээ санхүү-татварын зохицуулалтаас үүдэлтэй үйл ажиллагааны доголдол, зогсонги байдлыг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл, эдгээр үйлдвэрүүд байнгын ажиллагаатай, техник технологи нэвтрүүлсэн, экспортын гэрээтэй байсан ч Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийн өмнөх тогтолцооноос болж ашиггүй ажиллах, улмаар үйл ажиллагаагаа зогсооход хүрч байсан гэж ойлгогдохоор байна. Жишээ нь нүүрс угаах үйлдвэр дотоодын уурхайгаас тонн тутамд нь 50 ам.долларын үнэтэй, харьцангуй чанар муутай нүүрс худалдаж авч угааж баяжуулаад 100 ам.доллароор экспортлохдоо олон улсын зах зээл дээрх хамгийн сайн чанарын коксжих нүүрсний жишиг үнэ болох 150 ам.доллароос АМНАТ-ийг тооцож, татвар ногдуулж байсан. Энэ тохиолдолд үйлдвэрийн ашгаас давсан татварын дарамт үүсэж, үйл ажиллагаа явуулах ямар ч эдийн засгийн боломжгүй байв.

Түүнчлэн, Засгийн газраас төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дотоодын борлуулалтыг биржээр арилжих шинэ журам мөрдөж, цаашид Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон байна.

ДАХИН НЭГ ЗҮТГҮҮЛЭХ "МОНГОЛ АРГАЧЛАЛ”

Одоогийн мөрдөж буй хуулиар АМНАТ-ийг борлуулалтын үнэлгээнээс тооцож, ашигт малтмалын төрлөөс хамааран үндсэн хувь (жишээлбэл, алтанд 5%, нүүрсэнд 5%) дээр нэмж, дэлхийн зах зээлийн үнийн өсөлтөөс хамааран нэмэлт төлбөр ногдуулдаг "шатлалтай" тогтолцоо үйлчилдэг. Гэхдээ үүнд шударга бус үйлчлэл нэлээд бий тухай олон жилийн турш шүүмжлэл дагуулсаар ирсэн ч төр үүнийг засаж залруулалгүй өдий хүрсэн. Учир нь төрийн санд хуримтлагдах мөнгөний хэмжээнд том өөрчлөлт орох нь тэр.

Учир нь дээр дурдсанаар аль эрдэс бүтээгдэхүүний экспортын дэлхийн жишиг үнийг, тухайлбал, зэсийн баяжмал бол Лондоны биржийн үнийг, тоо хэмжээнд үржүүлэн 5, 10%-ийг нь төлбөрт авч ирсэн. Тухайн компани бодит байдалд ямар үнээр нийлүүлэх гэрээ хийж, хэдий хэрийн орлого олсон нь огт хамаагүй. Ийм учраас л нийтлэлийн эхэнд дурдсан шиг их зөрүү үүсэж байсан хэрэг.

Гэтэл дэлхийд роялти тооцдог олон сонгомол жишээ бий. Тухайлбал Австралийн уул уурхайн экспортын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг Нью Саут Уэлс мужид борлуулалтын орлогыг үндэслэдэг бол зарим мужид ашгийн түвшинтэй уялдуулдаг. ОХУ-д газрын тосноос бусад ашигт малтмалын төлбөрийг борлуулалтын үнэ (гэрээний үнэ)-ээс тээвэрлэлт, даатгал зэрэг зардлыг хассан дунд ногдуулдаг.

Тэдэнтэй харьцуулахад "монгол аргачлал" маань ихээхэн залхуу гэж хэлж болохоор юм. Тэгвэл Хятад улс тун өөр аргачлалтай. Газрын тос, байгалийн хийнээс бусад ашигт малтмалын нэгж бүтээгдэхүүнд тогтмол үнээр төлбөр ногдуулдаг. Монголоос ялгаатай нь үнийн өөрчлөлтөөс үл хамааран татвар авагч, төлөгч хэн хэндээ тооцоолол хийхэд амар, бас шударга.

Олборлох үйлдвэрлэлийн салбарынхан эдгээр асуудлыг олон удаа хөндөж, өөрчлөхийг хүсдэг боловч сүүлийн 10 орчим жилд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах бүх оролдлого бүтэлгүйтсэн. Энэ удаа дахин нэг зүтгүүлэхээр яригдаж эхэлсэн бөгөөд эхлэл нь энэхүү шинэ журам болж байгаа бололтой.

Монголын эдийн засгийг үүрч яваа уул уурхайн салбарт голлох үүрэгтэй төрийн өмчит компаниуд, тэр дундаа "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон Ашигт малтмалын тухай хуульд тодорхой зүй ёсны гэж хэлж болохуйц өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурийг зоригтой илэрхийлж ирсэн юм.

Сайдын албыг хашиж байх үедээ ч тэрээр АМНАТ болон баялгийн хуваарилалтын тухай байр сууриа хамгаалсаар ирсэн. Асуудлыг шууд л Эрдэнэт үйлдвэрийн жишээгээр олон нийтэд ил тод тайлбарлан таниулах ажил хийж байв.

Үйлдвэрлэсэн зэс, молибдений баяжмалын дагалдах элементэд АМНАТ тооцож буй нь "үндэслэлгүй нэмэлт зардал" бий болгодог, АМНАТ-ийн төлбөр их хэмжээний зөрүүтэй тооцогдож буй нь Зэс хайлуулах үйлдвэр байгуулахаар зорьж, аж үйлдвэрийн парк болох амбицтай Эрдэнэт үйлдвэрт санхүүгийн дарамт болж байгаа талаар баримттай ярьсаар ирсэн.

Биржээр зэсийн баяжмал зарах хамгийн боломжтой, ер нь зарах ёстой ганц компани нь Эрдэнэт үйлдвэр. Шинэ журмын өөрчлөлтөөр хамгийн их давуу талыг олох нь магадгүй Эрдэнэт үйлдвэр байхаар дүр зураг тодорч байна. Ингэснээр биржээс гадуур буюу борлуулалтын гэрээгээр экспортолсон зэсийн баяжмалдаа ч ижил үнээр АМНАТ төлөхөөр болж байна.

ТОДОРХОЙ БУС ТООЦООЛОЛ

"Шинэ журмын дагуу биржийн арилжаа идэвхэжсэнээр улсын төсөвт ойролцоогоор 100 тэрбум төгрөгийн нэмэлт орлого төвлөрнө" гэж Г.Дамдинням сайд мэдэгдсэн. Үүний цаана ямар тооцоолол буй нь тодорхойгүй. АМНАТ-ийн орлого нийт хэдэн хувиар буурахыг хэлж мэдэхгүй.

Нийт бүтээгдэхүүний 25%-ийг Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр борлуулахад бүх борлуулалтын АМНАТ-ийг тэгшитгэн тооцно гэдэг нь шинэ журмын гол "цоорхой" байх магадлалтай байна. Энэ нь биржийн арилжааг нэмэгдүүлэх хөшүүрэг болох нь ч эргэлзээтэй. Үнэхээр бодит байдалд борлуулалтын үнэ, жишиг үнийн хооронд их хэмжээний зөрүү гарч буй бөгөөд Биржийн арилжааг дэмжих зорилготой бол зөвхөн биржээр арилжаалсан бүтээгдэхүүнд шинэ журам яагаад үйлчилж болохгүй гэж. 

Бодит байдал дээр биржийн арилжаа хангалтгүй байгаа гэдэг нь тэнд худалдан авагч тал байхгүй байгааг харуулна.

Компаниуд татвараас зугтах зорилгоор бирж дээр хямд арилжааг хиймлээр зохион байгуулах магадлалтай эсэх, худалдан авагч тал биржийн арилжаанд оролцох сонирхол байгаа эсэх, "Оюу толгой" ХХК зэсийн баяжмалаа биржээр арилжаалахад АМНАТ-ийн дүнд ямар өөрчлөлт гарах вэ? гээд тооцоолол ташаарах маш олон эрсдэлүүд ямар зохицуулалтаар хаагдаж байгаа нь хариултгүй үлдлээ.