Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Баянхонгор аймагт “Баянхөндий” уурхай, аж үйлдвэрийн цогцолбор төсөл ашиглалтад орлоо

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт хэрэгжсэн “Баянхөндий” уурхай, аж үйлдвэрийн цогцолбор төсөл албан ёсоор ашиглалтад орж, анхны бүтээгдэхүүнээ Монголбанкинд хүлээлгэн өглөө.

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголбанк, Баянхонгор аймгийн удирдлагууд болон Канад Улсын Элчин сайдын яам оролцов.

Уг төсөл нь Канадын хөрөнгө оруулагчдын 20 гаруй жилийн турш хийсэн эрэл хайгуулын ажлын үр дүнд нээгдсэн бөгөөд нийт 500 гаруй тэрбум төгрөгийн шууд хөрөнгө оруулалтаар хэрэгжжээ. Төслийн хүрээнд 1400 гаруй монгол ажилчдын хүчээр уул уурхай, боловсруулах үйлдвэр, эрчим хүч, ус хангамжийн дэд бүтэц бүхий иж бүрэн цогцолбор барьсан байна.

Шинэ технологид суурилсан уг үйлдвэр нь байгаль орчны нөлөөллийг хамгийн бага түвшинд барьж, ашиглалтын шатанд 400–500 шинэ ажлын байр бий болгоно. Эдгээрийн талаас илүү хувийг аймаг, орон нутгийн залуусаас бэлтгэн ажиллуулах бөгөөд үйлдвэрлэсэн алтны бүтээгдэхүүнийг улсын эрдэнэсийн санд тушааж, улсын болон орон нутгийн төсөвт бодит хувь нэмэр оруулах юм.

Төслийн гол зорилго нь жил бүр Монголбанкинд тушаагддаг алтны нийт хэмжээг 15 хүртэл хувиар нэмэгдүүлэх явдал. Тухайлбал, 2024 онд Монголбанк 16.5 тонн алт хүлээн авсан бол энэ оны эхний найман сарын байдлаар 7.7 тонн алт тушаагаад байна. Шинэ цогцолбор ашиглалтад орсноор алтны олборлолтыг нэмэгдүүлж, гадаад валютын улсын нөөцийг өсгөх, төгрөгийн ханшийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам