Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Ураны төсөл Монголын эдийн засагт 5 тэрбум ам.долларын өгөөж авчирна

О. Дөлгөөн

2025 оны 1 дүгээр сард Засгийн газар Францын "Orano Mining" компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, “Бадрах Энержи” компанитай хамтарч Зөөвч-Овоо төслийг хэрэгжүүлэхээр болсон. Нийт өртөг нь 1.6 тэрбум ам.доллар бөгөөд Монгол улс төслийн 51 хувийг эзэмшихээр тохиролцсон ба гэрээний хугацаа 20 жилээр тогтоогдсон. Зөөвч-Овоо нь дэлхийн хамгийн том ураны ордуудын нэг бөгөөд жилдээ 2,500 тонн уран олборлох хүчин чадалтай ба 1,600 ажилтан ажиллах, 100 км цахилгаан дамжуулах шугам, 160 км авто зам, төмөр замын өргөтгөл зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалт хийгдэх юм.

Монголын тал төслийг зээлээр бус хувьцаагаар санхүүжүүлж, төрийн эзэмшлийн хувьцааг давуу эрхийн хувьцаа (preferred shares) болон роялти (royalty) хэлбэрт шилжүүлсэнээр нийтдээ 5.2 тэрбум ам.долларын өгөөж хүртэнэ гэж тооцоолж байна. Үүнээс гадна жил бүр дор хаяж 51 хувийн ашиг хүртэх баталгаатай бөгөөд ногдол ашиг иргэдийн хуримтлалын санд шууд хуваарилагдах зохицуулалттай. 2028 оноос 700 тонн/өдрийн хүчин чадалтай хүхрийн хүчлийн үйлдвэр баригдах бөгөөд төслийн хэрэгжилтийг Олон улсын Атомын энергийн агентлаг гурван жил тутамд хянан шинжилнэ. Эхний шатанд 700 хүний шинэ суурьшлын хот байгуулж, олон улсын нээлттэй тендер зарлах юм.

2030 оноос дэлхийн ураны эрэлт нийлүүлэлтээс давж эхлэх тул манай улс дахин хайгуул явуулж, шинэ ордууд нээх зорилготой. Цаашид Францтай хамтран цөмийн цахилгаан станц байгуулах судалгаа эхлүүлэхийн зэрэгцээ Энэтхэг, Чех, Орос, Хятад, Казахстантай ураны салбарт хамтран ажиллах боломжууд нээгдэж байна. Жилд 2,500 тонн уран нийлүүлснээр дэлхийн нийт нийлүүлэлтийн гурван хувийг эзлэх ч энэ нь нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлж, улсын эдийн засагт ихээхэн өгөөж авчрах хүлээлттэй байна.

Эх сурвалж: neimagazine.com