Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад улс наймдугаар сард түүхий эдийн импортоо нэмэгдүүллээ

Ч.Сансар

Зуны амралт дууссаны дараа аж үйлдвэрийн идэвхжил нэмэгдсэнтэй холбогдуулан Хятад улс наймдугаар сард гол түүхий эдийн импортоо нэмэгдүүлж, түүхий нефтээ үргэлжлүүлэн нөөцөллөө.

Даваа гарагт нийтэлсэн гаалийн мэдээллээс харахад Хятадын түүхий нефть, зэс, төмрийн хүдэр, шар буурцгийн 8-р сарын импорт 7-р сартай харьцуулахад өссөн байна. Хамгийн гол нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад наймдугаар сарын импорт мөн өсжээ.

Нефть боловсруулах үйлдвэрүүд засвар үйлчилгээгээ дуусгаж, өндөр хүчин чадлаар ажиллаж эхэлснээр 8-р сард Хятадын түүхий нефтийн импорт өссөн. Харин ерөнхийдөө цахилгаан автомашины тоо нэмэгдсэний улмаас шатахууны эрэлт буурч байгааг тус улсын томоохон эрчим хүчний компаниуд хүлээн зөвшөөрч байна.

Гэсэн хэдий ч Хятад түүхий нефтийн худалдан авалтаа үргэлжлүүлсээр байна. 8-р сард Хятад улс 49.49 сая тонн буюу өдөрт 11.65 сая баррель газрын тос импортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 0.8%-иар, энэ оны 7-р сартай харьцуулахад 4.9%-иар өссөн үзүүлэлт юм.

Азийн хамгийн том импортлогч орон болох Хятад, Энэтхэг улсууд газрын тосны үнэ сул байгааг ашиглан худалдан авалтаа нэмэгдүүлсэн.

Хятадын төмрийн хүдрийн импорт наймдугаар сард сэргэж, 105 сая тонн давсан гэж Bloomberg мэдээлэв.

Bloomberg-ийн иш татсан гаалийн мэдээллээс үзэхэд цэвэр эрчим хүчний салбарын хөгжил болон хайлуулах үйлдвэрийн идэвхжил зэсийн эрэлтийг нэмэгдүүлж, Хятадын зэсийн баяжмалын импорт түүхэн дэх хамгийн өндөр хоёр дахь түвшинд хүрчээ.

Дотоодын нийлүүлэлт суларсантай холбоотойгоор нүүрсний импорт наймдугаар сард мөн өссөн. Гэхдээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрсний импорт 7%-иар буурсан үзүүлэлттэй гарсан.

Эх сурвалж: oilprice.com