Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

ТЭСЭЛГЭЭНИЙ ШИНЭ ҮЕ: МЕРА СЕРВИС ХХК-ИЙН ДИЖИТАЛЧЛАЛ БА ИННОВАЦИ

О. Дөлгөөн

Уул уурхайн салбарын бүтээмж, аюулгүй ажиллагааг дэмжих тэсэлгээний үйл ажиллагааны шинэчлэл, технологийн дэвшил, хүний нөөцийн хөгжлийн бодлого зэрэг сэдвээр МЕРА Сервис ХХК-ийн тэсэлгээний ажил үйлчилгээ хариуцсан менежер М.Мөнхдэлгэртэй ярилцлаа.

1. Өөрийгөө товч танилцуулна уу. Уул уурхайн салбар, тэр дундаа МЕРА компанид хэр хугацаанд ажиллаж байна вэ?

Намайг Мөнхсайханы Мөнхдэлгэр гэдэг. 2017 онд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийг Уул уурхайн ашиглалтын технологи мэргэжлээр төгссөн. Уул уурхайн салбарт анх 2017 онд орж, МЕРА компанид 8 дахь жилдээ ажиллаж байна. Ажлын гараагаа тэсрэх материал зөөгчөөр эхэлж байсан бол одоо Тэсэлгээний ажил үйлчилгээ хариуцсан менежерээр ажиллаж байна.

2. МЕРА групп нь үндэсний хөрөнгө оруулалттай инженерчлэлийн компани. Танай байгууллага үүсгэн байгуулагдсан үеэсээ ямар стратеги, үнэт зүйлсийг баримталж ирсэн бэ? Тэдгээр нь өнөөгийн үйл ажиллагаанд хэрхэн тусгалаа олж, салбартаа өрсөлдөх давуу талыг бий болгож байна вэ?

МЕРА групп үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш аюулгүй ажиллагааг тэргүүнд тавих, итгэл даах чадварыг эрхэмлэх, бүтээлч хандлагыг төлөвшүүлэх гэсэн гурван үндсэн зарчимд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Бид зөвхөн тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэхээс гадна өрөмдлөг, тэсэлгээний иж бүрэн инженерийн шийдэл, үйлчилгээ, сургалт, зөвлөгөөг цогцоор нь санал болгодог. Энэ нь харилцагчиддаа илүү найдвартай, урт хугацааны хамтын ажиллагааны баталгаа болж, салбарт өрсөлдөх давуу талыг бий болгосон.

3. Өрөмдлөг, тэсэлгээний үйл ажиллагаанд танай компанийн нутагшуулсан дэвшилтэт технологи, инновацийн шийдлүүдийн онцлог юу вэ? Эдгээр нь үйлдвэрлэлийн үр ашиг, зардлын оновчлол болон байгаль орчинд хэрхэн эерэг нөлөө үзүүлж байна вэ?

Сүүлийн жилүүдэд бид ил уурхайн нөхцөлд цахим тэсэлгээний системийг нутагшуулах чиглэлд түлхүү анхаарч хэрэглээнд нэвтрүүлэхээр туршилт хийж байна. Энэ нь тэсэлгээний ажлыг миллисекундийн нарийвчлалтай удирдаж, аюулгүй ажиллагаа, олборлолтын үр ашиг, тэсэлгээний чанарыг сайжруулдгаараа онцлогтой. Мөн DataBlast, Paradigm зэрэг олон улсын програм хангамжийг ашиглан тэсэлгээний төлөвлөлт, загварчлалыг оновчтой болгосноор тэсрэх материалын зарцуулалт багасч, олборлолтын үр ашиг өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл багассан.

4.Танай байгууллагын хүний нөөцийн бодлого, бүтцийн онцлог нь ажилтнууддаа карьерийн ахиц, өсөлтийн ямар боломжийг олгодог вэ? Үндсэн болон салбар компаниудын хоорондын шилжилт хөдөлгөөн ажилтнуудад ямар ур чадвар, давуу талыг нэмдэг гэж үздэг вэ?

Манай компанийн хүний нөөцийн бодлогын гол чиглэл нь ажилтны шаталсан ур чадварын хөгжлийг дэмжихэд оршдог. Ажилтнууд мэргэжлийн сургалт, дадлагаар дамжин, ажлын гүйцэтгэл, ур чадвар, хандлагаасаа хамааран инженер, менежер болон удирдлагын түвшин хүртэл ахих боломжтой. Энэ зорилгоор тусгайлан чиглэсэн сургалт, хөтөлбөрүүдийг тогтмол зохион байгуулдаг.

Мөн үндсэн болон салбар компаниудын хооронд шилжин ажиллах боломж нь ажилтанд өөр өөр орчинд туршлага хуримтлуулах, шинэ ур чадвар эзэмших, карьерын хувьд шатлан дэвших өргөн боломжийг бүрдүүлдэг. Энэ нь цаашлаад ажилтны салбартаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй. Миний хувьд л гэхэд өнөөдрийг хүртэл таван удаа албан тушаал дэвшсэн байна.

5. МЕРА Сервис компани Ази–Номхон далайн тэсэлгээний техникийн зургаа дахь удаагийн симпозиумд оролцохдоо ямар технологи, шийдлийг олон улсын тавцанд танилцуулсан бэ? Эдгээр нь уул уурхайн тэсэлгээний практикт ямар шинэ хандлага, боломжийг нээж байна вэ?

Тус симпозиум нь 2007 оноос эхлэн зохион байгуулагдаж ирсэн бөгөөд энэ удаагийн зургаа дахь удаагийн хурал нь 8 жилийн завсарлагааны дараа болж байгаагаараа онцлог байлаа. Хурлын хүрээнд бүс нутгийн хэмжээнд тэсэлгээний салбарын сүүлийн үеийн дэвшилтэт технологи, судалгаа, практик туршлагууд өргөн хүрээнд танилцуулагдсан.

Манай компани тус симпозиумд цахим тэсэлгээний системийг Монголын нөхцөлд ил уурхайд нутагшуулсан туршлага болон тэсэлгээний төлөвлөлтийн дижитал шийдлүүдээ Бизнес хөгжлийн менежер А.Билэгсайхантай хамтран танилцуулсан. Эдгээр шийдэл нь уурхайн үйл ажиллагаанд аюулгүй ажиллагааг сайжруулах, олборлолтын зардлыг бууруулах, хүдрийн бохирдлыг хянах, чулуулгийн дундаж бутлагдлыг сайжруулах зэрэг бодит давуу талуудыг авчирч байгаа.

6. Уул уурхайн үйл ажиллагаанд аюулгүй ажиллагаа тэргүүлэх ач холбогдолтой. Танай компани аюулгүй ажиллагааны соёлыг төлөвшүүлэх, осолгүй үйлдвэрлэлийг хэрэгжүүлэх чиглэлээр ямар бодлого, арга хэмжээг хэрэгжүүлдэг вэ?

Манай компанийн хувьд аюулгүй ажиллагаа нь хамгийн тэргүүлэх чиглэл бөгөөд “аюулгүй ажиллагаа = ажлын чанар” гэх зарчмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог. Ажилтан бүр өөрийн ажлын байранд аюулгүй ажиллагааны дүн шинжилгээг тогтмол хийж, эрсдэлийг урьдчилан илрүүлж, мэдээлэх үүрэгтэй.

Мөн бид тэсрэх бодисын үйлдвэрлэл, тэсэлгээний үйл ажиллагаатай холбоотой олон улсын судалгаануудыг тогтмол судалж, дотооддоо шинэчлэгдсэн журам, аргачлал боловсруулан нэвтрүүлдэг. Энэ нь эрсдэлийг бууруулах, ослоос сэргийлэх үр дүнтэй арга зам болдог. Аюулгүй ажиллагааны заавар, дүрэм журмыг бид зөвхөн баримтлах ёстой бичиг баримт гэж үздэггүй – харин ч өдөр тутмын ажил, сэтгэлгээний салшгүй хэсэг болгон хэвшүүлсэн.

Манай компанийн хувьд энэ чиглэлд ISO 45001: Аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн эрүүл ахуйн менежментийн тогтолцооны стандартыг гурван жилийн өмнөөс нэвтрүүлэн, тогтвортой хөгжлийн бодлогыг чиглэл болгон ажиллаж байна.

7. Монголын уул уурхайн өрөмдлөг, тэсэлгээний салбар бүс нутгийн хэмжээнд өрсөлдөхүйц түвшинд хүрэхийн тулд ямар чиглэлд шинэчлэл, хөгжлийн алхам хийх шаардлагатай гэж та харж байна вэ?
 

Өрөмдлөг, тэсэлгээний салбарын хувьд бүс нутгийн түвшинд өрсөлдөх чадвартай болохын тулд нэн тэргүүнд олон улсын стандартыг нэвтрүүлж, гадаадын тэргүүлэх туршлагыг судалж, нутагшуулах шаардлагатай гэж үздэг. Үүний зэрэгцээ инноваци, дижитал технологийг өргөн хүрээнд нэвтрүүлж, тэсэлгээний үйл ажиллагааг илүү аюулгүй, хяналттай, байгаль орчинд ээлтэй болгох чиглэлд ахиц гаргах нь чухал.

Мөн Монгол Улсад ажиллаж буй инженерүүдийн ур чадварыг олон улсын түвшинд хүргэх, холбогдох сертификаттай сургалт, хөтөлбөрт хамруулах замаар хүний нөөцийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай.

8. Тэсэлгээний технологийн ирээдүйн хөгжлийн чиг хандлага ямар байна гэж үзэж байна вэ? Автоматжуулалт, дижиталчлал, байгальд ээлтэй технологи зэрэг шинэчлэлүүдийн аль нь ойрын жилүүдэд түлхүү нэвтэрнэ гэж харж байна вэ?

Тэсэлгээний технологийн ирээдүйн хөгжлийн чиг хандлага нь үндсэндээ технологийн дэвшил, дижитал шилжилт, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах гэсэн гурван үндсэн чиглэлд төвлөрч байна. Эдгээрээс ойрын хугацаанд хамгийн түлхүү нэвтрэх чиглэл нь технологийн автоматжуулалт болон дижиталчлал гэж үзэж байна. Одоогоор олон улсад утасгүй тэсэлгээний систем, өндөр нарийвчлалтай удирдлагын шийдлүүд, цаг хугацааны оновчлолд суурилсан цахим тэсэлгээний системүүдийн судалгаа, хөгжүүлэлт эрчимтэй өрнөж байна. Эдгээр технологи нь аюулгүй байдлыг нэмэгдүүлж, хүний оролцоог бууруулах, улмаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах зэрэг олон давуу талтай. Тиймээс ирээдүйд эдгээр чиглэлүүд зах зээлд хурдацтай нутагших хандлагатай гэж харж байна.

9. Монголын инженерүүдийн ур чадвар, туршлага олон улсын түвшинд өсч буй талаар таны байр суурь ямар байна вэ? Цаашид Монголын инженерүүд дэлхийн уул уурхайн томоохон төслүүдийг удирдан чиглүүлэх түвшинд хүрэхийн тулд ямар ур чадвар, чадамжийг хөгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна вэ?

Монголын инженерүүдийн ур чадвар, туршлага сүүлийн жилүүдэд эрс дээшилж, олон улсын түвшинд гарч буйг би өөдрөгөөр хардаг. Одоогоор ч олон улсын уул уурхайн компаниудад манай инженерүүд ажиллахын зэрэгцээ зарим нь удирдах албан тушаалд ажиллаж, салбарынхаа нэр хүндийг өндөрт өргөж байна. Гэсэн хэдий ч цаашдаа дэлхийн томоохон төслүүдийг удирдан чиглүүлэх түвшинд хүрэхийн тулд стратеги төлөвлөлт, төслийн менежмент, олон улсын стандарт, инноваци хүлээн авах чадвар зэрэг ур чадварыг хөгжүүлж гадаадын шилдэг практикийг эзэмших нь чухал гэж үздэг.

Сэтгэгдэл (1)

  • Болдоо (122.201.31.170)
    Эдний өрөмдлөгийн хөгжил дэвшил, бүтээл их өндөр. Энэ тухай хэлээгүй байна
    2025 оны 09 сарын 09 | Хариулах