А.Халиун
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Аж, үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас боловсруулж энэ намрын чуулган эхэлмэгц өргөн барихаар төлөвлөж байна. Шинэчилсэн найруулга бус, нэмэлт өөрчлөлтийн хэмжээний уг хуулийн төсөлд ямар, ямар өөрчлөлт тусгасан бэ?
Сайдын ажлыг хүлээн авснаас хойш салбарын оролцогч талуудтай тодорхой асуудлуудаар нээлттэй хамтарч ажиллаж байна. Юуны түрүүнд аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын төлөөллийг оролцуулан Аж, үйлдвэр, эрдэс баялгийн сайдын дэргэдэх орон тооны бус бодлогын Зөвлөлийг байгууллаа. Зөвлөлийн үндсэн ажлын нэг нь олон жил яригдсан Ашигт малтмалын тухай хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганы эхэнд өргөн барина. Ашигт малтмалын тухай хуулийн төслийг дагалдаж, Үндэсний баялгийн сангийн тухай хууль болон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль зэрэгт нэмэлт, өөрчлөлт оруулахаар бэлтгэж байна. Энэхүү хуулийн төслийг боловсруулахдаа салбарынхан болон олон нийтийн саналыг авч, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөж байна.
Тухайлбал, Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар тухайн уурхай том жижиг, ашиг орлого нь их, бага байгаагаас үл хамаарч ААН-үүд Баялгийн санд хуримтлал бүрдүүлэх АМНАТ төлдөг. Төлбөрийг тухайн орон нутгийн хөгжлийн санд түлхүү олгодог. Харин уул уурхайгүй орон нутагт суурь АМНАТ-өөс нь олгодог байх зохицуулалтыг оруулах зарчмын байр суурьтай байна.
АМНАТ-ийг хэт өндөр дүнгээр авч байгаа нь ААН-үүдэд санхүүгийн ихээхэн дарамт учруулж байгааг өөрчлөх шийдвэрийг Засгийн газрын 8 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар гаргалаа.
Засгийн газар салбарын хөгжилд чухал ач холбогдолтой шийдвэр гаргасан. Энэ нь АМНАТ-ийг хэт өндөр жишиг үнээр жишээлбэл нүүрсэнд 22,6%, хайлуур жоншинд 54,3%-иар, төмрийн хүдэрт 26,6%-иар татвар тооцож, салбарыг санхүүгийн хүндрэлд оруулж байгааг өөрчлөх Засгийн газрын тогтоолыг баталлаа.
Үүний үр дүнд АМНАТ-ийг ААН-ийн гэрээний үнэ буюу хэт доогуур үнээр биш, эсвэл жишиг үнэ буюу хэт өндөр үнээр биш Монголын хөрөнгийн биржээр арилжаалагддаг ашигт малтмалын биржийн тогтсон үнээр тэгшитгэн авна. Ийнхүү суурь үнийг хэрхэн тооцох зохицуулалтыг нэлээд удаан хэлэлцсэний эцэст гаргалаа.
Баяжуулах, боловсруулах үйлдвэрлэлийн салбарынхны удаан хүлээсэн шийдэл тул сэтгэл хангалуун байх болов уу. ААН-үүд нийт боловсруулан гаргаж буй бүтээгдэхүүнийхээ 25-аас багагүй хувийг Хөрөнгийн биржээр борлуулсан бол үлдсэн 75%-д нь Монголын Хөрөнгийн биржийн жишиг үнийг ашиглан тооцох шийдвэр гаргалаа.
Хоёрдугаарт, боловсруулах үйлдвэрлэлийн хөгжилд саад болсон заалт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд байсан. Зөвхөн биржээр бүтээгдэхүүнээ борлуулна. Бусад тохиолдолд хилээр гаргах боломжгүй гэсэн хориг тавьсан байсан. Энэ нь Монголын баяжуулах болон боловсруулах 47 үйлдвэрийг зогсоход хүргэсэн, үйлдвэрлэлийн салбараа гацаасан шийдвэр юм. Энэ зохицуулалтын уршгаар экспортод гарах боломжгүй байсан 30 гаруй ААН-ийн 55 экспортын гэрээний дагуу хийгдэх 100 сая ам.долларын эрдэс бүтээгдэхүүний борлуулалт гацаанаас гарч байна.
Засгийн газрын дараагийн хуралдаанаар манай яамнаас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хүрээнд баяжуулах, боловсруулах үйлдвэрийг дэмжсэн түр журмыг танилцуулна.
АМНАТ тооцох аргачлалд өөрчлөлт оруулснаар төсвийн орлогод ямар нөлөө үзүүлэх вэ?
Улсын төсвийн орлогод 50 орчим тэрбум төгрөгийн дутагдал үүсэх ч биржийн үйл ажиллагааг идэвхжүүлснээр 100 тэрбум төгрөгийн орлого нэмэгдэх тооцоолол гарсан.
Уул уурхайн салбарынхны өргөн бүрэлдэхүүнтэй оролцдог "Mining week-2025" есдүгээр сард болно. Энэ удаагийн арга хэмжээний онцлог нь юу байх вэ?
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтран "MiningWeek & MinePro 2025" олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалтыг 4 дэх жилдээ "Эрдэс баялгийн салбарын шинэ мөчлөг: Хөрөнгө оруулалт & Хариуцлагатай уул уурхай" сэдвийн дор зохион байгуулна.
Уг арга хэмжээний үеэр уул уурхайн салбарт Засгийн газрын хэрэгжүүлэх урт болон дунд хугацааны бодлогыг илүү дэлгэрэнгүй танилцуулах ба төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагынхан бүгд нэг дор цугларч, асуудлаа дэлгэн гарц шийдлээ хэлэлцэж, мэдлэг, мэдээллээ солилцох таатай боломж нээгдэж байна. Энэ удаагийн арга хэмжээний онцлог нь уул уурхайн салбарыг нийгэмдээ зөв ойлгуулах, салбараас opox Өгөөж баялгийг хэрхэн хуваарилж, хөрөнгө оруулалт хийх талаар нээлттэй ярилцана. Мөн ирээдүйд ямар мэргэжил эрэлттэй байх, төр, засгаас ямар дэмжлэг үзүүлж болох талаар санал солилцоно. МУУҮА-ийн хэрэгжүүлж буй "Ирээдүйн инженер" хөтөлбөрийн хүрээнд оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад салбарын үйл ажиллагааг танилцуулна.
"Зэс боловсруулах цогцолбор төсөлд гадаадын хөрөнгө оруулалтай компанийн оролцоог хэрхэн хангах вэ? Технологи, санхүүжилт, урт хугацааны түншлэлийг тогтоох тал дээр ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
Зэс хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг манай яамнаас баталсан. Уг төсөл тун удахгүй гараанаас гарч олон улсын нээлттэй тендер зарлаж, үйлдвэрийн барилга, дэд бүтцийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. "Уул уурхайн 7 хоног" арга хэмжээний үеэр энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулна.
Хоёрдугаарт, Аж үйлдвэрийн хоёр дахь том төсөл болох гангийн цогцолборын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах шийдэл боловсруулах зорилгоор Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллаад ирлээ. Монгол Улс төмрийн хүдэр, зэсийн геологийн арвин нөөцтэй. Харамсалтай нь, баяжуулах болон боловсруулах аж үйлдвэрлэл төдийлөн сайн хөгжиж, үр дүн гаргаж чадахгүй байна. Г.Занданшатар Ерөнхий сайдын тэргүүлсэн Засгийн газар үйлдвэрүүдээ амь оруулъя, энэ чиглэлээр тодорхой бодлого шийдвэр гаргая гэсэн зорилготой. Тиймээс "Mining Week & MinePro 2025" арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд болон Эдийн засаг, хөгжлийн сайд, Сангийн сайд. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд гээд салбарын сайд нар оролцож, бодлогоо танилцуулж, хөрөнгө оруулагчид, салбарынхны дуу хоолойг сонсоно.
Хайгуулын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?
Геологийн судалгааны ажил зөвхөн ашигт малтмалаар хязгаарлагдахгүй. Хүрээлэн буй орчин, хөрс, үер усны судалгаа, газар хөдлөлт, тектоникийн судалгаа гэх мэт олон төрлийн судалгаа, шинжилгээ хийгддэг. Суурь судалгааны ажлыг ихэнх улс оронд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийдэг. Өргөн хүрээний судалгаа хийж, энэ дундаасаа ашигт малтмал байгаа газраа тодорхойлж, тэрхүү нэгдсэн мэдээллийн дагуу АМГТГ хайгуул хийх тендер зарладаг.
Тэгэхээр манай улсын хувьд эрэл хайгуулын хөрөнгө оруулалт маш бага байна. Энэ жил улсын төсөвт одоогийн байдлаар тусгай зөвшөөрлийн дуудлага худалдаанаас 100 тэрбум төгрөгийн орлого олж, улсын төсөвт төвлөрүүлж байна. Гэтэл эрэл судалгааны ажилд одоогийн байдлаар 11 тэрбум төгрөг л төсөвлөгдсөн байх жишээтэй.
Бид салбарын талаар үнэн, зөв мэдээлэл өгч чадахгүй байгаагаас хайгуулын ажлыг ингэж хойш тавьж буй хэрэг. Тиймээс бид Канадын Уул уурхайн ассоциацийн тогтвортой уул уурхайн хамгийн сайн бүх талын оролцоог хангасан TSM олон улсын стандартыг мөрдөж ажиллана.
Энэ салбарыг өргөтгөж, ирээдүй хойчдоо хаана нь, ямар ашигт малтмал байгаа судалгаа шинжилгээг хийж үлдээх ажил орхигдсон. Үүнийг улс орон бүр хийдэг, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний чухал асуудал. Уул уурхай өндөр хөгжсөн дэлхийн улс орнуудын дунджийг харахад хайгуулын тусгай зөвшөөрөл нь ашиглалтынхаасаа 5 дахин их байдаг. Харин манайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хайгуулынхаасаа 2 дахин их байна. Энэ бол гажуудал.
Өнөөдөр олборлолт явуулж, нийгэм, эдийн засгийг тэтгэж байгаа "Оюутолгой", "Тавантолгой", "Цагаан суварга" зэрэг Монголын томоохон орд газрууд 1990 оноос өмнө хийсэн хайгуул, судалгааны ажлын үр дүнд бий болсон. 1990 оноос хойш бид хангалттай сайн хайгуул, судалгаа хийж чадахгүй байгаа учир ирээдүйн нөөц улам багасаж байна. Хаанаа юу байгааг мэдэхгүйд хүрч байна гэсэн үг. Тэгэхээр эрэл, судалгааны ажлыг эрчимжүүлж, техник технологи нэвтрүүлж, хайгуулын судалгааны ажлыг хөнгөвчлөх шаардлагатай. "Оюутолгой”, “Тавантолгой"-н хэмжээний томоохон ордыг өнөөдөр олж, гэрээ хэлцэл хийж, уурхай болох хүртэл дунджаар 20 жил шаардагдана.
Тэгэхээр энэ нь улс орны ирээдүйн тогтвортой хөгжилтэй шууд холбоотой асуудал учир үүнийг яаралтай эхлэх ёстой.
Манай улсын нийт газар нутгийн хэдэн хувьд ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон бэ?
Бүх газар нутагтаа ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон мэт ташаа ойлголт олон нийтийн дунд байдаг. Тийм биш л дээ.
Монгол Улсад бүртгэлтэй ашиглалтын 1768, хайгуулын 973 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Ашиглалтын тусгай зөвшөөрөл нь нийт газар нутгийн 3.1%, хайгуулынх 1.3%-ийг эзэлж байна.
Монгол Улсын нийт газар нутгийн 80% нь улсын тусгай хамгаалалттай болон бусад хууль, тогтоомжоор нөөцөд бүртгэгдсэн, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байдаг. Үлдсэн 20%-д хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжтой ч дийлэнх нь ямар нэг илэрцгүй газар байдаг.
Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох зохицуулалтад салбарын зарим мэргэжилтэн шүүмжлэлтэй ханддаг. Цаашид тусгай зөвшөөрөл олгох зохицуулалтад өөрчлөлт оруулах шаардлага бий юу?
Мэдээж цаг үеийн шаардлага бий. Одоогийн байдлаар мөнгөтэй хэсэг нь, эсвэл гаднынхан тусгай зөвшөөрөл олноор авч хадгалдаг. Тусгай зөвшөөрлийг авахад үнэтэй атлаа хадгалахад маш хямдхан байна. Тэгэхээр бид уул уурхай хөгжсөн Америк, Канад, Австралийн тусгай зөвшөөрөл олгодог загвар руу шилжинэ. Олгоход хямд бөгөөд хялбар байх болно.
Гагцхүү хийсэн хайгуул, судалгааныхаа мэдээллийг олон нийтэд ил болгоно. Юу байгаагаа нуугаад, өөртөө хадгалаад байж болохгүй. Авсан талбайдаа өрөмдлөг судалгаа жил жилдээ хийнэ. Хийхгүй бол зөвшөөрлөө улсад буцааж өгнө. Жилээс жилд хайгуулын тусгай зөвшөөрлийн хураамж өсдөг зохицуулалтад шилжих төлөвлөлттэй байна. Ингэснээр тусгай зөвшөөрлийн наймаачид биш, хайгуул хийж, энэ салбарт ажиллах хүмүүс нь салбартаа үлдэнэ.
2026 оны улсын төсвийн төслийн хэлэлцүүлэг өрнөж байна. Салбарын хэмжээнд ирэх оны төсвийн төсөлд хэчнээн төгрөг тусгасан бэ? Төсвөөс санхүүжүүлэх томоохон төсөл, хөтөлбөр юу байх вэ?
Юуны түрүүнд эрэл, судалгааны ажлыг эрчимжүүлж, Монгол орны газрын хөрсөн дор юу байгааг мэдэх хэрэгтэй. Хаана нь ямар ашигт малтмал байна. Хаана нь хотоо барих, онцгой байдлын үед ямар эрсдэл учирч болохоор байна гэх мэт судалгаа, шинжилгээг хийх шаардлагатай. Судалгаа, мэдээлэл сайн улс орон хөрөнгө оруулалт илүү татдаг. Тэгэхээр ирэх оны төсөвт хайгуулын ажилд 40 тэрбум төгрөг тусгасан. Хэрэв салбар өөрийн орлогоор санхүүждэг эрх зүйн зохицуулалттай болбол хайгуулд 60-70 тэрбум төгрөг суулгах боломж байгаа юм.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Хугацаандаа ашиглалтад орж амжих уу, Монголын талын санхүүжилтийг тасалдуулахгүйн тулд ирэх оны төсөвт хэдий хэрийн хөрөнгө оруулалтыг тусгаж байна вэ?
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн дэд бүтэц, барилга байгууламжийн бүтээн байгуулалт графикийн дагуу эрчимтэй өрнөж байна. Манай Засгийн газраас хариуцах төсвийн санхүүжилтийг ирэх оны төсөвтөө суулгана. Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулснаар жилд 1.3 сая тонн бүтээгдэхүүн гарган авч дотоодын хэрэгцээний 55%-ийг хангах боломж бүрдэнэ.
Та сайд болсноос хойш уул уурхайн бүтээгдэхүүн тус бүрийн онцлогт тохирсон бодлого хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн.
Тийм ээ. Монгол Улсын эдийн засаг зөвхөн нүүрсний үнэ дээр тогтож байна. Нүүрсний үнэ унаж, экспорт зогсоход эдийн засаг эрс хямардаг нь маш эрсдэлтэй. Уул уурхайн салбарт эрдэс бүтээгдэхүүн тус бүрд тохирсон бодлого хэрэгжүүлэх ёстой. Алт, зэс, төмрийн хүдэр, жонш, төмрийг хэрхэн боловсруулах, эдийн засгийн эргэлтэд хэзээ оруулах гэх мэтээр тодорхой оновчтой бодлого гаргана. Энэ бол судалгаа, шинжилгээнд суурилсан цэвэр мэргэжлийн ажил байх болно.
Манай улс критикал минералын жагсаалтаа хэзээ батлах вэ? Энэ чиглэлээр эхний ээлжид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ямар төслүүд байна вэ?
Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтөөр яригдах гол асуудлын нэг нь энэ. Хуульдаа тодорхой тусгасны дараа зарлах болно. Дэлхийн улс орнууд критикал минерал буюу чухал ашигт малтмалууд гэж нэрлэдэг. Чухал буюу стратегийн орд газрууд гэдэг ойлголт улс орнуудад байдаггүй. Манай улсын хувьд нүүрс, төмрийн хүдэр, зэс чухал.
Энэ чиглэлд ямар бодлого баримтлах, улс орнуудтай хэрхэн хамтарч ажиллахаа хуульд тодорхой тусгах ёстой.
Газрын ховор элементийн хэд хэдэн орд нээгдсэн. Аль орд нь түрүүлж эргэлтэд орох боломжтой байна вэ?
Манай улс газрын ховор элементийн геологийн багагүй нөөцтэй. Газар доорх тэр нөөцийг орд болгон ашиглахын тулд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Өрөмдлөг хийж, нөөцөө тогтоох шаардлагатай. Дараа нь ТЭЗҮ-ийг хийнэ. ТЭЗҮ нь 7-8 шаттай, үүний дараа хөрөнгө оруулагчдад санал болгоно гэх мэтээр маш их зардалтай ажил болно. Ингэж байж баялаг болно. Ийм түвшинд хүрсэн газрын ховор элементийн тодорхой орд газар манайд олон биш.
Энэ чиглэлийн төслүүдийг салбарын яамнаас бодлогын түвшинд дэмжиж ажиллана.
"Алт-3" аяныг хэрэгжүүлэх явцад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэсэгчилсэн хориг тавилаа. Тэгэхээр үйл явц цаашид хэрхэн үргэлжлэх вэ?
"Алт-3" аяны нэг заалтад Ерөнхийлөгч хориг тавьсан. Аян цааш хэрэгжинэ. УИХ-ын намрын чуулган эхлэхэд Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ. Хэлэлцэхдээ тогтоолд тусгасан тусгай хамгаалалттай газар нутгийн координацыг өөрчлөх асуудлыг шийдэх байх.
Хориг тавьсан заалтын хүрээнд хоригийн асуудал шийдэгдсэний дараа "Алт-3" аяныг хэрэгжүүлнэ. Хэдийгээр энэ жилийн дулааны улиралд үйлдвэрлэл явуулж амжихгүй бол сон ч санхүүжилт, үйл ажиллагааных нь хувьд дэмжих бодлогын хүрээнд бэлтгэл хангана. Алт олборлолтыг дэмжих, хууль бус олборлолтыг шийдвэрлэх чиглэлээр ажиллана.