“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2025 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 06, 07 дугаар тогтоолоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ц.Одхүүг Төлөөлөн удирдах зөвлөлийн төрийн төлөөллийн гишүүнээр томилж, улмаар ТУЗ-ийн ээлжит хурлаар ТУЗ-ийн даргаар сонголоо.
Ц.Одхүү нь өмнө нь УУХҮЯ-ны Хяналт, шинжилгээ, дотоод аудитын газрын дарга, ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлага болон Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан. Мөн “Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн даргын албыг хашиж байсан туршлагатай, төрийн удирдлага болон компанийн засаглалын чиглэлээр мэргэшсэн удирдах ажилтан юм.
Харин 2022–2025 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажилласан Ш.Мөнхцэрэн нь төрийн өмчит компаниудын менежментийг удирдан зохицуулах чиг үүрэгтэй “Эрчист Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдож, мөн ТУЗ-ийн даргаар сонгогдоод байна.
Ш.Мөнхцэрэн нь “Эрдэнэс Монгол”-ын ТУЗ-ийг удирдах хугацаандаа төрийн өмчит уул уурхайн компаниудын өөрчлөлт шинэчлэлийг эрчимжүүлж, нэгдлийн засаглалын тогтолцоог шинэ шатанд гаргах, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, дунд хугацааны стратегийг тодорхойлох зэрэг бодлогын чанартай ажлуудыг хэрэгжүүлсэн байна.
Эх сурвалж: ЭРДЭНЭС МОНГОЛ ХХК