Т.Бямбанаран
Монгол Улсын хувьд уул уурхайн салбар улсын төсөв болон экспортын орлогод эзлэх байр суурь нь улам батжиж байна. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн тайланд дурдсанаар 2024 онд ашигт малтмалын нөөцийн салбар улсын төсвийн нийт орлогын 33 хувийг бүрдүүлжээ. Уг тоон үзүүлэлт 2018 онд 23 хувьтай байсан бол сүүлийн зургаан жилийн хугацаанд тогтвортой өсөж ирснийг харуулж байна. Улсын төсвийн нийт орлого 2018 онд 10.1 их наяд төгрөг байсан бол 2024 онд 31.4 их наяд төгрөгт хүрч, гурав дахин нэмэгдсэн нь уул уурхайн орлого эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч байсаар ирснийг тод харуулна.
Манай улсын экспортын бүтээгдэхүүний бүтцэд уул уурхай бүр ч давамгай байр суурь эзэлж буй. 2024 онд Монгол Улсын нийт экспортын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлсэн бөгөөд энэ үзүүлэлт 2020 оноос хойш 92–93 хувийн түвшинд хадгалагдаж байгаа нь уул уурхайн салбар экспортын орлогод хүчтэй хувь нэмэр оруулж буйг илтгэнэ. Экспортын орлого ч тогтвортой өсөж, 2018 онд 7 тэрбум ам.доллар байснаас 15.8 тэрбум ам.доллар болж, хоёр дахин нэмэгджээ.
Эдгээр тоон мэдээллээс харахад уул уурхай нь Монголын төсөв, гадаад худалдааны орлогын гол тулгуур хэвээр байна. Нэг талаас энэ нь улсын төсөвт баталгаат эх үүсвэр болж байгаа ч нөгөө талаас эдийн засаг нэг салбарт хэт төвлөрсөн эмзэг байдал үүсгэж байна.