О. Дөлгөөн
Хятад улс газрын ховор элементийн олборлолт, боловсруулалтад тавих хяналтаа улам чангатгаж, импортын түүхий эдийг ч квотын зохицуулалтад хамруулах шинэ журам нэвтрүүллээ. Мөн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын урсгалыг тогтмол тайлагнах үүргийг компаниудад оноосон байна.
Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны (MIIT) удирдлага дор ажилладаг байгууллагуудын баримт бичигт дурдсанаар, Хятадын квотын систем нь одооноос эхлэн зөвхөн дотоодын олборлолтод бус, гадаадаас боловсруулалтын зориулалтаар оруулж ирсэн ховор элементүүдэд ч хамаарах болжээ.
Хятад улс дэлхийн газрын ховор элементийн үйлдвэрлэлд тэргүүлэх байр суурь эзэлдэг. Эдгээр 17 элемент нь электроник, цахилгаан автомашин, салхин турбин зэрэг өндөр технологи болон ногоон эрчим хүчний олон салбарт зайлшгүй шаардлагатай юм. Мөн тус улс эдгээр ашигт малтмалын боловсруулалтын бараг бүх процессыг хянаж буй тул ховор элементийн хангамжийн сүлжээнд маргашгүй давамгайлагч хэмээн тооцогддог.
Шинэ журмын дагуу ховор элементтэй холбоотой үйлдвэрлэл эрхэлж буй бүх компаниуд импорт болон дотоодын түүхий эдийн урсгалын мэдээллийг сар бүрийн 10-ны дотор шинээр нэвтрүүлсэн төрийн мэдээллийн системд тайлагнах ёстой болжээ.
“Өмнөх квотын тогтолцоо зөвхөн дотоодын түүхий эдийг зохицуулдаг байсан бол шинэ журам нь импортын материалыг ч тодорхой зохицуулж эхэлж байна. Үүний үр дүнд Хятадын ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээнд тавих хяналтыг улам бэхжүүлж байна.” хэмээн Guojin Securities компанийн тэргүүлэх шинжээч Ли Чао онцоллоо.
Одоогоор албан ёсны үйлдвэрлэл болон экспортын квотын тоо баримт ил гараагүй байгаа ч, дүрэм зөрчсөн тохиолдолд торгууль ногдуулах, квотоос хасах зэрэг шийтгэлүүд хүлээлгэж болзошгүй аж.
Эх сурвалж: mining,com