2025 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вонтой албан уулзалт хийлээ.
Уулзалтаар талууд хоёр орны найрсаг харилцааг улам бэхжүүлэх, цаашид Монгол-Солонгосын аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдэв.
Сайд Г.Дамдинням уулзалтад хэлэхдээ хоёр улсын хамтын ажиллагаа амжилттай үргэлжилж байгааг онцлон тэмдэглэв. Түүний яриагаар ховор металлын судалгааны төвийн ажил 90 хувьтай урагшилж, Эрдэнэтийн уурхайг түшиглэн баригдах зэс хайлуулах үйлдвэрийн олон улсын тендерт Солонгосын компаниуд оролцох боломжтой болж байгааг дурдлаа. Мөн Дарханы төмрийн ордыг түшиглэн гангийн үйлдвэрийн ТЭЗҮ удахгүй эхлэх гэж байгааг танилцуулсан юм.
Элчин сайд Чой Жин Вон Монгол Улс олборлогчоос боловсруулагч орон болох зорилтыг дэмжиж, Солонгосын бизнесийн хүрээнд аж үйлдвэрийн төслүүдийг танилцуулахад бүх талаар хамтран ажиллахаа илэрхийллээ.
Уулзалт нь хоёр улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, уул уурхайн салбарын дэвшлийг түргэсгэхэд чухал алхам болж байна.
Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам