Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

ГҮНИЙ УУРХАЙ ДАХЬ "MATES HELPING MATES" ТОГТОЛЦООГ ХАНГАХ НЬ

О. Дөлгөөн

Уул уурхайн хөгжил зөвхөн газрын гүнд орших баялгийг олборлоход бус, харин ажилчдын сэтгэл зүй, сэтгэл ханамж, хувь хүний хөгжил рүү чиглэсэн "хүн төвтэй" шинэ цаг үе рүү шилжиж байна. Хэдий технологийн дэвшил, автоматжуулалт, өндөр хүчин чадалтай системүүд гүний уурхайд ажиллах нөхцөлийг тодорхой хэмжээнд хөнгөвчилж байгаа ч, хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт бол хүний оюун санаа, сэтгэл зүйг дэмжихэд чиглэсэн бодлого гэдгийг олон улсын туршлага харуулсаар байна.

Гүний уурхай нь хязгаарлагдмал орон зай, тасралтгүй дуу чимээ, тоосонцор, хүчилтөрөгчийн хуваарилалтын хувьд онцлогтой. Иймээс ажилчдын стресс нэмэгдэж, анхаарал төвлөрөлт сулрах, сэтгэл гутрал, ганцаардал зэрэг сэтгэл санааны дарамт ихсэж, ажлын бүтээмж, аюулгүй ажиллагаа буурах эрсдэл үүсдэг.

Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд технологийн дэвшил, автоматжуулалт, агааржуулалтын сайжруулах систем, аюулгүй байдлыг хянах ухаалаг төхөөрөмжүүд ажилчдын ачааллыг бууруулж, гүний уурхайн нөхцөлд дасан зохицоход нь дэмжлэг үзүүлж байна. Түүнчлэн сэтгэл зүйн дэмжлэг, зөвлөгөө, стрессийн менежментийн сургалт зэрэг нь ажилчдын сэтгэл зүйг хамгаалах чухал арга болжээ.

“MATES in Mining” ба уурхайн шинэ соёл

Сүүлийн арван жилийн хугацаанд дэлхийн тэргүүлэх уул уурхайн компаниуд сэтгэл зүйн эрүүл мэндийг ажилчдын бүтээмж, аюулгүй ажиллагаа, хүний нөөцийн тогтвортой байдлын үндэс хэмээн үзэж, энэ чиглэлд бодит хөрөнгө оруулалт хийж эхэлжээ. Энэхүү хандлага нь зөвхөн ажилтны сайн сайхны төлөө бус, байгууллагын гүйцэтгэлд шууд эерэг нөлөө үзүүлдэг болохыг олон баримт баталдаг.

Тухайлбал, Австралийн “BHP (Broken Hill Proprietary)” компанийн “Employee Mental Health and Safety Program” нь онлайн платформ, тасралтгүй сургалт, мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө зэрэг цогц үйлчилгээг нэгтгэсэн байдаг. Уг хөтөлбөрийн үр дүнд ослын тоо 18%-иар буурч, ажилчдын сэтгэл ханамж 25%-иар нэмэгдсэн нь ажлын аюулгүй байдал, бүтээмжид эерэг өөрчлөлт авчирсныг баталсан. Энэхүү хөтөлбөр нь ажилчдын стрессийг илрүүлэх, түүнийг зохистойгоор удирдах ур чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн бөгөөд онлайн сургалтын ачаар алслагдсан уурхайн бүсүүдэд ч сэтгэл зүйн тусламж үзүүлэх боломжтой болсон нь олон тооны ажилчдыг хамарсан амжилтын гол хүчин зүйл болжээ.

Рио Тинто компани Австрали, Канад дахь уурхайнууддаа “MATES in Mining” нэртэй сэтгэл зүйн дэмжлэгийн хөтөлбөрийг амжилттай нэвтрүүлсэн нь уул уурхайн орчинд хүний сэтгэл зүйг хамгаалах олон улсын туршлагын нэгэн тод жишээ болж байна. “MATES in Mining” нь анх Австралид хэрэгжиж эхэлсэн бөгөөд “mates helping mates” буюу “найз нөхөд найз нөхдөдөө тусална” гэсэн зарчим дээр үндэслэсэн хамт олны дунд суурилсан тогтолцоо юм. Уг хөтөлбөрт тусгайлан бэлтгэгдсэн ажилтнууд буюу “Peer Supporters” багийн гишүүдийнхээ сэтгэл зүйн өөрчлөлтийг анзаарч, эрт илрүүлж, шаардлагатай үед мэргэжлийн сэтгэл зүйч рүү холбодог анхан шатны дэмжлэг үзүүлэгч үүрэгтэй ажилладаг аж. Уг хөтөлбөрийн үр дүнд сэтгэл гутралын эрт илрүүлэлт 40%-иар нэмэгдэж, багийн уур амьсгал 30%-иар сайжирч ажилчдын дунд сэтгэл зүйн асуудлаа нуух бус хуваалцах орчин бүрджээ.

Ийнхүү “MATES in Mining” нь уул уурхайн салбарт сэтгэл зүйн урьдчилан сэргийлэлт, хамтын дэмжлэгийн цогц систем бий болгож чадсан цөөн туршлагын нэг болж, BHP, Glencore зэрэг олон улсын уул уурхайн компаниудад ч амжилттай хэрэгжиж, өргөжиж буй.

Харин Монголын уул уурхайн салбарт ажилчдын сэтгэл зүйг дэмжих бодит жишээ ч цөөнгүй бий. Тухайлбал, “Оюу толгой” компанид хэрэгжүүлж буй “Ажилтанд туслах хөтөлбөр” нь ажилтнуудад болон тэдний гэр бүлд сэтгэл зүйн асуудлыг даван туулахад зориулсан 24/7 үйлчилгээтэй, мэргэжлийн, өндөр нууцлалтай систем аж. Уг хөтөлбөрөөр дамжуулан ажилтнууд стресстэй үедээ мэргэжлийн зөвлөгөө авах, ганцаардал, гэр бүлийн бэрхшээл зэрэг хувийн асуудлуудад дэмжлэг авах боломжтой байдаг. Энэ нь зөвхөн хувь хүнийг бус, уурхайн бүтээмж, аюулгүй ажиллагааны соёлд эерэг нөлөө үзүүлж буй нь онцлох ач холбогдолтой.

Түүнчлэн “Оюу толгой” компанийн хэрэгжүүлж буй өөр нэг онцлох санаачилга бол уурхайн талбарт ажиллаж буй мэргэжлийн сэтгэл засалчийн дэмжлэгийн үйлчилгээ юм. Уг хөтөлбөр нь сэтгэлзүйн эрсдэл, хямралыг эрт илрүүлж, нүүр тулсан зөвлөгөө болон богино хугацааны сэтгэл заслын дэмжлэгийг газар дээр нь үзүүлдгээрээ онцлог аж. Ажилтнууд өөрийн хүсэлтээр бүртгүүлэн уулзалт хийх боломжтой бөгөөд харилцааны бэрхшээл, гэр бүлийн асуудал, сэтгэл гутрал, ганцаардал зэрэг сорилтын үед шуурхай, нууцлалтай тусламж авах боломж бүрддэг байна.

Ажилчдын сэтгэл зүйг дэмжих механизм нь зөвхөн тухайн хүнийг бус, нийт уурхайн үйл ажиллагааг тогтвортой авч явах суурь хүчин зүйл гэдгийг үгүйсгэх аргагүй. Хүний сэтгэл зүй, дасан зохицол нь гүний уурхайн аюулгүй ажиллагаа, бүтээмжийн гол тулгуур болохын зэрэгцээ тухайн хүний өдөр тутмын амьдрал, гэр бүл, нийгмийн харилцаатай салшгүй уялдаатай гэдгийг ойлгох нь чухал. Гүний уурхайд ажиллаж буй мянга мянган ажилтны аюулгүй байдал, бүтээмжийг сайжруулахын зэрэгцээ тэдний сэтгэл зүйн тэнцвэр, амьдралын чанарыг хамгаалах нь уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийн салшгүй хэсэг юм.