Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар болон Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт нар 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдөр “Эрдэнэс Монгол” нэгдэл болон түүний охин компаниудын удирдлагуудтай уулзаж, өмнө нь Ерөнхий сайдын зүгээс өгсөн хугацаатай үүрэг, даалгаврын хэрэгжилттэй танилцав.
Уулзалтын үеэр “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт тус нэгдлийн шинэчлэл, өнөөгийн байдал, цаашдын төлөвлөгөө, мөн орлого нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, зардал бууруулах арга хэмжээнүүдийн талаар танилцуулга хийв.
Нэгдэл нь борлуулалтын орлогоо нэмэгдүүлэх, зардлыг бууруулах, зарим хөрөнгө оруулалтыг тодорхой хугацаагаар хойшлуулах арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж, Монгол Улсын нэгдсэн төсөвт нийт 4.6 их наяд төгрөгийн бодит хувь нэмэр оруулахаар зорьж байна. Мөн ажил үүргийн давхардлыг арилгаж, бүтэц, орон тоонд зохицуулалт хийж, захиргааны ажилтнуудын тоог цөөлөхөөр ажиллаж байна.
Үүнээс гадна “Эрдэнэт үйлдвэр” 208 тэрбум, бусад охин компаниуд нийлээд 95 тэрбум төгрөгөөр борлуулалтын төлөвлөгөөг давуулан биелүүлэх зорилт тавьсан бол “Шивээ-Овоо”, “Багануур” зэрэг компанийн борлуулалт нийт 32 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна. Харин “Эрдэнэс Тавантолгой” 199 тэрбум, “Эрдэнэт үйлдвэр” 320 тэрбум, бусад компаниуд нийлээд 36 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хойшлуулаад байна. Мөн “Эрдэнэс Тавантолгой” үйл ажиллагааны зардлаа 1.3 их наяд, бусад компаниуд нийлээд 45 тэрбум төгрөгөөр хэмнэх тооцоолол гаргажээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Монгол” нэгдэл ирэх жилд экспортын хэмжээг нэмэгдүүлж, улсын төсөвт төвлөрүүлэх татвар, шимтгэл, хураамжийг өсгөх, улмаар Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлоод, боловсруулах үйлдвэр болон худалдан авалтын төлөвлөлтийг нэгдсэн байдлаар удирдах нь зүйтэй гэж үзлээ.
Эх сурвалж: Erdenes Mongol